Монгол Улсын Засгийн газар малчдад 2015 оны ноосны урамшууллыг олгохгүй байна. Малчдын мөнгийг АСЕМ, сонгуульд зарцуулахыг эсэргүүцэж буйгаа Өмнөговь аймгийн Манлай сумын “Манлай шүтээн” хоршооны төлөөлөгчид илэрхийллээ.
Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолд “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журам байдаг.
Манлай шүтээн хоршооны дарга Х.Сугар “Журмаараа бол малчдын тухайн жилдээ бэлдэж, үндэсний үйлдвэрлэлдээ тушаасан хонь, тэмээний ноос тухай жилийн арванхоёрдугаар сард урамшууллыг нь олгох ёстой. Гэтэл 2015 онд малчдын үндэсний үйлдвэрлэлд тушаасан хонь, тэмээний ноосны урамшууллыг одоог хүртэл олгоогүй. АСЕМ, сонгуульд улсын төсвөөс мөнгө хувиарлан зарцуулж байгаа нь малчдад өгөх ёстой ноосны урамшууллын мөнгийг АСЕМ-ын бэлтгэл ажил, сонгуульд зарцуулаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна” гэв.
Тэрээр хоршооны гишүүдийнхээ хүсэлтээр Хөдөө аж ахуйн Мал хамгаалах сангийнхантай гурван удаа ирж уулзахад яамныхан “Ойрын үед олгоно. Сангийн яам зөвшөөрөл өгөөгүй байна” гэдгээс өөр хариу өгөөгүй гэдгийг тэрээр хэлсэн юм.
Иймээс малчдын ноосны урамшууллын мөнгийг яаралтай шийдвэрлэж өгнө үү хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарт албан шаардлагыг хүргүүлж байгаа аж.
Хэрэв энэ сардаа багтааж энэ асуудлыг шийдэж, хариу өгөхгүй болирэх зургаадугаар сарын 1-нээс тэмцэлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Ингээд малчдын тавьсан шаардлагыг танилцуулъя.
Сэтгэгдэл байхгүй байна