Тариаланчид өнгөрсөн намар ургац алдсанаас болж энэ хавар тарих үрийн буудайгүй болсон. Иймээс Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 8000 тонн үрийн буудайг ОХУ-аас оруулж ирэх эрхийг “Милл хаус”, “Хангайн гурил”, “Нямбайгаль Даваа” гэсэн гурван аж ахуйн нэгжид олгосон юм.
Гэвч явцын дунд “Хангайн гурил” компани импортын буудайг оруулж ирж чадахгүй болсноо мэдэгджээ. Иймээс тус компанийн тариаланчдад нийлүүлэх байсан 4000 тонн үрийн буудайг Улсын нөөцийн сангаас гаргахаар тооцжээ.
ОБЕГ-ын харьяа улсын нөөцийн сангийн агуулахад дотоодын 5000 тонн үрийн буудай хураалттай буй юм. Тариалан эрхлэлтийг дэмжих сантай хийсэн гэрээний хүрээнд эхний ээлжид “Нямбайгаль Даваа” компани 2000 тонн буудайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр вагоноор ОХУ-аас оруулж ирэн, ТЭДС-ийн Хөтөл дэх салбарт буулгажээ. Гэтэл тус компанийн оруулж ирсэн үрийн буудай чанарын шаардлага хангана, хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын хоёр байцаагчийн дүгнэлт гарч эргэлзээ бий болгоод
Дээрх асуудлаар МХЕГ-аас импортын үрийн буудайн шинжилгээ тойрсон маргаантай асуудлаар хэвлэлийн бага хурал хийв.
Энэ талаар МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Хуулиараа Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар /МХГ/ өөрийн харьяаллын дагуу Хөтөл дэх ТЭДС-ийн агуулахаас гэрчийн хамтаар импортын буудайнаас дээж авч, шинжлэх ёстой.
Гэвч Сэлэнгэ аймгийн МХГ-ын н.Цэрэндулам, н.Бямбадорж гэсэн хоёр байцаагч буудай ачсан вагоноос албан тушаалаа урвуулан ашиглаж, зөвшөөрөлгүй дээж авч, чанаргүй гэсэн дүгнэлтийг бичсэн” хэмээв.
Хуулийн дагуу Дархан-Уул аймгийн МХГ-аас нийт 29 вагонд ачигдсан буудайны 21 вагонаас нь дээжийг дөрвөн ч удаа авч, МХЕГ-ын төв лабораторид шинжлэхэд “Алтайская жница” сортын үрийн буудай нь хог хаягдал багатай, цавуулаг ихтэй, чанартай гэсэн дүгнэлт гарсан байна.
“Нямбайгаль Даваа” компанийн оруулж ирсэн үрийн буудайн чанарт эргэлзсэн зарим иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Иймээс ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 3-ны өдөр мэргэжлийн хяналтын байцаагч, ТЭДС, “Нямбайгаль Даваа” компанийн төлөөллүүдийг байлцуулж импортын буудайг дахин шинжлэхээр дээж авсан байна.
Улмаар цагдаагийнхан өөрсдийн биеэр МХЕГ-ын төв лабораторид хүргэнэ гэж аваад одоог хүртэл МХЕГ-т авчирч өгөөгүй аж. Хуулиараа чанарыг нь шалгах гэж буй бүтээгдэхүүний дээжийг МХЕГ-ын төв лабораторид гурван хоногийн дотор авчирч өгөх үүрэгтэй.
Хэвлэлийн бага хурлын үеэр “Нямбайгаль Даваа” компанийн удирдах албан тушаалтан болох Ц.Зундуйг гэгчийг МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хамаатан байх магадлалтай хэмээн Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны УЗ-ийн гишүүн Б.Эрдэнэтбат хэлсэн юм. Харин МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Импортын буудайг оруулж ирж буй компанитай ямар нэг холбоогүй. Шалгадаг газар нь шалгуулж болно. Хүн гүтгэх хуультай байдаг юм шүү” гэсэн юм.
“Газар тариалан” холбооны УЗ-ийн гишүүн Б.Эрдэнэтбат “Дархан-Уул аймгийн МХГ-ын улсын байцаагч П.Болормаагийн “Алтайская жница” сортын үрийн буудайн чанарыг тодорхойлсон дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ОХУ-аас орж ирж буй “Алтайская жница” сортын буудайг Монголд нутагшаагүй, хаягдал ихтэй гэж үзжээ. Хэрэв ийм буудай тарьвал ирэх намар тариаланчид дахин ургац алдана” гэв.
Мөн тэрээр “Хамгийн ноцтой зүйл нь гомдол гаргагч талууд нь тариаланчид байна. тариаланчид өөрсдөө будаагаа тарина, өөрсдөө эрсдэлээ үүрнэ. Намар үрсэлсэн будаагаараа ургаацаа авна. Гэтэл муу будаа байна, өвчтэй будаа байна, хогтэй байна гэж гомдол гаргаад байхад тариалангийн төлөөллийн нэгийг нь ч оруулахгүй 4 удаа шинжилгээ авч байгаа юм.
Биднийг байлцуулаад шинжилгээг авчих гэж хэлээд байгаа буюу дээж авах ажилд оролцохгүй хөндлөнгийн гэрчээр оролцоъё гэхэд эд бүхэн өөрсдөө шөнө өдөргүй чичэрч явсаар байгаад дээж аваад, дээжнийхээ хариуг дахин гаргасаар байгаа одоо Ц.Болормаа байцаагчийнхаа дүгнэлтийг зөв гэж байна. Гайхаад байна л даа.
Хоёр байцаагч хоёулаа дүгнэлт гаргаад байхад заавал Ц.Болормаа байцаагчийн зөв гэж зүтгээд байгаа юм. Ц.Болормаа байцаагчийн зөв байж болно. Тийм бол хөндлөгийн гэрчээр байлцаж байгаад будааныхаа дээжийг аваад шинжлүүлэх ёстой. Хугацаа нь тулгаж авхаас өөр аргагүй болгож одоо бүр тарааж байгаа. Ийн өөр аргагүй болгочихоод тариаланчдыг гадаа нь 10-20 хоног хүчээр оочирлуулж, бухимдуулж байж тараадаг ийм том сүлжээ байна” хэмээлээ.
Сэтгэгдэл байхгүй байна