МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва намаасаа гарах гэж байна гэсэн сэм яриа дэгдсэн. Олны яриа ортой байдаг гэдэгчлэн үнэхээр ч тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд намын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан олон нийтэд ил болсон. Энэхүү захидалдаа тэрээр:
“Миний бие 2012 оноос эхлэн МАХН-ын дэд даргын алба хашиж ирлээ. Энэ хугацаанд намын эв нэгдлийг хангахын төлөө ажиллаж ирсэн. Хүнд цаг үе нэгэнт ард хоцорсон тул өнөөдөр нам хоёр дэд даргатай байх шаардлагагүй” гэж даруухнаар тайлбарлаад өмнө нь мөн албан тушаалаа өгөх хүсэлтээ хэд хэдэн удаа гаргаж байснаа дурдсан байсан.
МАХН, МАН-ыг салан тусгаарлах үедээ Н.Энхбаярын түшиг тулгуур болж байсан түүнийг намын даргаасаа ийн татгалзах болсон нь мэдээж олон таамаг дэгдээж байсан ч эдүгээ МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын ярианаас асуултын хариу тайлагдаж байна.
Авлигын хэргээр баривчлагдсан Г.Шийлэгдамба “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо уртаар санаа алдан байж намын санхүүжилтыг бүрдүүлэх хэмээх дарамтад ордгоо ярьсан. Тэрээр “Намын санхүүжилт бүрдүүлэх ажлаа хийж чадахгүй бол ажлаа хүлээлгэж өг” гэж загнаж ч зөвлөж ч хэлж байсан” гээд
-Энэ үгийг ганцхан надад ч хэлж байгаагүй. Өмнөх дарга нар, Тэрбишдагва ч ийм дарамтанд байсан. Зарим нэг нь “Би хүний өмнөөс шоронд орж чадахгүй” гэж хэлж байсан нь би хэмээн айдастайгаар ярьсан юм.
Г.Шийлэгдамба өөрийг нь баривчлагдсан арваннэгдүгээр сарын 04-ны өдөр намын дарга Н.Энхбаяртай уулзахдаа 50 мянган ам.долларыг өгсөн. Цаана нь мөн 120 мянган ам.доллар байсан боловч өгч амжаагүй байсан гэж ярьж байсан. Магадгүй “өгч амжаагүй” энэ 120 мянган ам.доллараас болж авлига авч байгаад баригдсан гэсэн гаргалгааг үзэгч, уншигчид хэдийнэ хийсэн биз. Үүнийхээ “хариу”-д МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоод Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалаасаа сайн дураараа гарын үсэг зуран чөлөөлөгдөх “бэлэг”-ийг баривчлагдсан өдрийнхөө маргааш өдгөөгийн Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатараас гардан авснаа ярьсан билээ.
Тэгэхээр Б.Тэрбишдагвын яагаад намын дэд даргын тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх захидал бичсэнийг ч ойлгоход төвөггүй мэт. Магадгүй дэд даргын суудлаасаа татгалзахаас гадна нь намаасаа гарах ч алхам хийхийг үгүйсгэх аргагүй юм.
А.Ану
Г.Шийлэгдамбын захиа-нягтлангийн баривчилгаа??? мэдээг эндээс уншина уу
Сэтгэгдэл байхгүй байна