Б.Баатарцогт:Мэдээ мэдээлэл иргэдэд нээлттэй

2016.10.14

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.


 

 

                                Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт

-Засгийн газрын тэргүүн гадны хөрөнгө оруулагчидтай бүхий л талаар, ялангуяа уул уурхайн салбарт  хамтран ажиллахаа илэрхийлсэн. Энэ дагуу танай агентлагаас ямар ажлууд хийж байна?


-2014 онд баталсан Монгол Улс   эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт 2025 он хүртэлх салбарын бодлого,  хөгжлийн загвар, чиг хандлага болон тавьсан зорилтоо ямар үе шаттайгаар  хэрэгжүүлэх талаар нарийвчлан тусгасан. Мөн хувийн хэвшил, төрийн байгууллага гэж ялгаварлаж үзэхгүй байх, тэр тусмаа геологи хайгуул,  ашигт малтмал, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулагчдыг ялгаварлахгүй байхаар  эрх зүйн орчин хуульчилсан.


-Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болсон нь шүүмжлэл дагуулсан тул зогсоосон. Энэ  ажил цааш  үргэлжлэх үү? Тусгай зөвшөөрлийг хэрхэн олгох вэ?


- 2014 онд хууль өөрчлөгдсөнөөр цахимаар олгосон дугаарын дарааллын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээж авдаг байсан.  Энэ  үйлчилгээтэй холбоотой гомдол гарсан тул  тодорхой бус хугацаагаар зогсоосон. Ойрын үед  дээрх асуудлыг салбарын яамтай  ярилцаж шийдвэрлэнэ.  
Ер нь бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг төрөөс тогтоож, нийтэд ил тодоор  зарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн  аж ахуйн нэгж болон иргэд хүссэн мэдээллээ  тэгш эрхтэйгээр нэгэн зэрэг  авч, тусгай зөвшөөрлийн өргөдлийг  хэзээ, хэдэн цагт  авах тухай гэх мэт мэдээлэл иргэдэд  нээлттэй болсон. 


-Гадаадын болон  дотоодын аж ахуйн нэгжийг ялгаврлахгүй байх тухайд дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?

 
-Зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгж байна гэсэн шаардлагыг тавьж байгаа. Харин сонгон шалгаруулалт дээр арай өөр зарчмыг баримталдаг. Сонгон шалгаруулалтыг дээр дурдсанчлан Засгийн газраас тогтоосон тодорхой талбайд  олон  нийтэд нээлттэй зарлана.


Өмнө нь сонгон шалгаруулалтад  оролцох компаниудын хүсэлтийг комисс  хүлээж аваад сонгон шалгаруулалт хийдэг байв.  Үүнд зарчмын томоохон өөрчлөлт орсон. Сонгон шалгаруулалтын оноог 100 хувь гэж үзвэл 50 хувьд нь хамгийн өндөр үнийн санал өгсөн компанид, үлдсэн 50 хувьд  нь тухайн компаний техник хэрэгсэл, материаллаг бааз,  боловсон хүчин болоод  хөрөнгө оруулалт, санхүүгийн  чадавхи, мэргэжлийн компани мөн бишийг нь харгалзаж үзээд  50 хүртлэх  оноо өгөх жишгээр явж байна. Ашигт малтмалын баялаг бүхий  дэлхийн улс орнууд ийм жишгээр явдаг. Сонгон шалгаруулалт  өнөөдөр ч явагдаж байгаа. Одоогийн байдлаар 50 орчим хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоод байна. Сонгон шалгаруулалтыг цаашид үргэлжлүүлэн явуулна.


-Танай агентлагийн зүгээс Геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг боловсронгуй болгон олон улсын жишигт нийцсэн дата мэдээллийн сан бий болгох тухай ярьж байна.Чингэснээр уул уурхайн аливаа мэдээлэл хүссэн хүн бүхэнд  нээлттэй болж, хэн дуртай нь  мэдээллийн сан руу нэвтэрч болно гэсэн үг үү? 


-Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын төрийн нууцын тухай хуулийн хүрээнд геологийн зарим төрлийн мэдээлэл  улсын нууцлалын зэрэгт хамаардаг. Нууцлалын зэрэгт хамаарагдсан л бол мэдээлэл нээлттэй байх боломжгүй. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн  судалгааны ажлын мэдээллүүд нийтэд нээлттэй  хэвээр байгаа. Сонирхсон  иргэд Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд байгаа геологийн фонд буюу мэдээллийн сангаас анхдагч тайланг авч үзэх эрхтэй. Нэгэнт хуулиар зөвшөөрсөн нээлттэй мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх, шаардлагатай бол олон улсад нээлттэйгээр англи болон бусад хэл дээр орчуулах,  хэвлүүлэх зайлшгүй  шаардлагатай болсон. Энэ нь Монголын геологийн салбарын хөгжлийн түвшинг олон улсад гаргаж тавих давуу талтайгаас гадна гадаадын том хөрөнгө оруулагчдад  энэ улс геологийн нөөцийн  хувьд сонирхол татахуйц орон мөн үү, биш үү гэдэгт хариулт болох юм.


Хөрөнгө оруулагчид  геологийн мэдээлэл нь хэр үнэмшилтэй,  ил тод байна, хэтийн төлөв нь ямар юм гэдгийг нь харж, судалж байж  Монголд  хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. Энэ бүх зарчимд нийцүүлэн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.  

Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд эрдэс, баялгийн мэдээлэл технологийн төвийг байгуулж байна. Төвийн үйл ажиллагаа орчин үеийн дэвшилтэд технологийг  нэвтрүүлсэн, нийтэд нээлттэй мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэйгээр  боловсруулдаг ийм нэгж байх ёстой. 


-Эрдэс, баялгийн мэдээллийн сангийн үндсэн мэдээлэл нь өнгөрсөн  ХХ  зууны дундуур, улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын үр дүн байдаг. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр хайгуул болон нөөцийг шинэчлэн тогтоох ажлыг хийж байгаа.  Ийм тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн тогтоосон нөөцийг ил тодоор зарлах, мэдээллийн санд  байршуулах ёстой юу?    


-Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийнхөө лиценз бүхий  талбайд хайгуул хийх, нөөцөө  тогтоох нь нэгэнт  хуулиар хамгаалагдсан байдаг.  Тэр утгаараа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээллийг нийтэд нээлттэйгээр цацах нь эрх зүйн хувьд  байж боломгүй зүйл. Нөгөөтэйгүүр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа, дотоодын болоод олон улсын  хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд хөрөнгийн биржийн журмын дагуу хайгуулын ажилд  зарцуулсан хөрөнгө, тогтоосон нөөцөө нийтэд ил  тодоор мэдээлэх ёстой.  Хувийн компаниуд  мэдээллээ ил тод байлгах эсэх нь тэдний  асуудал.  Хууль, эрх зүй орчны хувьд  ч мэдээллийг ил тод байлгах жишгийг баримтлахын зэрэгцээ тухайн аж ахуйн нэгжийн өөрсдийн мэдээллийг төрөөс өөрсдийнх нь зөвшөөрөлгүй зарлахгүй байх жишгийг баримтална.  


-Стратегийн орд газрыг  нарийвчлан тогтоох тухай асуудал анхаарал татдаг.  Энэ ажил ямар төвшинд яваа вэ? 


-Стратегийн ордуудын хил хязгаарыг нарийвчлан  тогтоох ажлыг  эцэслэж чадаагүй байна. Оюутолгой, Тавантолгой ордуудын нөөц  тодорхой хэмжээгээр  лицензтэй талбай дотроо бүртгэгдсэн байгаа. Яг энэ хэсэг нь стратегийн орд,  үүнээс гаднах нь  стратегид хамаарахгүй шүү гэж эцэслэн тогтоож  чадаагүй. Нэг талаас техникийн хувьд асуудалтайн дээр хууль, эрх зүйн орчныг нь тодруулах шаардлага  гарсан.  Өнөөдрийн байдлаар, стратегид  хамааруулсан ордуудын  нөөц баялгийг тухайн  лицензтэй талбай дээр  тогтоогоод цэвэр стратегийн ордод хамааруулчихсан явж байх жишээ бий. 


-Ази болоод Европийн хөрөнгө оруулагчдын  баримталж буй зарчим нь өөр өөр байдаг. Гадны хөрөнгө оруулагчдад өнөөдрийн нөхцөл байдалд ямар зөвлөгөөг өгөх нь  хамгийн том тус вэ?


-Эрдэс баялгийн салбар Монголын эдийн засагт тэргүүлэх ач холбогдолтой. Тийм  учраас УИХ, Засгийн газраас энэ салбарын эрх зүйн орчныг тогтвортой, ойлгомжтой ил тод байлгах талаар ажилласаар ирсэн.  Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай болон бусад хуулиудаа бид  өөрсдөө савлуулаад байх  аваас нэг талаасаа хөрөнгө оруулагчид, нөгөө талаас Монгол Улсын  дэлхийд  өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө. Энэ бүхнийг  ойлгосон учраас яам болон харьяа агентлагийн зүгээс  зарчмын том өөрчлөлтийг  ойр ойрхон хийхээс аль болох татгалздаг. Өрсөлдөх чадвараар  Ази, Африк, Өмнөд Америкийн улсуудтай харьцуулахад хөрөнгө оруулагчид  Монгол Улсыг  нэлээд сайн хуультай оронд тооцдог.  Тэр хэрээр  өрсөлдөх чадвартай хэмээн үнэлэгдэх болсон. Ялангуяа, манай улсын  татварын орчин гадныханд маш тааламжтай. Сүүлийн хэдэн жил  алтны  салбарт Монгол Улс харьцангуй тааламжтай,  өрсөлдөх чадвартайд тооцогдож байна.  

 

 

Эх сурвалж: Mining&Money сэтгүүл

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here

 

 

 


Сэтгэгдэл: