Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 3 сарын 1-8-ны өдрүүдэд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.
“Музейн нээлттэй өдрүүд”-ээр Монголын түүх соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргаж, төрөл бүрийн боловсролын ажил зохион байгуулагдах юм.
“Музейн нээлттэй өдрүүд”-ээр музейг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.
Эх сурвалж: СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
Нийслэл дэх музейнүүд
Монголын үндэсний түүхийн музей
Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 9танхим бүхий, сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей билээ. Үндэсний түүхийн музей нь Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага болно.
Монголын дүрслэх урлагийн музей
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 1966 онд нээгджээ. Орчин үеийн болон эрт үеэс уламжлагдан ирсэн эртний дүрслэх урлагийн хосгүй нандин бүтээлүүдийг тус музейд бий. Анх 300 гаруй үзмэртэй байсан ч 1989 онд Уран зургийн галерей орчин үеийн бүтээлүүдийг нь авч бие даасан музей болжээ.
Өндөр Гэгээн Занабазарын урласан Цагаан дарь эх, Язгуурын таван бурхны дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд тус музейд хадгалагддаг тул 1995 оноос Г.Занабазарын нэрэмжит болгосон юм. Мөн XIX-XX зууны үеийн нэрт мастеруудын бүтээсэн ардын урлагийн бүтээлүүд, шүрэн баг, есөн эрдэнэ, шороон будгаар өнгө хослуулан бүтээсэн бурхдын хөрөг, Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Гүүний үрс гаргалт” зэрэг хосгүй бүтээлүүд тэнд бий. Нэн эртний үеэс XX зууны эхэн үеийг хамарсан 10000 гаруй үзмэртэй, 12 танхим тус музейд байдаг.
Монголын театрын музей
1973 онд Засгийн газрын шийдвэр гарч Монголын театрын музейг байгуулахаар болсон боловч зориулалтын барилга байгууламжийн байдлаас болон хойшлогдсоор 1991 оны 3 дугаар сарын 27 буюу Олон улсын театрын өдрөөр нээгджээ. Тус музей нь Монгол улсын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулсан уран сайхны мэргэжлийн музей юм.
Улсын төв театраас эхлээд дуурь, балет, хүүхэлдэй, цирк, кино зэрэг тайз дэлгэцийн бүх төрлийн урлагийн түүхэн хөгжлийн талаар дэлгэн үзүүлж, судалж, цуглуулж сурталчилдаг. 2000-2003 онд “Нэрт найруулагч Л.Ванган”, “Ноён хутагт Д.Данзанравжаа”, “Монгол бүжиг”, “Яруу найрагч М.Чойном”, “Жүжгийн зохиолч найруулагч С.Буяннэмэх”, “Хятад клуб ба Бээжин ший”, “Монгол алиалагч” зэрэг сэдвээр үзэсгэлэн гаргаж олон түмэнд толилуулжээ. Музейн А танхимд нэрт уран бүтээлчдийн хөрөг, дүрүүдийн уран зураг, барималтай танилцана. Үзвэрийн Б танхимд шинэ цагийн ардын театрын анхны үүсэл, жүжгийн бүлгэм, клуб, Ардын цэнгэлдэх хүрээлэн, 1931 оны анхны Төв театрын тухай гэрэл зураг, 1960-1970 оны үед Монгол улсын театр хоёр хуваагдаж Д.Нацагдоржийн нэрэмжит Драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр болсон тухай түүхэн гэрэл зураг, баримт бичиг, ахмад уран бүтээлчдийн бүтээл туурвилыг харуулсан гэрэл зургууд, зарим биет зүйлс, тухайн үеийн жүжгийн тоглолт, шүүмж судлал, ном товхимол, хувцас, макет, эскиз, дэлхийн болон европын орнуудын сонгодог ба үндэсний дуурь, бүжиг, драмын жүжгийн тоглолт зэргийг хураангуйлан харуулсан үндсэн үзүүлэн, эх сурвалж материалуудыг дэлгэн үзүүлжээ. Үзвэрийн В танхимд Монголын театрын уламжлалын тухай буюу нүүдэлчин ахуйд зохицсон үлгэр туульс, найр наадам, бадарчингийн явган яриа, цамын ёслол, ший янгууны тухай үзүүлэнгүүд байдаг. Мөн XIX зууны нэрт соён гэгээрүүлэгч Догшин ноён хутагт Данзанравжаагийн “Намтар дуулах дацан” хэмээх сүм театртай холбогдох баримтыг энд дэлгэн үзүүлжээ. Үзвэрийн Г танхимд Монгол кино урлагийн түүхэн хөгжил, 1940-өөд оноос эхлэлтэй анхны баримтат болон уран сайхны киноны тухай, түүнд хэрэглэж байсан аппарат хэрэгсэл, хувцас, ардын уламжлалт хөгжмийн зэмсэг гэх мэт үзмэрүүдийг үзэж болно.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд
Утас: 311320
Цагийн хуваарь:
Өвөл: Даваа - Баасан 10:00-18:00, Бямба-Ням 11:00-17:00
Зун : Даваа - Бямба 09:00 - 18:00
Монголын байгалийн түүхийн музей
Байгалийн түүхийн музейг үзсэнээр та Монгол орны өргөн уудам тал хээр, хангай говь, ан амьтан, жигүүртэн шувуудын талаар өргөн ойлголт авна гэдэгт итгэлтэй байна. Үндэсний музейгээс 1992 онд тусгаарлан гарч, геологи газарзүй, ургамал амьтны аймаг, палеонтологи болон хүн судлал гэсэн салбаруудын үзмэрүүдтэй. Байгалийн түүх нь дэлхийн үүслээс эхлээд ургамал амьтад, хүний гарал үүслийг хамарсан асар урт хугацаа буюу 4.7 тэрбум жилийн түүхэн үйл явцыг хамардаг. Нийт 6000 гаруй цуглуулгатай уг музей үзмэрүүдийнхээ 45 орчим хувийг үзэгчдэд дэлгэн харуулдаг ажээ.
Байгалийн түүхийн музей урьд нь хэн нэгний бүтээсэн эд өлгийн зүйлийг үзмэрээ болгодоггүй, байгаль дээрээс цуглуулсан цуглуулгаа лабораторын төвшинд боловсруулдгаараа онцлогтой. Нийт 18 танхимтай, хамгийн сонирхолтой нь хөхтөн амьтдын үзмэр юм. Хөхтөн амьтны сан хөмрөгт найман баг, 21 овгийн 90 зүйл амьтны чихмэл, арьс, эвэр, гавлын ясны цуглуулга бий. Хөхтөн амьтдыг үзэгчдэд ойр сонирхолтой байлгах үүднээс тайга, ойт хээр, хээр, говь цөлийн бүсийн экосистемийг байгалийн зурсан зурагтай хослуулан тавьсан байдаг.
Хөхтөн амьтны чихмэлүүдийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цэвэл, Д.Дагиймаа нар хийжээ. Хөхтөн амьтны сан хөмрөгт Монгол орны улаан номонд орсон 30 зүйлийн хөхтөн амьтдын 23-ынх нь чихмэл байдаг.
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ
Монголын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамбад зориулсан “Билгийг хөгжүүлэн бадруулагч хийд”-ийг 1893-1903 оны хооронд барьжээ. Богд хааныг нас барсны дараахан түүний эзэмшилд байсан түүх, соёлын дурсгалт зүйлийг өвлийн ордонд нь төвлөрүүлж, музей байгуулах шийдвэр гаргасан байна. Тус музейд XVII-XX зууны эхэн үеийн шашин, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгалууд хадгалагддаг.Эдгээрт Богд хаан, Дондогдулам хатдын өмсч байсан дээл хувцас, гадаад, дотоодын зочдын өргөсөн бэлэг дурсгал, худалдан авсан эд зүйлсүүдийг нэрлэж болно.
Музейд тавигдсан үзмэрүүдийн ихэнх нь эх хувилбараараа хадгалагдаж байдгаараа онцлогтой. Цутгамал бурхад, шороон будган уран зураг(танка), торгон зураг, зээгт наамал, модон сийлбэр, цаасан шуумал, бурхан тахилын эд зүйлс, амьтны чихмэл, төрөл бүрийн цуглуулга, туслах эд зүйлс, уран барилга гэсэн 12 төрлийн ангилалтай. Үзмэрээ дотор нь хосгүй үнэт, үнэт, ердийн гэсэн гурван зэрэглэлд хуваадаг. 2003 оны байдлаар хосгүй үнэт үзмэр 68 ширхэг, үнэт үзмэр 23 ширхэг бүртгэгдсэн байна. Хосгүй үнэт үзмэрийн тоонд Г.Занабазарын өөрийн урласан алтан шармал цутгамал бурхад, Жүгдэрийн 1912 оны Нийслэл хүрээг харуулсан зураг, Монголын орчин үеийн уран зургийн эх суурийг үндэслэгч “Марзан” гэж алдаршсан Б.Шаравын бүтээлүүд зүй ёсоор ордог.
үний зэрэгцээ хааны ордны уран хатгамалчдын бүтээсэн үнэт чулуун шигтгээ, чимэг бүхий зээгт наамлууд бий. Энэхүү ордон музей нь муу ёрын сүнснүүдээс хамгаалсан хаалттай буюу Яншай хаалга, Богд хаан болон түүний хатан, ойр төрлийн садангийн хүмүүс нь ордог нээлттэй буюу Асарт хаалга, нэг ч хадаас хэрэглэлгүйгээр 108 төрлийн оньсоор угсарч барьсан Амгалан энхийн гэсэн гурван хаалгатай. Мөн Махранзын, Ранса буюу Сэрүүн, Торгон зургийн, Уран зургийн, Цайдан, Бурхны, Даврин гэсэн зургаан сүм байдаг.
Богд хааны ирвэсийн арьсан гэр нь үзэгчдийн хамгийн их сонирхлыг татдаг. Богд гэгээний 25 насны ойд зориулж 1893 онд Сэцэн хан аймгийн бэйс Сангилигдорж тус гэрийг бэлэглэжээ. Энэ гэрийн бүрээсэнд 150 ирвэсийн арьс орсон ба гэрийн хаалга, тооно, унийг үндэсний хээгээр зүмбэрлэж чимсэн ба тавилга, бурхан тахил, эд хэрэглэл бүр нь уран хийцтэй. Богд хаан гэрийг бороо хургүй цагт гадаа бариулж 10 хоног -бясалгал үйлддэг байж.
Чойжин ламын сүм музей
VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оржээ.
XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг нь “Чойжин ламын сүм” юм.
Нэгэн цагт Монголын ард түмэн 700 гаруй сүм хийд бүтээн босгож, соёлын үр цэцэглэн хөгжүүлж байсан сайхан түүхтэй. Тэр бүх сүм хийд дотроос Чойжин ламын сүм тун өвөрмөц онцлогтой.
Энэ сүмийг Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтын төрсөн дүү, Төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавт зориулж Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлага дор монгол урчуудын уран гараар бүтээжээ. Тухайн үед манай улс Манжийн эрхшээлд байсан тул Монгол Улсын төрийг хамгаалан чойжин бууж байх зориулалттай сүм барихыг Манжийн зүгээс эсэргүүцэж байж. Тиймдээ ч 1896-1902 онд ард түмний хандив тусламжаар Зүүн хүрээнд тусгайлан босгосон Чойжин ламын сүмийг учир битүүлгээр 1903 онд галдан шатаасан юм.
Гэвч Чойжин лам урд хойдохыг нэгэнтээ харах чадалтай байсныхаа хувьд Төрийн чойжин бууж байх, улмаар цэвүүн цаг ирэхэд соёлын үнэт дурсгалт зүйлсийг хамгаалан авч үлдэх хувь зохиолтой сүм барьж байгуулахыг нэн чухалд тооцож, улмаар хойтон жил нь буюу 1904 оноос эхлэн өөрийн хөрөнгөөр (Маймаа хотын захирагчийн охин, түүний эхнэр болох Сүрэнхорлоогийн хөрөнгөөр) сүм барьж эхэлжээ. Цаг төрийн байдал ороо бусгаа байсан тул Чойжин лам сүм барих ажлыг машид шуурхайлж, ердөө л хоёрхон жилийн дотор 55 өрөө тасалгаа бүхий дахин давтагдашгүй уран барилгын цогцолбор бүтээн босгож, дотор заслын ажил эхлүүлжээ.
Монголын төрийг хамгаалан чойжин буух сүм хийд барихыг Манжийн хаан зөвшөөрөхгүй хэвээр байв. Иймд 1906 онд Чойжин лам Лувсанхайдав уран арга хэрэглэн Манжийн хаанд бичиг явуулж, түүндээ “Манжийн хааны түмэн өлзийг бататган шашин төрийн өмнөөс чойжин бууж, эх болсон хамаг амьтны тусын тулд залбирал үйлдэж, өдөр бүр ном хурах учир өөрийн хүчин чадал, ард түмний дэмжлэгээр 55 тасалгаа бүхий сүм босгов. Таныг урт удаан наслах, Манжийн төрийг өнө удаан оршуулах үүднээс чойжин бууж байх тул нэр хайрлахыг хүсэн, есөн цагааныг бэлэг болгон хүргүүлэв” гэжээ. Ингэхэд Манжийн Бадруулт төр хаанаас “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээн нэр шагнаж, Богдын төрийн шар ордон Дэчингалбын хийдийн адил эрх олгожээ.
Сүмийг 1908 онд ашиглалтад оруулж, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр шашныг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтаас “Хар, зүгийн шулмасын аймгийн омгийг дарагч, их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээн нэрлэж Зэмэр, Найчин, Дорж шүгдэн хэмээх гурван Чойжингийн өмнөөс чойжин буудаг, төр-шашны нууц үйл ажиллагаа явуулдаг хаалттай сүм болгожээ.
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей
1931 онд анх энэ байшинд Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байжээ. 1996 оны 9 дүгээр сарын 10-нд түүний охин Цэрэндуламын санаачилгаар музей болгож, үзмэрийг 7 танхимд дэлгэн үзүүлжээ.
Их хэлмэгдүүлэлтийн үед нийт 36 мянга гаруй хүмүүс хэлмэгдсэн бөгөөд үүний 17 мянга нь лам нар, бусад нь цэргийн хүмүүс болон ардууд байжээ. Хэлмэгдүүлэлт анх 1922 онд Ерөнхий сайд Бодоогоор эхэлж 1960 он хүртэл явагдсан. Оргил үе нь 1937 он байсан бөгөөд тухайн үед Сталин Монгол орныг өөрийн газар нутгаа гэж үзэж байсан учраас Монгол орноо гэсэн эх оронч үзэлтэй хүн болгоныг “Японы тагнуул” хэмээн зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлжээ. Монголыг японтой ойртуулахаас зайлсхийж, Монголын бүх эдийн засаг, цэргийн зохион байгуулалт, улс төр бүгдийг Оросын хараат байлгахыг бүрэн хичээж байсан юм. 1937 онд “Онцгой бүрэн эрхт комисс” гэж байгуулагдан Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин, маршал Х. Чойбалсангаар даргалахаар болж, гишүүдэд нь Улсын бага хурлын гишүүн Д.Лувсаншарав, Шүүх яамны сайд Г.Цэрэндорж нар батлагджээ. Хэлмэгдүүлэлтийн үеийн хамгийн олон хүнийг хамруулсан хэрэг бол “Лхүмбийн хэрэг” гэгч бөгөөд үүнд Жамбын Лхүмбэ /1902-1933/ гэдэг хүн толгойлогч нь болж хэлмэгджээ. Тус музейд хэлмэгдэгсдийг хорьж байсан “Бат гүн” шоронгийн хаалга, Ерөнхий сайд Догсомын Бодоогийн хэлмэгдүүлэлтийг харуулсан самбар, лам нарын хэлмэгдүүлэлтийн түүхийн танхим, сэхээтнийг хэлмэгдүүлэлтийн түүхийн танхим, хэлмэгдүүлэлтийн сүүл үе буюу 1940-1960 онд “Сэхээтний төөрөгдөл” хэмээх түүхийг харуулсан танхимууд бий. 1962 онд С.Лоохууз, О.Цэрэндорж, Б.Очирхуяг нарыг хэлмэгдүүлсэн бөгөөд тэднийг “намын эсрэг бүлэг” хэмээн нэрийджээ. 1937-1939 онд 17 мянга гаруй ламыг “дотоодын дайсан” гэж нэрийдэн устгаж, 767 буддын сүм хийдийг эвдэн нураажээ. 2003 онд Хамбын овооноос 600 гаруй гавлын яснууд олдсон бөгөөд тэдгээр нь олноороо буудуулж үхсэн лам нарынх гэж үздэг. Музейн 1 дүгээр давхарт хэлмэгсдэд зориулсан хүндэтгэлийн танхим байх бөгөөд нийт хэлмэгдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг аймаг аймгаар нь байрлуулжээ. Хойморт нь хэлмэгдэгсдэд зориулан зул асааж, хоёр талд нь төрийн туг, баруун талд нь “Хэлмэгдлийн нэг өдөр” хэмээх зураач Я.Үржнээгийн зурсан зургийг байрлуулжээ. Ерөнхий сайд П.Гэндэнгийн ажлын өрөөг тэр хэвээр нь үлдээж үзмэр болгожээ. Тус музейн байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр тоосгон заводын герман, швейцарь, унгар ажилчид барьжээ. Ханан дээр нь “Улс төрийн харгислалд хэлмэгдэн 1937 онд цаазлагдсан БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэн 1931-1936 онд энэ байшинд амьдарч байв” гэсэн дурсгалын самбар байрлуулсан байдаг.
Хаяг: Сүхбаатар дүүрэг. Гранд оффис байрны урд талд
Утас: 70110915, 88783915
Цагийн хуваарь:
Өвөл: 15/IX –1/IY хүртэл, ажлын 5 өдөр 10:00 - 17:00
Зун: 1/IY - 15/IX хүртэл: Өдөр бүр 10:00 – 17:00, Ням гаригт амарна.
Сэтгэгдэл байхгүй байна