• Эхлэл
  • Ц.Цогзолмаа сайдын буулт хийгээд зориг

Ц.Цогзолмаа сайдын буулт хийгээд зориг

2018/03/29

Та талхны үнэ хэд байгааг мэдэх үү?

-Та талхны үнэ хэд байгааг мэдэх үү?

-Мэднэ. 

-Таны хүүхэд өнөөдөр ямар хичээл үзсэнийг мэдэх үү?

-Сайн мэдэхгүй байна… Үнэнийг хэлэхэд та бидний боловсролд хандах хандлага товчхондоо энэ. Хүнийг хэлэлтгүй би өөрөө ч ийм л хариуцлагагүй ээж. Хаа нэгтээ дэвтэр ном руу нь шагайсан болж, тэр тоолондоо зэмлэх, буруутгах нь их байдаг ч байж магадгүй юм. Ерөнхийдөө энэ бол монголчууд та бидний боловсролд хандах хандлага. Тэгсэн хэрнээ хүүхдийнхээ дүнг тааруу байгааг мэдвэл шууд л салбараар нь буруутгаж, сайдыг ч шүүмжилж, багшийг ч гоочилдог. Аа, харин аав, ээжийн хувьд “Завгүй ажилласан” гэдэг ганцхан л зөвтгөлтэй.

Гэсэн ч сүүлийн үед ёстой л цагийн эрхээр гэдэгчлэн боловсролын салбарын шинэчлэл, доголдол бүхэн рүү санаа тавьж харах болоод чамгүй хугацааг үджээ. Үр хүүхэд маань эхнээсээ сургууль номын мөр хөөж, 35 үсгээ зөв тогтоож, холбож унших хүндхэн албанд мордсонтой холбоотой. Мөн найз нөхөдтэйгөө ч энэ талаар ярилцах үе  бий. Энэ зуурт нэгэн багш “Манайх тэр сургуулийн сургалтын арга барилыг нэвтрүүлж байгаа” (нэрийг нь хэлээд яах вэ) хэмээн хэлсэн дуулдав. 

Гэтэл өөр нэгэн ээж (нөгөө нэр бүхий сургуульд хүүхэд нь явдаг) “Анх ороход хамгийн сайн арга барил гээд хэрэгжүүлж байснаа одоо болсон “Монголд, монгол хүүхдэд тохирохгүй юм байна. Өөр арга барилаар сургана гэж байх юм. Юу гэсэн үг вэ. Хүний хүүхдээр ингэж туршилт хийж болох уу” гээд бухимдаж байгаа таарлаа. 

Энэ бол харин аав, ээжээс үл шалтгаалах боловсролын салбарын гажуудал. Дор бүрнээ өөр өөр сургалтын программ ашиглаж, өөр хоорондоо уралддаг ч эргээд харахад “Монгол хүүхдийн онцлог” гэсэн тэр хандлагадаа бууж өгдөг байх жишээтэй.  Харин сүүлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн ярилцлагыг унших нь ээ тэрбээр “Монгол хүүхэд боловсролын салбарын туршилт болох ёсгүй. Би үүн дээр хатуу байр суурьтай байгаа. Тиймээс би Цогзолмаагийн нэрэмжит ямар нэгэн хөтөлбөр санаачилъя гэж бодохгүй байна” хэмээн ярьжээ.

Хэдийгээр хувийн сургуулиудад л дээрх онцгой содон хөтөлбөр хэрэгжүүлэхийг чухалчилдаг байх талтай ч эргээд салбарын яам нь өөрөө өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд “Цөм” хөтөлбөр, “Авьяас” хөтөлбөрийн түрүүч болгон арав орчим нэр бүхий хөтөлбөр хэрэгжүүлсэн байх юм. Тэр бүхэн нь дор бүрнээ салбар удирдсан сайдын нэрээр цоллуулж, ажил хийсэн болж харагдах үндсэн пиарынх нь нэг том хэмжүүр болдог байлаа. Иймд Ц.Цогзолмаа сайдыг өөрийн нэр бүхий хөтөлбөр хэрэгжүүлэх төдийхнөөр хүүхэд бүрийн боловс-рол эзэмших дадал хэвшлийг албан тушаалынх нь насжилтаар хэмжихээс татгалзаж, бууж өгсөнд нь талархал илэрхийлүүштэй. Гоё нэртэй хөтөлбөрөөр ганган зорилт бүхий цаас хэвлэхээс нь татгалзсанд нь шүү дээ. 

Харин тусгай хэрэгцээт боловсролын тухайд бол тэрбээр эсрэгээрээ зориг гаргасан байна билээ. Тодруулбал, өнгөрсөн онд тусгай боловсрол олгох 29 дүгээр сургуулийн асуудал нэг хэсэгтээ л дуулиан дэгдээсэн. Дохионы хэл эзэмшээгүй багш нарынхаа доголдлыг ил цагаан зарласан сурагчдыг сургуулиас хөөх дээрээ тулж, ирээдүйнх нь гэрлийг бараг л унтраачихаагүй. Тэгвэл энэ жилээс эхлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлого, зохицуулалтын газарт Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийг шинээр байгуулж. Үүгээр ч зогсохгүй МУБИС-д Тусгай хэрэгцээт багшийн тэнхимийг байгуулж, зөвхөн 29 дүгээр сургууль гэлтгүй улс орон даяар хараагүй, сонсголгүй хүүхдүүдэд бүрэн дүүрэн боловсрол эзэмших замыг нь засч чаджээ. Мэдээж өнөөдөр шууд тэнхим нээгээд багш бэлтгэгдэж гарахгүй. Наандаж дөрвөн жил хэрэгтэй гэдгийг энд тодотгох хэрэгтэй. Гол нь энэ шийдвэр эргээд дээрх хүүхдүүдийн хувьд ирээдүйгээ өөдрөгөөр харах хамгийн том хүчин зүйл болох нь дамжиггүй. Энэ бол буулт хийгээд зоригийн учир зүй юм. Тэр дундаа, Монгол Улсын хэмжээнд сүүлийн 25 жилийн хугацаанд тусгай хэрэгцээт багшийг огт бэлдээгүйн дээр энэ чиглэлийн сургуулиуд мэргэжлийн боловсон хүчингүй байж ирсэн гэдгийг сануулья. 

Түүнчлэн саяхан Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яаманд харьяалуулахтай зэрэгцэн улсын эмнэлгийн эмч нар “Одоо л улсын эмнэлэг хөл дээрээ зогсох боломж бүрдлээ” хэмээн талархаж байгаа дуулдсан. Хэдийгээр эрүүл мэндийн бодлогыг шууд боловсролын салбарт хамааруулах боломжгүй ч гэлээ уг шийдвэрийн талаар нэгэн УИХ-ын гишүүн “Яг үнэндээ Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэлийг тавиагүй бол УИХ ийм шийдвэр гаргахгүй байсан байж магадгүй. Энэ бол хувь улстөрчийнх нь хүч нөлөөний үр дүн юм” хэмээн ярьж байсантай холбож хэлэх нэг сэдэв байгаа юм.

Энэ нь Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, туслах багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журмыг батлуулж чадсан Ц.Цогзолмаа сайдын өөрийнх нь улс төрийн нөлөөний тухай. Олон улсын валютын сантай хамтрах гэрээ байгуулсан Засгийн газар өнгөрсөн хагас жилийн хугацаанд урамшуулал олгох нь бүү хэл илүү зардал гаргахгүй гэдэг байр суурин дээр байсан. Тухайн үед багш нар цалингаа 1.6 сая төгрөг болгох шаардлага тавьж, улмаар 35 мянган багшийн тал хувь нь ажил хаялт зарлаж, хүндхэн цаг үеийн хэлмэгдэгчид нь хүүхдүүд болж, гэртээ үлдэж байсныг та бид мэднэ. Харин энэ үед багш нар сар бүр үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэхүйц урамшуулал авах эрхтэй болсон. Гэхдээ мэдээж бүгд биш. Энэ талаар Ц.Цогзолмаа сайд “Сайн ажиллаж байгаа багш сайн цалин авах боломжийг бүрдүүлнэ.

Тэгэхгүйгээр бүгдэд нь хавтгайруулж олгох тухай асуудал байхгүй. Тийм учраас сайн багш 60 хүртэлх хувиар үндсэн цалингаа нэмүүлнэ. Дээрээс нь урамшууллаа ч 60 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой. Харин гурван улирал урамшуулал аваагүй бол сануулга өгнө” гэдэг байр суурийг тодорхой хэлсэн. Харамсалтай нь, сүүлийн үеийн мэдээллээс харахад энэ байр суурь нь түүнийг шүүх дээр очих урьдач нөхцөл болчихсон бололтой юм билээ. “Хөдөлмөрийн зах зээлд 8000 багш сул байгаа. Энэ бол манай салбарт өрсөлдөөн байгаа гэдгийн илрэл юм” гэх утгатай үг хэлсэн нь зарим багш нарт гомдол төрүүлснээс тэр л дээ. Гэсэн ч эргээд аав, ээж ч энэ шаардлагыг багш нарт ч, салбарын сайдад ч тавьж буй гэдгийг дуулгах хэрэгтэй.

Тэр дундаа “Монголын багш нарын нэгдэл” Төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхтуяаг “Багш нарын үйл ажиллагааг дэмжиж, багш нарын амьдралын баталгааг дээшлүүлэх тал дээр санаачилга гаргаж буй ямар ч намтай хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн мэдэгдсэн байхад шүү дээ. Өөрөөр хэлбэл, зарчимтай шаардлага зарчмаа барих ёстой. Харин зарчим ярьсан эхлэл нь багш нарын цалингийн зээлийн хүүг тэглэх тухай, улс төрийн намтай хамтрах тухай яриад эхлэхээр яагаад ур чадварын шаардлагаа тавьсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг буруутгах ёстой гэж. Тиймээс ч үүн дээр нь бол харин зориг нэмчихмээр, урам өгчихмөөр санагдах. 

Дээр нь, энэ жилийг “Багшийн хөгжлийн жил” болгон зарласан байгаа. Урамшуулал олгох Засгийн газрын тогтоол ч батлагдчихсан. “Монгол Улс шиг багш нартаа 200 ам.долларын цалин өгөөд хүнд ачаалал үүрүүлдэг улс орон алга” гэж ил тод мэдэгдээд, үүнийг хэрхэн нэмэх вэ гэдэг тоо бодоод сууж байгаагаа Ц.Цогзолмаа сайд мэдэгдчихээд байхад шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр өнгөрсөн хагас жилийн хугацаанд буулт ч хийж, зориг ч гаргаж. Хамгийн сүүлд гэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг тендер нэрээр бус зөвхөн мэргэжлийн эрдэмтдийн зөвлөлөөр сонгуулахаа зарласан байгаа.

Мөн дээр нь нэмж хэлэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны газрын дарга нарыг их, дээд сургуулийн ТУЗ-аас чөлөөлж, эрдэмтэн мэргэдийг нь мэргэжлийнхээ чиглэлээр ТУЗ-ын гишүүн болох боломжийг нь нээлттэй үлдээсэн. Хуучин зохицуулалт буюу яаманд газрын дарга хийгээд давхар их, дээд сургуулийн ТУЗ-ын гишүүн болж, давхар цалин давхар боломж эрэлхийлдэг байсан боловсролын салбарын “чөдөр” уг тушаалаар тасарлаа гэсэн үг. Энэ хэрээр их, дээд сургуулиуд ч өөрийнхөөрөө хөгжих, эрх ашиггүй шийдвэр гаргах боломжтой болж буй нь тэр. Мэдээж буулт, зориг хоёрын тухайд энэ бол жинхэнэ утгаараа зориг юм. Харин өнөөдөр ч, цаашид ч бэрхшээл үүсгэж буй нэг “чөдөр” нь Төрийн нарийн бичгийн даргын асуудал.

Өнөөдрийг хүртэл тус яам жинхэлсэн Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа нь эргээд элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд ойртсон энэ үед сайдаас үл хамаарсан чөдөр болох нь гарцаагүй. Иймд боловсролын салбарын “чөдөр”-ийг тасдах эсэх нь харин Засгийн газрын асуудал байх биз ээ. Ямартай ч, салбар хариуцсан сайд нь буулт ч, зориг ч дүүрэн байгаа бололтой.

Эх сурвалж: Үндэсний шуудан Г.Отгонжаргал


Сэтгэгдэл (1)

  • Zochin
    Peeee bazarvaani yamr pyaldaga niitlel vee. Iim niitlel zahialj suuhaar ajlaa uguusei
    2018 оны 04 сарын 04
Сонин хачин