• Эхлэл
  • Оросын бизнесмэн “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэд 30 тэрбум төгрөгөө алджээ

Оросын бизнесмэн “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэд 30 тэрбум төгрөгөө алджээ

2018/04/25

-К.Д.Романовский энэ талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаад байна-

30-аад тэрбум төгрөгийн үнэ бүхий хувь­цаагаа оюутан цагийн дотнын найз Д.Бат-Эрдэнэд луйвардуулсан гэх ОХУ-ын иргэн Константин Димитриевич Романовский Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан ил захидал бичсэн нь олон нийтийн анхаарлыг татсан билээ. Энэхүү захидлын эзнийг Монгол Улсад түр хугацаагаар ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Оюутан ахуйн нөхөрлөл, Орос-Монгол ахан дүүсийн барилдлага, хүн чанар, хамтын бизнес, эцэстээ нэгнээ луйвардсанаар төгссөн нөхөрлөл гээд  эргээд  харахад  нэгийг санаж, хоёрыг тунгаах зүйл олныг өгүүлжээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж бичсэн таны захидлын талаар эхэлж асуух нь зөв байх. Энэ хүртэл өндрөө авсан хэрэг явдлын эхлэл нь юу байв?

-Нөхөрлөл, тодруулж хэл­­бэл оюутан ахуйн нөхөрлөлөөс минь энэ бүхэн эхлэлтэй гэж хэлж болно. Оюутны жижиг умгар өрөөнд  гоймон, консерав, гахайн өөх гээд л тал та­лаас нийлүүлсэн хоолоо ху­­­вааж идэж байсан олон сайхан монгол нөхдөө одоо ч би санаж байна. Цэнгэл, Отгонбаатар, Бат-Эрдэнэ гээд л...ЗХУ-ын үеийн Урал, Свердловск   хот   социализмын үед хаалт­­тай хот байлаа. Зөвхөн монголчууд, монгол оюут­нууд л энэ хотод амьдарч, суралцах эрхтэй байв. Гэхдээ их чанга хатуу хараа хяналт дор. Тэр үед гадаад оюутнууд хичээлээс гадуур арилжаа наймаа хийх өөр хот руу явах нь илэрвэл өчиггүй хөөгдөнө. Тиймээс л бид арга сүвэгчилж монгол найз нарынхаа авчирсан арьс үс, малгай, нарийн хи­лэн зэрэг ховор нандин ба­рааг борлуулж өгнө. Мөн тэдэндээ хэрэгтэй зүйлийг нь ч боломжоороо олж өгнө. Энэ харилцаа маань гүнз­гийрсээр Орос-Монгол хоёр улсыг дамнасан бизнесийн хамтрагчид зарим найзууд маань ч сайн бизнесмэн болт­лоо өргөжсөн юм. Харам­салтай нь, энэ  бүхэн одоо сайхан түүх болон үлджээ.

-Таны захидлаас үзэхэд таныг хохироосон гэх  хүн нь манай улсын нэртэй бизнесмэн, улстөрч “Ажнай” хэмээх тодотголтой Д.Бат-Эрдэнэ гэ­дэг хүн бололтой. Ер нь бол Монголын толгой хө­рөнгөтнүүдийн нэг гээд хэлчи­хэд буруудахгүй байх. Гэтэл ийм асуудалд нэр холбогдсон нь итгэ­мээргүй ч юм шиг?

-Эхэндээ ийм юм болоод байгаад итгэж өгөөгүй. Бид оюутан  ахуйгаасаа л найзалж нөхөрлөж бие биенээ түшиж ирсэн улс. Хорин хэдхэн настайгаасаа л нөхөрлөсөн гэсэн үг шүү дээ. Гэтэл би тун удахгүй 58 нас хүрэх гэж байна. Өдий насанд нөхөрлөл ингэж дуусч байгаа нь тун харамсалтай хэрэг. Би хэдэн жилийн өмнө Д.Бат-Эрдэнэ найзынхаа урилгаар Монголын өмнийн говьд гэр бүлээрээ айлчилж, үзэсгэлэнт байгалийг нь биширч явлаа. Би гурван сайхан охинтой хүн л дээ. Олон жил хүсч мөрөөдөж явсан хүүгээ бид тэгэхэд олсон юм. Одоо хүү маань 10 нас хүрэх гэж байна. Түүний маань монгол нэр нь Батхаан. Эхнэр бид хоёрын нууцхан хүсч явсан хүү минь Монголын тэр сайхан нутагт олдсонд бэлгэшээж, энэ нэрийг өгсөн хэрэг. Хүү маань ч нэрэндээ их дуртай.

