"Эрдэнэс Тавантолгой"-н гэж нэрлэгдсэн 1072 хувьцааг 850 мянган төгрөгөөр худалдаж авч байна гэсэн мэдээлэл иргэдийн дунд тархаж, хувьцаагаа зарах хүмүүс цуглараад байна гэсний дагуу бид энэ талаар сурвалжиллаа.
Үнэхээр ч олны нэршиж заншсанаар Найман шарга валютын арилжааны газар очтол Хаан банктай байрны 4 давхарт иргэд урт дараалал үүсгэсэн байлаа. Яг ямар хувьцааг яаж бүртгэж байгаа, мөнгө өгнө гэсэн эсэх талаар асуухад тэнд цугларсан хүмүүс ч тодорхой мэдээлэлгүй.
Харин ч дараалал үүсгэсэн иргэд дараалалаа алдчих вий гэсэн янзтай, хоорондоо маргалдах. Ямартаа ч хувьцаагаа бүртгүүлэх гэсэн иргэдээс 5000 төгрөгний хураамж авч бүртгэж байгаа л гэлцэж байв.
Удалгүй бүртгэл хийж байгаа гэх хүмүүс “Өнөөдөртөө ингээд ажил зогсож байна” хэмээхэл иргэд бухимдаж “4-5 цаг хоол ундгүй зогсож байна. Энд байгаа хүмүүсээ бүртгэж дуусга” хэмээн шаардаж эхлэв.
Бүртгэл хийж байгаа хүмүүс нь “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын ажилтнууд гэж өөрсдийгөө танилцуулсан.
Эргэн сануулахад: УИХ-ын 2008 оны сонгуулиар иргэн бүрт “Эх орны хишиг" хэмээн 1.5 сая төгрөг өгнө гэж амласан нь одоо ч маргаан дэгдээсээр байгаа. Үүнийг эрх баригчид 500 мянган төгрөгийг иргэн бүрт cap бүр 21 мянган төгрөгөөр олгосон.
Харин үлдсэн нэг сая төгрөгт нь “Эрдэнэс тавантолгой” компанийн 1,072 ширхэг хувьцааг өгсөн гэж буй. Гэвч нөгөө талаас хувьцаа гэдэг Хөрөнгийн биржээр арилжаалагдаж, тодорхой эргэлтэд орсноор баталгаажих ёстой гэдэг. Гэтэл төрийн бус байгууллага ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэл хийж байгаа нь гайхаш төрүүлэм байгаа юм.
Ингээд “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Э.Алтаншагайгаас энэ талаар тодрууллаа.
-Танайхаас иргэдэд мөнгө тарааж байна гэсэн мэдээлэл байсан. Ямар учиртай бүртгэл явуулаад байгаа юм бэ?
-Энэ бол ташаа мэдээлэл. Бид 1072 ширхэг хувьцаагаа захиран зарцуулахыг хүссэн иргэдийн өргөдлийг Засгийн газар руу шилжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа болохоос иргэдэд мөнгө тараагаагүй гэдгийг хэлмээр байна.
-Өргөдлийг Засгийн газар руу шилжүүлж байгаа гэдэг нь ямар учиртай юм бэ, хэзээнээс ийм ажил хийж байгаа юм бэ?
-Иргэд манай байгууллагад хандаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалахыг хүсч, өргөдөл өгч эхлээд гурван cap болж байна.
2011 оноос хойш “Эх орны хишиг иргэн бүрт” уриатай УИХ, Засгийн газрын тогтоолууд гарч “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн нийт хувьцаанаас 20 хүртэлх хувийг буюу 1072 ширхэгийг иргэдэд эзэмшүүлсэн. Тухайн үед энэ хувьцааг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй болон 2010-2012 онд оюутан байсан иргэдэд хувьцааных нь оронд нэг сая төгрөгийг төрөөс өгсөн. Үлдсэн иргэд хувьцаагаа авч чадаагүй байна. 2.5 сая орчим иргэний 1072 ширхэг хувьцааг эрх баригчид улс төрийн зорилгоор ашиглаж байгааг таван жил иргэд харсан. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрхийг зөрчсөн энэ үйлдлийг шийдэж өгөхийг иргэд хүсч байгаа юм. Тиймээс иргэд 1072 ширхэг хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах эрх болон хувьцаагаа захиран зарцуулах эрхийг олгоно уу гэсэн өргөдлийг өгч байна. Бид өргөдлийг цуглуулж, төрийн эрх барих дээд байгууллагуудад нь шилжүүлж байгаа.
-Хувьцааг арилжаалах болон худалдах талаар Засгийн газраас ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа биз дээ?
-Засгийн газар энэ хувьцааг арилжаалах эрхийг хаасан. Тэгэхээр нээх эрх нь бас тэдэнд бий гэсэн үг.
Өмнөх Засгийн газар 2013 онд иргэн бүрт ногдох 1072 ширхэг хувьцааны эрхийг нээнэ гэсэн. Гэтэл одоо хүртэл иргэд хувьцаа эзэмшсэн гэсэн бүртгэлтэй л өдийг хүрлээ. Уг нь Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу иргэн өөрийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй. Гэтэл тэр эрхийг нь нээгээгүй, ногдол ашиг ч өгөөгүй.
-Тэгвэл танайх хувьцаатай холбоотой ямар нэгэн асуудал шийдэх эрх бүхий байгууллага биш. Гэтэл энд өргөдөл хүлээж авч байгаа нь сонгуулийн шоу байж магадгүй гэсэн иргэдийн хардлага байна. Сонгуультай хамаатай юу?
-Бид өнгөрсөн 2015 оны арваннэгдүгээр сараас эхэлж энэ ажлыг хийж байна. Энэ удаагийнх дөнгөж эхэлж байгаа хэрэг биш. Сонгуультай холбоотой юу гэвэл тийм биш ээ. Өмнө нь өргөдлийг цуглуулж, төрийн эрх барих дээд байгууллагуудад нь шилжүүлсэн.
-Өмнө нь мөн Засгийн газар руу өргөдлийг шилжүүлсэн гэлээ. Өргөдлийн хариу ирсэн үү?
-УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Тавантолгой” гээд таван байгууллагад өөрийн овог нэр, нас хүйсээ бичээд “Би эх орны хишгийн нэг сая төгрөгийн үнийн дүнд дүйцэхүйц Эрдэнэс Тавантолгойн хувьцаат компанийн 1072 ширхэг хувьцаагаа захиран зарцуулахыг хүсч өргөдөл гаргаж байна” гэсэн зүйлийг иргэд хүсч ийн өргөдлийг нь цуглуулж байна.
Эхний 1008 иргэний өргөдлийг 2016 оны гуравдугаар сарын 9-ны өдрийн 75 тоот албан тоот бичгийн хамт хавсаргаж Засгийн газар руу явуулсан. Өргөдөл өгсөн дараа буюу гуравдугаар сарын 16-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Асуудлыг судлан үзэж 2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ үү” гэсэн хариу ирүүлсэн. Дөрөвдүгээр сарын 15 гэдэг нь энэ баасан гариг. Тэгэхээр ирэх долоо хоногт юу болох, ямар мэдэгдэл гарахыг хүлээж байна гэв
Мөн тэрээр “Эх орны хишиг буюу зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг олгох санал санаачлагыг одоогийн эрх барьж байгаа хүмүүсийн ажил гэдгийг иргэд мэдэж байгаа” гэж тайлбарлав.
Ямартаа ч ийн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны өргөдлийг хүлээж авч байна гэсэн бужигнаан үүсчээ. Энэ талаар бид албаны эх сурвалжаас дахин тодруулан мэдээлэх болно.
Ч.Гэрэлтуяа
1072 ширхэг хувьцааг худалдах, шилжүүлэхгүй болохыг анхаарууллаа
Сэтгэгдэл байхгүй байна