• Эхлэл
  • Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр... араас нь Н.Алтанхуяг уу?

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр... араас нь Н.Алтанхуяг уу?

2017/02/23

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг 2017.02.21-нд АТГ-аас баривчлан саатуулаад байгаа. Тэднийг мэдүүлэг авахаар дуудаад, ар гэрийнхэнд нь хэлэлгүйгээр, өмгөөлөгч байхгүй байхад баривчилсан гэж буй. Б.Гарамгайбаатарын хувьд түүний гэр бүлийн “Мон роуд” компани Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад төлөөгүй гэж байгаа бол Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэг болон “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэж шалгаж байгаа гэсэн юм.

Тэгвэл өчигдөр /2017.02.22/ гарсан мэдээллээр Б.Гарамгайбаатараас гадна түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг ч мөн холбогдуулан шалгаж эхэлжээ.
Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын баривчилгаатай зэрэгцээд дэгдсэн бас нэг асуудал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягий эзэмшлийн "Хаан жимс", "MAX export", чацарганы шинэ үйлдвэр “Хуба Хаяа”компаниудад нь хуулийнхан нэгжлэг хийсэн нь. Мөн Н.Алтанхуягийг АТГ-аас дуудаж, өөрийн биеэр байцаалт өгөхийг шаарджээ. Н.Алтанхуяг өнөөдөр 10.00 цагт АТГ-д очиж байцаалт өгнө гэсэн мэдээлэл байгаа юм.

Ийн баривчилгааны шуугиан дэгдэж буй өдөр буюу өчигдөр АТГ-ын комиссар Д.Бат-Оргил хэвлэлийнхэнд товч мэдээлэл өгөв. Тэрээр

-Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн ямар зүйл ангийн дагуу цагдан хорьсон бэ?

-Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан зарим нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Тухайн үеийн удирдлагууд болон хувийн аж ахуй нэгжүүдийг нэг бүрчлэн шалгаж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хүрээнд сэжигтнээр холбогдох хүмүүсийг саатуулсан байгаа. Одоогийн байдлаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна. Цаашид шалгалтын ажиллагаа үргэлжлээд явна.

-Ямар үндэслэл зүйл ангийн дагуу хорьсон юм бэ?

-Цагдан хорьсон тухай зүйл ангийг нь хэлэх боломжгүй байна.

-Сүүлд бас батлан хамгаалахын албан тушаалтан авлига авсан талаар мэдээлэл гарлаа. Танайхаас яагаад мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ?

-Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой мэдээлэл гаргах хуулийн хориг заалт байдаг. Энэ хүрээнд манай байгууллагын зүгээс мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Нээлттэй мэдээллийг бид сайтдаа ил тод түгээдэг гэв.

 

Мөн энэ өдөр Ардчилсан намаас Төрийн ордонд өргөтгөсөн хурал хийж, дараа нь хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд тус намын хоёр гишүүнийг ямар ч тогтоол шийдвэр байхгүй, ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй баривчилсан. Энэ нь улстөрийн үйлдэл бөгөөд Хөгжлийн банкны асуудлаар шалгах бол МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой гэж мэдэгдэв. Мөн тэд

-М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг сөрөг хүчний баривчилгаагаар эхлүүллээ гэж мэдэгдсэн юм.

Ийнхүү УИХ-д цөөнх болсон Ардчилсан намын гишүүдийг тойрсон баривчилгааны дуулиан дэгдэж байна. Мөн НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн дүү Ц.Сэргэлэнг оффшор дансанд их хэмжээний мөнгө байршуулсан эх сурвалжаа нотолж чадаагүй гэх шалтгаанаар баривчлах гэж байна гэсэн шуугиан сошиал ертөнцөөр тархсан ч одоогоор энэ нь үнэн худал нь тодорхойгүй албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Дашрамд дурдахад бид мөн 2017.02.21-ны өдөр Батлан хамгаалах яамны албан тушаалтныг баривчлаад байгаа талаар мэдээлсэн. К гэгч хурандаа хамтран ажиллах гэрээ байгуулсан гадаадын иргэдээс авлига нэхсэн бөгөөд үүндээ Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд 10 хувийг өгөх ёстой гэж хэлсэн гэсэн мэдээлэл гараад байгаа.

Энэ хэргийн талаар АТГ-ын комиссар Д.Бат-Оргил:

- -Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой мэдээлэл гаргах хуулийн хориг заалт байдаг. Энэ хүрээнд манай байгууллагын зүгээс мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбар өгсөн байна.

Ийн Сар шинийн баярын өмнө авлигын гэх дуулиан идэвхжлээ. Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-д очиж мэдүүлэг өгөх ёстой. Мөн өчигдөр Н.Алтанхуягийн хүргэн гэгдэн С.Дэнзэн нарын хэргийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд товлоод байсан бөгөөд шүүх хуралдааныг гуравдугаар сарын 20 хүртэл хойшлуулаад байна.

Нэмэлт мэдээлэл:Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2017.02.23-ны өдөр 10.30 цагт очиж байцаалтаа өгсөн бөгөөд байцаалт 16.00 цагт дууссан байна

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү.

Н.Алтанхуяг зургаан цагийн турш байцаалт өгөв

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Гишүүн чтнь
    Ардчилал, шударга ёс ярьж ярьчихаад одоо бүгд юу болоод байна аа...
    2017 оны 02 сарын 24