Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэбаттай олон улсын цалингийн жишиг хандлага ба дундаж цалингийн хэмжээ болон хөдөлмөрийн хөлсний суурь хэмжээний талаар ярилцлаа.
-МҮЭ-ийн холбооноос цалин нэмэх талаарх хэлэлцээрийг дөрөвдүгээр сарын 30-ний дотор эхлүүлэх гэсэн шаардлага хүргүүлсэн. Засгийн газар ямар нэгэн хариу өгсөн үү?
-МҮЭ-ийн холбооноос дөрөвдүгээр сарын 30-ний дотор хэлэлцээрийг эхлүүлж ямар хувиар хэний цалинг яаж нэмэх вэ гэсэн асуудлыг шийдвэрлэхийг шаардсан байгаа. Засгийн газар энэ онд цалин хөлс нэмнэ гэсэн байр суурин дээр байгаа гэж ойлгож байгаа. Одоогоор цалинг хэдэн хувиар нэмбэл болох вэ гэсэн зохих ёсны судалгааг хийгээд явж байгаа.
-Бас төрийн албан хаагчдын цалингаас гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх асуудлыг мөн танай зүгээс тавьсан байгаа. Энэ талаар тодруулна уу?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчилж байх ёстой. Өмнө 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга буюу цагын 1428 төгрөгөөр тогтоон есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэсэн. Энэ удаад МҮЭ-ийн байгууллагын зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Ер нь бол цалингийн доод хэмжээ дундаж цалингийн 40 орчим хувьтай нийцэж байх ёстой гэсэн олон улсын жишиг хандлага байдаг. Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр өнөөдөр дундаж цалин 900 мянган төгрөг хүрсэн гэж үзвэл үүний 40 хувь буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400 мянган төгрөг хүргэх ёстой гэж бид үзэж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль өсөхгүй Учир нь ХХДХ тэй уялдуулдаг байсныг больсон.
Үнэ, инфляцийн төвшин, валютийн ханшийн өсөлт гээд төгрөгийн худалдан авах чадварыг унагаасан хүчин зүйлүүдийг ч тооцож үзэх ёстой.
Хэдийгээр инфляцийн өсөлт тийм өндөр биш байгаа боловч төгрөгийн худалдан авах чадвар буусан. Өмнө нь торгууль, шийтгэлийг хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцдог байсан бол одоо хүчингүй болсон. Энэ мэт хүчин зүйлсийг тооцох ёстой.
Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дэлхийд болон Азийн сүүлийг мушгих хандлагатай. Манайх шиг 100 ам.долларын хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй улс орон гэвэл Африкийн орнууд л байгаа.
Өмнөд Солонгос улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг сая 500 мянга орчим бол одоо хоёр сая 500 мянган төгрөг болсон байна. Гэтэл манайх үүнээс 10 дахин бага.
-Тийм ч учраас монголчууд гадагшаа тухайлбал Өмнөд Солонгос руу гарч ажиллах сонирхолтой байгаа, тийм үү?
-Тийм ээ. Монголчууд олноороо гадагшаа ажиллаж байгаа нь хөдөлмөрийн үнэлэмж муу байгаатай шууд холбоотой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа нэг хүний ард 2,5 хүний амьжиргаа тэжээгдэж байдаг гэсэн судалгаа бий. Нэг хүнд ноогдох амьжиргааны баталгаажих төвшин буюу хоол хүнсний үнэ өртөг 200 мянган төгрөг гээд үзэхээр 240 мянган төгрөгний цалинтай хүн өөрийгөө л тэжээх мөнгөөр эхнэр, хүүхэд ар гэрээ тэжээгээд явж байна. Ийм асуудал байгаа учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хэмжээнд дорвитой өсгөх шаардлага байна.
Хүн ам цөөнтэй манай улсын хувьд эх орныхоо баялгийг бэлэн мөнгө тараах маягаар шийдэх үү цалингаар дамжуулж хүртээх үү гэдэг бодлогын сонголт бий. Хэрвээ цалингаар дамжуулж хүртээвэл эдийн засаг сэргэх, татвар төлж байгаа компаниудын бараа эргэлт сайжран, ажлын байр нэмэгдэх, ядуурал буурах гэх мэт олон талын ач холбогдолтой. Тиймээс энэ тал дээр манай ҮЭ-ийн байгууллага тууштай шаардаж ажиллана.
-Цалин нэмэх шаардлагыг танай байгууллагын зүгээс байнга тавьдаг. Ийм боломж байна уу?
-Цалин хөлсийг дорвитой нэмэх цаг яалт ч үгүй болсон. Маш их ачаалалтай ажилладаг дунд сургуулийн багшийн үндсэн цалин 500 мянга, нэмэгдлээ оруулаад 700 мянга. Үүнээс татвар, шимтгэлээ төлөөд 500 мянга. Урьдчилгаа гэж нэг талдаа 200 мянган төгрөг авна. Хөдөлмөрийн үнэлэмж ийм байгаа учраас бага ангийн багшаар ажиллах хүн олдохоо больж байна. Дунд сургуулийн багш нар цөөрч байна. Хамгийн их ачаалал үүрдэг эмнэлэгийн бага тушаалын сувилагчаар ажиллах хүн ч олдохгүй байна. Энэ хүмүүс хаачсан бэ гэхээр Солонгос явж ажиллаж байна. Хэдэн зуун мянгаараа Солонгос руу явж байна. Тэгэхээр Монгол улс ажиллах хүчний хомсдолд орчихлоо. Ирээдүйг маань сургаж, бэлтгэж байгаа , миний эрүүл мэндийг хамгаалах хүмүүс маань цалин мөнгө нь хүрэлцэхгүй аргагүй эрхэнд харийн орныг зорьж байна.
Тиймээс энэ хүмүүсийн дундаж цалинг ядаж мянган доллар луу, дэлхийн дундажруу бага зэрэг ч гэсэн ойртуулаачээ гэж хүсч байгаа. Дэлхийн дундаж цалин 2 мянга гаруй доллар байдаг гэж үзвэл ядаж үүний 50 хувьд нь хүрэх зорилтыг тавих хэрэгтэй байна. Түүнээс биш эдийн засгийн хүртээмжгүй өсөлт, төсвийн, өндөр, өндөр байшин, олон машин тэргээр амьдрал сайжраад байна гэсэн “утоп” (хийсвэр) дүгнэлт хийж болохгүй. Хүмүүсийн амьдрал, өрхийн орлого хэдээр нэмэгдсэн бэ гэдгээр л дүгнэлт хийх хэрэгтэй.
Дашрамд сануулахад, Татварын хууль, нийгмийн даатгалын хууль, хөдөлмөрийн хуулиуд бүгд иргэдтэй холбоотой хамгийн чухал хуулиудад иргэд маань маш анхааралтай хандаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байх хэрэгтэй. Тухайлбал:Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмсэн, тэтгэврийн насыг өөрчилсөн зэрэг асуудалд анхаарлаа хандуулах ёстой.
Өнөөдөр УИХ-ын гишүүд өөрийхөө компанийг эсвэл өөрийгөө төлөөлж суугаагүй. Нийт ард иргэдийг төлөөлж хууль тогтоож байгаа хүмүүс яаж ард иргэддээ ашигтай, хүмүүнлэг, эдийн засагийн баялгийн хуваарилалтыг зөв хүргэсэн, ядуурлыг бууруулахад чиглэсэн, цалин орлого дээр нь бага ч гэсэн нэмэр болсон ийм шийдвэрийг гаргах ёстой. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгөөр бизнес хийдэг, ашиг сонирхолын зөрчилтэй асуудалд анхаараач ээ гэж хэлмээр байна.
-ҮЭ-ийн холбоог төлөөлж ямар хүмүүс хэлэлцээрт оролцох вэ?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох ажлын хэсэгт МҮЭ-ийн холбоо болон Сангийн яам, хөдөлмөрийн яамнаас тодорхой төлөөлөгч нар оролцоно.
-Баярлалаа. Амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна