• Эхлэл
  • С.Зориг агсны хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн гэв

С.Зориг агсны хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн гэв

2016/11/15

Өнгөрсөн жилийн өдийгөөс эхлэн дэгдсэн С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн шүүх хурал удахгүй болно гэсэн хүлээлт үүсгээд байсан. Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат өнгөрөгч  аравдугаар сарын 23-нд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгалтын үйл явц сүүлийн шатандаа орсон, удахгүй шүүх хурал болно гэж мэдэгдсэн. Тиймээс тун удахгүй буюу арваннэгдүгээр сарын эхээр шүүх хурлын тов гарна гэсэн албан бус мэдээлэл тархаж байсан юм. Тэгвэл өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 14-нд С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг нягталж дууссан ба прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурорын газрын албан ёсны www.prokuror.mn сайтад мэдээлсэн байна.

Энэ мэдээллээс харахад С.Зориг агсны амь насаа алдсан хэрэг илрэх шатандаа орж, шүүх хурал удахгүй болох нь гэсэн сэтгэгдэл төрж болохоор. Гэвч С.Зориг агсны гэргийг үндэслэлгүйгээр удаан хугацаагаар хорьсон, улстөрийн сонгуулийг угтаж хотын дарга асан Э.Бат-Үүлийг хэрэгт яллагдагчаар татах гэсэн, С.Зориг агсны хөнөөсөн гэгдээд байгаа хоёр сэжигтний ар гэрийнхэн нь гэмгүй номхон иргэдийг хилс хэрэгт гүтгэх гэж байна хэмээн мэдэгдсэн гэх мэт эргэлзээтэй асуудлууд олон байна.

С.Зориг агсны амь насыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хамт хөнөөсөн гэж мэдүүлэг өгч байгаа 35 настай Ц.Амгаланбаатар хэрэг гарах үед 17 настай байсан, 2007 онд хүн амины хэргээр 25 жилийн ял сонсон хоригдож байгаа аж. Тэрээр:

-Би С.Зориг агсныг хөнөөсөн. Надтай хамт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар явсан. Б.Содномдаржаа үүдэнд хүн харж байсан. Т.Чимгээ С.Зориг агсныг хөнөөсөн хутгыг муу усны нүх рүү хийсэн” гэж мэдүүлэг өгсөн гэгдэж байгаа юм.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.

С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн ээлжит дуулиан


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин