Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амармандах буюу Амараагийн биеийн байдлын талаар иргэд санаа тавин асууж байна.
Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд болсон “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний дараа ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан зодож гэмтээн биеийн байдал нь хүнд байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн.
Одоо тэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа, биеийн байдал нь харьцангуй сайжирч байгаа гэж мэдээллээ. Энэ хэрэг гарснаас хойш хэвлэлээр ч, сошиал ертөнцөөр ч янз бүрийн мэдээллүүд гарч байгаа. Ингээд эх сурвалжуудын мэдээллийг нэгтгэн хүргэе.
Монголчуудын бахархал болсон Монгол Улсын төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжид агсны ач, мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Сүхбаатарын хүү түүнийг үндэсний үзлийг дэмжигч гэдгийг нь сайн мэддэг. Гэтэл түүнийг хас тэмдэгтэй дээл өмсөж, “Хай Гитлер” гэж мэндэлсэн учраас Оросын элчингийн ажилтан толгой руу нь цохиж гэмтээсэн гэсэн мэдээлэл тархаж, сошиал ертөнцөөр Оросуудыг буруутгах, үзэн ядах хандлага ажиглагдаж байсан. Мөн ОХУ-ын Элчин сайдын яамныхан хэргийг үгүйсгэж, өөрсдийнх нь ажилтан хүн зодоогүй гэж байна гэсэн мэдээлэл хүмүүсийг дургүйцлийг төрүүлсэн бол өчигдөр Оросын Элчингийнхэн Амараатай уулзаж уучлал гуйсан байна. Мөн тэд хэргийг цагдаагийн шалгаж байгаа учраас удахгүй, үнэн зөв нь тодорхой болох байх гэж мэдэгдсэн аж.
Үүнтэй зэрэгцээд мөн хотын удирдлагуудын “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд найрлаж байгаа зураг сошиалд тархан, цасаа цэвэрлэж, утаагүй арилгаж чадахгүй хотын удирдлагууд эдийн засгийн хямралтай үед хэдэн саяар нь шоудлаа тэднийг шүүмжилж, “Аз жаргалгүй Улаанбаатарын Аз жаргалтай дарга нар” гэсэн нэр хүртэл гараад байгаа. Тэгвэл Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газрын Хэвлэлийн албанаас “Уг арга хэмжээг “Аз жаргалтай” залуус төрийн бус байгууллагаас зохион байгуулж, хотын зарим албан тушаалтан зочны шугамаар уригдаж оролцсон. Хотын захиргааны зүгээс ганц төгрөг зарцуулаагүй, зохион байгуулаагүй” гэж мэдэгдлээ.
Харин дуучин Амараагийн өмгөөлөгчөөр ажиллаж буй өмгөөлөгч Г.Батбаяр хотын удирдлагуудыг тухайлбал, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сандуй, Нийслэлийн Гадаад Харилцааны Хэлтсийн дарга Жаргалмаа нарыг шалгуулах хүсэлтийг Цагдаагийн газар хандаад байгаа бөгөөд мөн үйлчлүүлэгчийнхээ өмнөөс ОХУ-ын Элчин сайдын яам, МАН-ын дарга М.Энхболд нарт хандан гомдол гаргасан бөгөөд гомдлыг бүрэн эхээр нь unuudur.mn сайтад нийтэлсэн. Тэрээр нэр дурдсан хүмүүсийг гэмт хэрэг гарсан гэдгийг мэдсээр байж, нуун дарагдуулсан, арга хэмжээ аваагүй гэж буруутгаж байгаа юм байна.
Оросын элчингийн ажилтны нэр тодорхойгүй байсан бол өмгөөлөгч Г.Батбаярын өргөдөлд дурдсанаар бол Наганов Артём Валентинович гэдэг юм байна.
Мөн өргөдөлд “..би ухаан орж гаран хэвтэж байх үед нэгэн албан тушаалтан “..хүмүүст битгий мэдэгд, битгий харуул.. хурдан өөр өрөөнд өргөөд оруул..” гэх мэтээр тушааж бусдаас тусгаарлан удаан хугацаагаар ганцааранг байлгасан гэсэн ноцтой мэдээлэл дурдсан байна. Энэ дагуу ч мөн хотын дарга С.Батболд гэмтэж бэртсэн Амарааг нуу гэж тушаан эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэсэн шуугиан дэгдэж байна. Тэгвэл хотын захиргааны зүгээс мэдэгдсэнээр бол С.Батболд нарын удирдлагууд 19.00 цагт ирж, баяр хүргэн үг хэлээд 20. 00 цагт гарч явсан гэжээ.
Харин өмгөөлөгчийн гомдолд хэрэг арваннэгдүгээр сарын 22-ны 23.00 цагт гарсан гэжээ. Видео бичлэгт бол цагаан цамцтай Амараа хэн нэгнийг гараас нь татахад, үйлчлэгч залуу хойноос нь тэвэрч дарж хэвтүүлж байгаа маягийн дүрс харагдаж байгаа. Мөн тэнд байсан хүмүүс Амарааг нуусан зүйл байхгүй ээ, арын өрөө буюу дуучид жүжигчдийн хувцас сольдог өрөөнд оруулж, Амараа нүүрээ угаагаад 23.00 цагийн орчимд жолоочоор хүргүүлсэн. Харин гэртээ очоод шөнийн 02.00 цагийн орчимд бие нь өвдөж түргэн тусламж дуудсан гэжээ.
Энэ мэтчилэн олныг цочирдуулсан энэ хэргийн талаар зөрүүтэй мэдээллүүд олон байна. Одоо байгаа мэдээллээр бол өнөөдөр 14.00 цагт цагдаагийн байгууллагаас хэргийн талаар мэдээлэл өгөх бөгөөд хотын захиргааны зүгээс тэнд байгаагүй хүмүүсийг хэрэгт буруутай мэтээр мэдээлэл тарааж байгааг няцааж, хариу нэр төрөө сэргийлгэхээр шүүхэд хандана гэсэн мэдээлэлтэй байна.
Өмгөөлөгч Г.Батбаярын хувьд одоо Ноён уулын гэх маргааны хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж буй. Зарим хүмүүс түүнийг шуугиант хэргүүдийн өмгөөлөгч гэж нэрлэдэг. Нийгэмд дуулиан тарьсан хэрэг, шуугианы араас “энэ хэрэгт .... зүйл ангийн ял өгөх ёстой” гэж ярилцлага өгч, мэдэгдэл гаргадгаар нь хүмүүс мэддэг болоод байгаа гэдэг.
Энэ мэтчилэн хэрэг анхнаасаа эхлээд хоёр улсын харилцаа гэх мэт олон асуудлуудаар дуулиан дэгдсэнээр байна. Магадгүй өмгөөлөгчийнх нь МАН-ын даргад хандсан байдлаас харахад улс төрөөр ч мөн хачирлагдах бололтой. Одоо харин гэр бүлийнхэн, түүний фенүүдийн хувьд ганцхан зүйл санаа зовоож байгаа нь эрүүл мэндийн байдал бөгөөд. Тархины гэмтэл удаан хугацааны урхагтай, маш их эмчилгээ, цаг хугацаа шаарддаг гэдгийг хэн хүнгүй хэлж байна.
Холбоотой мэдээллийг дорж дарж уншина уу.
Сэвжидийн Сүхбаатар: Та бүхний мэддэг С.Амармандах биш болсон
Дуучин Амараа толгойдоо хүнд гэмтэл авчээ
Сэтгэгдэл байхгүй байна