-Таныг бас найз нөхөд тань “Монгол Костя” гэж авгайлдаг талаар сонссон юм байна?

-/Инээв/ Миний үзэх дуртай кино бол Сергей Бод­ровын “Монгол Урге. Хааяа зуун грамм хажуудаа тавь­чихаад үзэж суухад их зүйл бодогдуулдаг дэлгэцийн сайхан бүтээл шүү. Хүмүүс янз бүрээр л хүлээж авдаг байх. Миний хувьд бол гайхалтай бүтээл. Хааяа би найзуудтайгаа хоккей тоглодог юм. Тэр дунд  Оросын төрд  ажилладаг  хү­мүүс болон бизнесмэнүүд гээд их олуулаа тоглоно. Би тоглолтдоо хэт улайрчихаараа “Би Монгол байна” гээд л орилоод дайрчихдаг. Найзууд намайг явуулна. “Зөвлөлтийн үеэс өмнө монголчууд биднийг эзэрхийлж байсан шүү дээ. Гэтэл чи “Би Монгол” байна гэж орилоод байх юм” гэнэ.  Уучлаарай, манай хоёр орны түүхэнд түүнээс ч гайхалтай сайхан  түүх   олон  бий.  Уралын нийслэл Свердловск буюу эрт эдүгээгийн Ека­теринбург хотын иргэд монгол­чуудтай их олон зүйлээр холбоотой. Бидний эцэг, өвгөд ярьдаг л даа. Халх голын дайнд Уралаас маш олон эрчүүд цэрэгт татагдан оролцсон байдаг. Миний өвөг эцэг Эх орны дайны үед монгол хонины нэ­хийгээр хийсэн дулаан дээл, монгол хонины ноосоор хийсэн эсгий гутал, монгол морьд хөлөглөсөн Урал, Сибирийн эрчүүдээс бүрдсэн дивизүүд Москвагийн дэргэд гитлерчүүдэд үхлийн цохилт өгч явсан түүх бий. Бид бол цусаар холбогдсон ах дүүс. Харин “Монгол Костя” гэх нэр бол эртний юм. Сверд­ловскийн монгол­чууд­тайгаа ах дүү шиг ойр байсан учраас тэдний маань надад өгсөн “хоч нэр” гэх үү дээ.

-Таны хүчээр гэх үү, нэр нөлөөгөөр гэх үү монгол­чууд Свердловскт зах зээлийн шилжилтийн эхэн уед дээрэмдүүлж, зо­дуулчих вий гэж айж ичих зүйлгүйгээр худалдаа наймаа эрхэлдэг байсан гэж сонссон?

-1990-ээд он бол Монгол, Орос хүмүүсийн хувьд амар­гүй он жилүүд байлаа шүү дээ. Нийгэм, улс төрийн тогтолцоо өөрчлөгдөөд бид бүгд л амьдрах арга замаа хайж явсан. Танайхан манайд ирж ганзагын наймаа эрхэлнэ. Зах, вокзал дээр бараагаа ху­далдаална. Тэр бүрийд сайн муу хүмүүс  таарна. Заримдаа дээрэмдүүлнэ, ху­раалгана гээд асуудал, бэрх­шээл гарна л даа. Миний хувьд тогтсон бизнестэй, хамгийн анхны “Харбин” гээд ресторан  бүхий үйлчилгээний төв ажил­луулдаг байлаа. Тэр үед Свердловскийн захыг “Афганы холбоо” гээд бүлэглэл хянадаг байсан. Би Афганд алба хаасан бэлтгэл офицер хүн л дээ. Тийм учраас тэдэнтэй хэл амаа ололцоно гайгуй харилцаатай л даа. Тэнд ажиллаж байсан тө­лөө­лөгч “Хэдэн цөөхөн монголчуудын маань амар заяаг үзүүлэхээ байлаа” гэж надад гомдоллохгүй юу. Тиймээс өнөөдүүл рүү утас цохиж “Монголчуудад элэгтэй хандахыг зөвлөсөн” хэрэг. Харин сүүлдээ монгол оюутнуудыг хичээлд нь суул­гахаа байлгасан хэрэгт орох дөхсөн шүү /инээв/

-Яагаад тэр билээ?

-Яахав дээ, сүүлдээ “Афганы холбоо”-ныхон “татвар”-аа авахаар зах дээр очихоор Монгол оюутнууд үнэмлэхээ үзүүлээд “татвар” өгөхгүй, түүнийг нь бусад нь мэдчихээд монгол оюутнуудаар бараагаа за­руулдаг болчихгүй юу. Өнөө хэд маань түүндээ амтшаад захаас салахаа больчихсон хэрэг. Гэх мэтчилэн олон сайхан, хөгтэй ч гэмээр, хөгжилтэй ч гэмээр түүхүүд бий л дээ. Түүнээс улбаалж л намайг “Монгол Костя” гэх болсон юм.

-Сэтгэл хөдлөм сонсогдож байна. Гэвч сүү­лийн жилүүдэд хоёр орны харилцаа нэлээн хөндийрлөө. Одоогийн хүмүүсийн мөн чанар, тэр үеийн хү­мүүсийнхээс өөр болсон ч юм шиг. Таны хувьд үүнийг хэрхэн харж байгаа тань сонирхол татаж байна?

-Жирийн энгийн бидэн шиг хүмүүсийн хувьд юу ч өөрчлөгдөөгүй байгаа гэж боддог. Монголын хүний зочломтгой, тусч чанар одоо ч хэвээрээ л байна. Миний хувьд ч гэсэн алдаж  онож   яваа ч  монголчуудынхаа,  найз нөхдийнхөө талаар сайхан л сэтгэгдэлтэй явдаг. Мэдээж сэтгэл дундуур зүйлүүд бий л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол бидний нөхөрлөл хэвээрээ. Үл ойлголцол бол хаа ч байдаг л зүйл. Одоо хоёр улсын хувьд түүнийгээ даван туулаад харилцаагаа шинэ шатанд гаргах цаг нь иржээ гэж ойлгож байгаа. Сая би Владивостокоор дайраад ирлээ л дээ. Монголын кокс­жих болон сайн чанарын нүүрсийг Восточный боом­тоор дамжуулан Японы “Ниппон стийл”, “Жапан стийл” гэсэн хоёр, мөн Солонгосын нэг компаниуд нийлүү­лэх гэрээ байгуулсан юм.

Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхийлөгч Х.Баттулга нар Восточный боомтыг ашиглаж, Тавантолгойн нүүрсийг гу­равдагч зах зээлд гаргах та­лаар нэлээн үр дүнтэй яриа хэлэлцээрүүд хийсэн байна. Тэр дундаа Оросын төмөр замаар Монголын нүүрсийг хөнгөлөлттэй  үнээр  тээвэрлэх асуудлыг хоёр Ерөнхийлөгч шийдвэрлэсэн байна. Төмөр замаар Вос­точный боомтоор нүүрс гаргах, тэр хүртэл 0.5 ху­вийн хөнгөлөлттэй үнээр нүүрсээ тээвэрлүүлэх зэрэг асуудлуудыг Ерөнхийлөгч Х.Баттулга шийдвэрлүүлж чадсан байна. Монгол Улс энэ боломжоо алдалгүй ашиглана гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн 10 жилд хоёр улсын хооронд ийм ам­жилт­тай гэрээ, хэлэлцээр хийж байсныг би л хувьдаа санахгүй юм. Цаана нь хэрэглэгч худалдан авагчид бол хангалттай байгаа шүү дээ. Өмнө нь бид “Жижиг” Тавантолгойн нүүрсийг ОХУ-ын төмөрлөгийн том до­­лоон үйлдвэрт нийлүүлж байсан туршлагатай. Тэд Мон­­голын нэг вагон коксжих нүүрс Оросын дөрвөн вагон нүүрстэй чанараараа дүйдэг гэж үнэлдэг юм. Тийм уч­раас манайхан танай нүүрсийг ху­далдаж авах асар их сонирхолтой байдаг. “Магни­торскийн төмөрлөгийн үйлдвэр” бол Оросын хам­­­­гийн том үйлдвэр. Энэ үйлд­вэрт бид Монголын Таван­­­толгойн нүүрсийг анх “амтлуулж” онц гэсэн үнэлгээг авч байлаа. Яг одоо ОХУ-ын гурван том үйлдвэр Мон­голын  нүүрсийг худалдаж авахад бэлэн байж л байна. Цаана нь Япон, Солонгосууд Хятадын Зүүн хойт бус нутгийн үйлдвэрүүд ч бий.

-Гэтэл монголчууд ураг­шаагаа гаргадаг ганцхан гарцан  дээрээ хэдэн са­раар дугаарлаад л зогсч байдаг.

-Сая Х.Баттулга Ерөнхийлөгч нүүрсээ ОХУ-ын бо­лон гуравдагч зах зээлд гаргах замыг хангалттай сайн нээж өгч чадлаа гэж би хувьдаа дүгнэж байгаа. Үүнээс цааш ч өчнөөн бо­ломжууд нээгдэнэ, зах зээл өргө­жинө. Сүүлийн үед АНУ, Европын холбооноос ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ ихээр авах болсон. Энэ хоригт Олег Дерипаско, Роман Аврамович зэрэг олон олигархиудын бизнес багтсан. Жишээ нь, “Митчел” группийн нүүрсний экспорт өртсөн. Өөрөөр хэлбэл, нүүрс, төмөрлөгийн бү­тээгдэхүүнийг нь өрнөдөд гаргахаа болихоор Япон, Солонгосуудад өргөн боломж нээгдэж байгаа юм. Тэд хэзээ хэзээнээс илүүтэй Монголын коксжих нүүрсийг сонирхож эхлээд байна. Бизнесмэн хүний хувьд монголчуудын хувьд алдах эрхгүй том бо­ломж гарч ирж байна даа л гэж харж байна.

-Та өмнө нь Монголын Тавантолгойн нүүрсийг ОХУ-ын хэрэглэгчдэд хүргэ­сэн туршлагатай гэлээ. Энэ  талаараа   тодруу­лах­гүй юу?

-Одоогоос 10 орчим жи­лийн өмнө Д.Бат-Эрдэнэ найз маань Монголд хамтарч бизнес эрхэлье гэсэн санал тавьж, түүнийх нь дагуу хэсэг монгол нөхдийн хамт “Таван толгой” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааг худалдаж авсан юм. Одоо миний найзын өөрийн болгочихоод байгаа тэр хувьцаа шүү дээ. Ингээд “Говь-Урал” компаниа байгуулж, Чойроор дамжуулан ОХУ-ын зах зээлд нийлүүлсэн. Цаашдаа нүүрсээ түүхийгээр нь бус боловсруулж гаргах нь илүү үр дүнтэй юм байна гэсэн тооцоогоор Чойрт нүүрс угаах үйлдвэр барьж эхэлсэн юм. Тэндээсээ ОХУ-ын долоон том хэрэглэгчдэд коксжих нүүрс байнга нийлүүлэх төлөвлөгөөтэй байсан юм. Гэрээ хэлэлцээрүүд ч хийг­дээд байв. Гэтэл дэлхий зах зээл хямарсан. Түүнийг дагаад бидний ажил ч хоёр жил орчим сул зогсоход хүрсэн. Шинээр санхүүжилт олохын тулд Тээвэр хөгж­лийн банкнаас зээл авсан. Банк маань барьцаанд бай­сан миний хувьцааг шүүх хуулийнхан худалдан авагчидтай үлдэгдэл өр зээл ч хааж тооцоогүй эцэст нь хувьцаагаа алдсан гээд таагүй үйл явдлууд тохиолдсон.

-Танд байгаа баримтууд хөрөнгийн биржийн тэр үеийн мэдээнээс харж байхад өмнөх өдөр нь 5000 гаруй төгрөгийн үнэ­тэй байсан хувьцаа нэгж хувьцааны үнэ бусдад шилждэг өдөр 300 төгрөг болж буураад, маргааш нь эргээд 5000 гараад өсчихсөн байх юм. Мөн Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнд хувьцааг нь тань шилжүүлэх шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон материалыг “Хуу­рамчаар үйлдсэн, мөн бусдын тамга, гарын үсгийг орчуулгыг хуурамчаар үйлд­сэн нь гэрчийн мэ­дүүлгээр тогтоогдсон байгаа нь асуудлыг хэр ноцтой болохыг харуулж байна л даа?

-Энэ асуудлыг орос хүний нүдээр ч, монгол хүний нүдээр ч харахад их энгийн. К.Д.Романовский гэдэг хүний нэр дээр байсан 1,023,100 ширхэг хувьцааг шүүхийн маргаан дуустал бусдад шилжүүлэх, ямар нэгэн хөдөлгөөнд оруулахыг хориглосон Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр байдаг юм. Гэтэл тэр дүүргийн өөр нэг шүүгч хуурамч ба­римт материалд үндэслэж уг хувьцааг Д.Бат-Эрдэнэд ол­гуулах, шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ бүхний гол дүр буюу үүрэг гүйцэтгэгч  нь С.Амардэлгэр гэдэг шүүгч. Маш богино хугацаанд, олон хууль зөрчсөн шийдвэр гаргасан, шүүгч хүний хувьд ч байж боломгүй хуулийн бо­лоод ёс зүйн алдаа гаргасан байдаг юм. Тухай бүрт нь бид нотлох баримтыг хангалттай цуглуулж, цагдаа прокурорт гомдлоо гар­гадаг ч хэргийг шалгаж шийд­вэрлэхдээ маш хойрго ханддаг. Магадгүй зориудаар удаашруулж байгаа ч гэж хэлж болно. Нэг ёсондоо Мон­голын шүүх, прокурор, цагдаа нь нэг хөнжилд багт­сан гэж харагдаад байна л даа. Энэ системтэй, зо­хион байгуулалттай бүлэглэлийн эсрэг үнэхээр хүчин мөхөсдөж байна. Тий­мээс шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгыг энэ ав­лига, албан тушаалын гэмт хэргийн тогтолцоог нурааж, шу­­дарга ёсыг тогтоох болов уу гэсэн горьдлогоор тэрхүү захидлыг бичсэн юм. Мөн Монголын энгийн иргэд, га­даадын хөрөнгө оруулагч нарт надад тохиолдсон шиг шүүх, хуулийн хуйвалдааны хо­хирогч битгий болоосой гэж бодсондоо бичсэн юм.

-Ерөнхийлөгч танд ямар нэгэн хариу өгсөн үү?

-Одоогийн байдлаар би­дэнд мэдэгдсэн зүйл алга. Гэхдээ Х.Баттулга Ерөнхийлөгч харсан байх аа. Тулхтай алсын хараатай хүн учраас аливаа асуудалд хөнгөн хийсвэр хандахгүй судлаж байгаа гэдгийг нь бид ойлгож байгаа. Бидний зүгээс шаардлагатай бүх материал, нотлох баримтыг гаргаж өгч энэ асуудлын үнэн мөнийг олтол эцсээ хүртэл явах итгэл төгс байгаа. Монголчууд үнэнээр явбал, үхэр тэргээр туулай гүйцнэ гэж ярьдаг. Мөн “Зөв явбал зөөлөн зөө­лөн замбуулин” гэж дуулдаг ард түмэн. Би ч тэр дууг дуулах их дуртай. Миний мэддэг ганц Монгол дуу л даа. Тийм учраас үнэн хэзээ нэг өдөр ялах л болно. Үүнд эргэлзэхгүй байна.

-С.Амардэлгэр шүүгчийн хувьд Шүүхийн ерөн­хий зөвлөлийн дарга Д.Лүндэндоржийн гарын шавь гэгддэг мөн л манай урдаа барьдаг шүүгч нарын нэг гэж ойлгодог?

-Ес зүйн болоод процес­сын маш олон алдаатай шийдвэр гаргасан талаар нь холбогдох байгууллагуудад гомдол гаргасан ч шийдвэрлэдэгүй, харин ч дэвшээд дарга болсон гэсэн нь тийм учиртай байж л дээ. Гэхдээ  бүх шүүгч нарыг би муу гэж хэлэхгүй. Сайн шүүгч нар бий.  Миний мэ­дэхээр Японд эрдмийн цол зэрэг хамгаалсан шүүгч эмэгтэй Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр манай асуудлыг хэлэлцэж байсан юм. Би одоо нэрийг нь санахгүй байгаа ч тэр шүүгчийн мэдлэг, ёс зүй, асуудлын голыг харах чадвар үнэхээр чадварлаг байсан. Харамсалтай нь, Дээд шүүхийн шүүгч нар асуудлыг будлиулж, хэргийг будлиантуулахдаа үнэ­хээр гарамгай юм билээ. Үнэндээ миний найз Д.Бат-Эрдэнэд хувьцааг минь хэрхэн өөрийн болгох арга замыг шүүх, хуулийнхан шат бүрт нь хэлж өгч, хуулийн цоорхойг хэрхэн ашиглах талаар маш их зөвлөгөө өгч эртнээс зохион байгуулсан болов уу гэж боддог. Надад Уралын хуулийн академийн удирдлагууд, эрдэмтэн профессор гээд олон найз бий. Тэд маш олон монгол хуулийн мэргэжилтэн бэлтгэсэн. Зарим нь Монголын их сургуулийн хуулийн факуль­тетед Монголын нэрт эрдэмтэн Чимэд, Авирмэд нар­тай хамтран ажиллаж байсан ахмад эрдэмтэд бий.

Бид хамтдаа суугаад энэ асуудлыг олон талаас нь судалж үзэхэд хуульч хү­мүүсийн, тэр дундаа шүүгч нар шүүхийн процесс дээр хэрхэн “ажиллах вэ”, “хэргийн гол нотлох баримтыг шүүхийн аль шатанд орхигдуулж гээх үү, тусгаарлах уу” гэдгийг на­рийн зохион байгуу­лалт­тай­гаар хийсэн байна гэдэг. Үнэхээр ч тэгж харагд­даг.

-Ганц энэ асуудал дээр ч биш өөр олон асуу­дал улс төр, хууль, шүүхийнх­ний бүрэл­дэхүүн­тэй “Бү­лэг­лэл”-ийн асуудал яригд­­даг л даа. Өөрөөр хэл­бэл, сүүлийн үед олон­таа дурдагдах бол­сон энэ сүлжээг задалж байж Монголын нийгэм цэвэр­ших болов уу гэж хардаг. Та бүхний хувьд цаашдаа ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Энэ бүх худал хуурмаг, булхай луйвартай эвлэрсэн шүүх, цагдаа, хуулийнханд бид бууж өгөхгүй. Түрүүн хэлсэнчлэн шударга үнэн хэзээ нэгэн цагт ялах л болно. Үүнд огтхон ч эргэлздэггүй. Учир нь, энэ асуудалд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхүйц зүйл байхгүй. Бид Д.Бат-Эрдэнэ болон Тээвэр хөгж­лийн банк шүүгч нарын бүх хууль бус үйлдлийг нь баримтжуулж авсан байгаа. Хэрэв Монголын шүүхээр яваад энэ хэрэг эцэслэж шийдэгддэггүй юм бол Олон улсын Арбитрийн шүүхэд хан­дах эрх надад байгаа тэр талаар  зөвлөж  байгаа ОХУ-ын шилдэг хуульчид ч байгаа. Эрх биш тэнд шу­дарга ёс бий гэдэгт эргэлзэхгүй байна.

Бод л доо. Санхүүгийн зохицуулах хорооноос ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн нэр дээрхи 1,023,100 ширхэг хувьцааны ногдол ашиг болох гурван тэрбум төгрөгийг хууль зөрчиж иргэн Д.Бат-Эрдэнэд олгосон байна гэдгийг тогтоож, энэ­хүү ажиллагааг гардан гүйцэтгэсэн “Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нарыг тус бүр 9,500,000 мянган төгрөгөөр торгож, эл асуудлыг хууль шүүхийн журмаар шийдүү­лэхийг зөвлөсөн шийдвэр гарсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооноос хууль бу­саар бусдын нэр дээрхи хувь­цааны ногдол ашгийг эзэм­шигчид нь олголгүй “хул­гайлсан” гэдгийг тогтоож өгөөд зогсохгүй, хууль зөрч­сөн хүмүүсийг торгож шийт­гэсэн байхад л шүүх энэ асуудлыг авч хэлэлцэхгүй хэрэгсэхгүй л байна шүү дээ. Энэ эрүүгийн гэмт хэрэг биш гэж үү. Орост бол эруугийн том гэмт хэрэгл дээ

-Монгол Улсад хууль хэ­рэгждэг гэж боддог. Таны ярьсан бүхэн үнэн бол үнэхээр ичмээр юм. Үнэн худлыг дэнслэх ёстой шүүх байгууллага маань ин­гэж ажиллаж байгаа  бол гадаад ертөнц биднийг хэдэн хулгайч, луйварч­наар л тө­сөөлөх юм байна?

-Бид бүх гомдлоо баримт­жуулж зохих газруудад ханд­сан байгаа. Аргаа бараад Х.Баттулга Ерөнхийлөгчид нээлт­тэй захидал бичлээ.

-Ер нь та оюутны найз Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй уулзаад асуудлыг шийд­чихэж болоогүй юм уу?

-Монголчууд алдсан хүн нэг тамтай, авсан хүн арван тамтай гэж ярьдаг байх аа. Хэцүү л байдаг байх. Бид бол аль болох асуудлыг ая эвээр зохицуулахыг хичээж ирсэн. Долоон жил өнгөрлөө шүү дээ. Гэвч найз маань уулздаггүй. Сая Ерөнхийлөгчид хандаж захидал бичсэнийг дараа дам хүнээр асуулгаж байна лээ. Костя үнэхээр өөрөө бичсэн юм уу гэж. Одоо ч гэсэн танай сониноор дамжуулж хариулахад, тийм ээ, найз минь тэр захидлыг би өөрөө бичсэн. Болдог бол Ерөнхийлөгчтэй уулзаж, асууд­лаа тавимаар байна. Мон­голын нүүрсийг Вос­точный боомтоор дамжуулж дэлхийн зах зээл дээр гаргах бүрэн дүүрэн боломж байгааг биеэрээ очиж бо­ломжуудыг судалснаа ч хэлье. Монгол, Орос нийлсэн найзууд тэр жимийг тэртээ 10 жилийн өмнө гаргачихсан. Одоо ч балраагүй улам то­дорч бай­гаа тэр жимээрээ алхсаар  байгаагаа  Мон­голын маш олон уурхайн нүүрсний чанарыг тодорхойлуулж, су­далсан зэрэг олон жилийн хүсэл мөрөөдөл хийсэн су­дал­гааны ажлынхаа талаар ярьж сэтгэлээ онгойлгомоор байна. Магадгүй тэр хүн л бидний олон жилийн турш хүсэн хүлээсэн шударга ёсыг тогтоож өгөх юм шиг санагдаж байна.

 

Б.НАРАН

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна