• Эхлэл
  • ”Алт бишээ, шороо л байна”

”Алт бишээ, шороо л байна”

2018/02/08

Алт үнэтэй юу, хүн үнэтэй юу?...Ингэж асуухаас аргагүйд хүргэсэн бачимдмаар үзэгдлийн тухай соошлаар тарж байна. Төв аймгийн Эрдэнэ суманд ШУТИС-ийн оюутнуудын 12 жил тарьж ургуулсан 120 мянган мод болон 117 га газрыг “Монгол стандарт” компани элсний карьерт ашиглахаар лицензийг нь авчээ. Байгаль хамгаалалд залуучуудын оролцоо, “My club” клубийн гишүүд лиценз олгосон албан тушаалтанг шүүхэд өгч, шүүхийн бүх шатаар явсан ч эцэстээ Дээд шүүхийн шийдвэр компанийн талд гарсан тухай “My club”-ийг үүсгэн байгуулагч, ШУТИС-ийн багш Д.Сэрдарам фэйсбүүк хуудастаа бичсэн байна.

Нэг модыг тарьж ургуулаад насанд хүргэхэд 40 жил шаардлагатай гээд бодохоор 120 мянган модыг бүтэн 12 жил тарьж, арчилж, ургуулна гэдэг хэр хүнд хүчих, уйгагүй хөдөлмөр болох нь ойлгогдоно. Энэ ажилд ШУТИС-ийн оюутнууд, сайн дурынхан, орон нутгийн иргэд нийлсэн 15000 хүн (давхардсан тоогоор) өнгөрсөн 12 жил зүтгэсэн байна. Гэтэл энэ олон хүний олон жилийн хөдөлмөр нэг албан тушаалтны гарын үсгээр салхинд хийсэх болчихлоо. Уулнаас мод буулгаж авчираад Улаанбаатарын гудамжийг чимж байхад ямар тэнэгүүд нь хаа байсан Эрдэнэ сум руу явж, хүний нүднээс далд мод тарьдаг байна аа гэж үү?

Саяхан даа, Монголын өмнөд нутгаас эхэлсэн шороон түйрэн Номхон далайг давж Сан Франциско хүрсэн тухай шуугиж байв. Дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшиг, цөлжилт гээч нь. Монголын өмнөд нутгийг эзэлсэн цөлжилт хуурайшил Солонгос, Зүүн хойд Азийн уур амьсгалд нөлөөлж, Америк тив хүрсэн тухай нэг хэсэг уулгалан ярьж, цөлжилттэй хэрхэн тэмцэх тухай төсөл хөтөлбөр барин гүйлдэж байлаа. Одоо бол бараг мартагдсан сэдэв. Өвөл болохоор шороогоо мартана, зун болохоор утаагаа мартана. Тэгээд ч ОУВС, “Эрдэнэт”-ийн луйвар, оффшорын мөнгө, нефтийн үйлдвэр гээд хоолойд тулсан өчнөөн асуудал байхад юу яасан мод бут...

“My club”-ийг үүсгэн байгуулсан Д.Сэрдарам багш 2000-2005 онд Солонгост докторантурт сурч байхдаа хичээлийнхээ хажуугаар “арбайт” (цагийн ажил) хийдэг, илүү гарсан цагт нь сайн дурын ажил хийдэг байж. Өөрийнхөө гараар байгуулалцсан цэцэрлэгт хүрээлэн Өмнөд Солонгост дөрөв бий гэсэн. Зарим нь хогийн цэг ч байсан. Ингэж явахдаа Солонгосын “Ногоон Ази” ТББ-ынхантай танилцсан аж. Дээр хэлсэн шалтгаанаар солонгосчууд Монголд ирж мод тарьдаг ч тэрийг нь арчлах хүн байхгүй, цөөхүүлээ учраас хүч хүрэлцдэггүй байсан тул 2006 онд ирэнгүүтээ “My club”-ийг байгуулж, ШУТИС-ийн оюутнууд дээр түшиглэн мод тарих ажлаа эхлүүлжээ. Хүүхэд байхдаа “Залуу байгальчдын станц”-д явдаг байсан, тэр үеэс “байгалиа хамгаалах үүрэгтэй” гэдэг “чип” зүрхэнд нь суучихсан гэх үү дээ.

Төв аймгийн Эрдэнэ суманд газар аваад анх наймуулаа модоо тарьж эхэлсэн. 120 мянган мод тарьж ургуулахад төсвөөс нэг ч төгрөг аваагүй шүү дээ. “Ногоон Ази”-тай хамтарч ажилладаг учраас (уг нь мод нь манайд л үлдэх юм л даа) түүгээрээ нүүр хийгээд жилдээ цөөн оюутан Солонгост тэтгэлгээр сургачихдаг. Эхний жил гэхэд 28 оюутан явуулсан, энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Нөгөө “чип”-тэй нөхдүүдийн тоо л нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Солонгосчууд ярьдаг гэнэ лээ. “Надад хэлбэл мартана, надад харуулбал тогтооно, надаар хийлгэвэл ойлгоно” гэж...

Гэтэл манайхан өөрсдөө, хөгшин залуугүй, хөдөө хотгүй “Байгаль эх минь сүйдлээ. Эх орон уйлж байна” гэж уянгалдаг, уурсаж бухимддаг мөртлөө жинхэнээсээ байгалиа хамгаалж байгаа залуу үеийнхнээ яагаад өмөөрөхгүй байгааг л ойлгох аргагүй юм. Хэрвээ элсний карьерийн оронд алтны орд ухсан бол Төв аймгийнхан тэр чигээрээ босчихсон байгаа. Яагаад гэвэл алт үнэтэй. Байгаль орчны яам нүүгээд оччихсон, ТББ-ууд нь бултаараа шавчихсан яваа. Яагаад гэвэл алт унацтай. Харин хэзээ үхэх нь бүү мэд хэдэн бутны төлөө бие сэтгэл, бензин тосоо гарздаад яахав юм биз дээ.

Аргаа бараад багш, оюутнууд ярьж байна. Нэгэнт шүүхийг давж чадахгүй юм чинь ядаж модоо устгуулчихалгүй нүүлгэж шилжүүлэх арга бодож олох уу? гэж. Арай ч дээ. Тэр олон хүний энэ олон жилийн хөдөлмөрийг ингэж үнэгүйдүүлж болдог юм уу? Нэг муу элсний карьерийн төлөө шүү дээ, хаанаас ч ухсан гардаг л элс. Шүүх нь ч гэсэн шүүх. Ажаад байхад манайхан бэлэн зэлэн юманд л баахан дуртай. Гараа хөдөлгөх харин дургүй. Өөрсдөө хөдөлмөрлөх дургүй учраас хүний хөдөлмөрийг огтхон ч үнэлдэггүй. Газар дор хэдэн зуун метрийн дор байгаа алтыг “миний юм” гэж шүлсээ залгих атлаа ухаад гаргаад ирсэн хүний хөдөлмөр, хөрөнгө мөнгийг юман чинээ тоохгүй. Яг тэрэн шигээ 120 мянган модыг орвонгоор нь эргүүлэх гэж байхад тоож байгаа ч хүн алга. “Алтыг чинь ухаад авчихлаа” гэсэн бол яажшуу хуйрнан шуугих байсан бол?

Б.СЭМҮҮН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна