• Эхлэл
  • Оросыг сорих геополитик л явж байна

Оросыг сорих геополитик л явж байна

2018/10/29

Нийтлэлч Д.Баярхүүгийн нийтлэлийг хүргэж байна.

С-300 пуужин Сирид өглөө, С-400 пуужин Энэтхэгт худалдлаа, Энэтхэг АНУ-ын хориглосныг эс харгалзан худалдан авахаар боллоо, Хятад C-400, Cy-35 худалдан авах болсноор АНУ БНХАУ-ын эсрэг анх удаагаа санкц тавьж байгаагаа зарлалаа. «Санкц тавих замаар Америкийн дайснуудыг эсэргүүцэх тухай» (CAATSA) хуулийн235(a)-д заасан санкцын жагсаалт гэдэгт зэвсэглэл, цэргийн техникийн салбарт хамаарал бүхий хятадын төрийн байгууллагууд нэр заагдлаа гэсэн мэдээ саяхан явж байсан. Ердөө уржигдрын мэдээбайна. Украинд Украин-НАТО-гийн “Цэлмэг тэнгэр-2018” гэх агаарын цэргийн хээрийн сургууль явагдаж, түүнд нь израилийн нисэх хүчнийхэн оччихсон, НАТО ба америкийн F-15C Eagle сөнөөгч онгоцууд С-300-гийн цэц мэргэнийг сорьж, судлаж, газар орон дээр туршлаа.Үүнд нь Орос тун таагүй хандлаа. Киевийн эрх баригчдын эсрэг Оросын ТВ-үүдээр ток-шоу хөвөрч өгөхөөр эмзэг сэдэв өмнөд хөршөөс нь цухалзлаа.

Зенитийн пуужингийн С-300 комплекс энэ жилжингээ олон улсын үг хэллэг болж хэвшлээ. Бараг л энэ пуужингаас болж дэлхийн III дайн дэгдэх шахуу элдэв таамаг, айдас сайтуудаас салахгүй байна. 

Энэ юун, ямар ид шидтэй пуужин болоод анхаарал татав? 1975 онд СССР-т бүтээгдээд 1978 онд зэвсэглэлд нэвтэрсэн, одоог хүртэл түүнийг шинэчлэн сайжруулсаар ирсэн боловч яг дайнд хэрэглээд дайсанд цохилт өгсөн түүх үгүй. Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг дотор дэлхийд С-300 хамгийн алдартай нь, эсвэл хамгийн их сонирхол татдаг нь хэмээн лавлах сайтад нь бичээтэй байна. Учир нь гадаад орнууд ихээхэн сонирхдог, худалдан авдаг, худалдан авахыг хүсдэг, зэвсэглэлдээ байлгаж байх сонирхолтой. Энэ ангиллын сайжруулсан, сайжруулаагүй олон янзын пуужин хуучин СССР-ийн зарим улсын (Украин, Белорусс, Армен, Азербайжан, Казахстан гэх мэт) зэвсэглэлд байна. Мөн Алжир, Болгар, Иран, Хятад, Кипр, Сирийн арми ийм төрлийн пуужинтай. 

Сонирхол татах нэг үндэслэл нь цэц мэргэн, хүч чадал сайтай. С-300 комплексыг улам сайжруулаад С-400 «Триумф» болгоод 2007 оноос оросын зэвсэгт хүчний зэвсэглэлд өгсөн. Агаар мандал, сансраас учрах аливаа аюултай биетийг 400 километрийн радиуст устгах хүч чадалтай. Цаашдаа С-500 «Прометей» хэмээх пуужин бүтээж 2020 онд зэвсэглэлд өгөхөөр төлөвлөж байна. Түүний даялал нь 481 километр. Оросын улс төрч В.Жириновскийн ТВ-ийн ток-шоугаар зарлаад байсанС-600 ба С-700-гийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. 

Гадаадад зэвсгийн экспортод С-300-г гаргахаар 2011 онд Орос шийдвэр гаргасан. Одоо бол Оросын экспортын орлогын нэг гол эх ундрага болох төлөвтэй.

Ер нь өрнөдийн цэргийн мэргэжилтнүүд энэ С-300 пуужинг олж авах, илүү ойр танилцах, болж өгвөл туршиж үзэхийг эртнээс хүссэн. СССР тарсны дараа тэр боломж нь бүрдсэн. Тийм зэвсэгтэй Болгар гэхэд л НАТО-гийн гишүүн болчихоод байна. Анхлан 1996 онд израилийнхэн энэ пуужинг нээж, байлдааны чадвар, үр дүнг нь тооцоолж үзжээ.Тэгэхдээ Кипрт Оросоос худалдсан пуужинг олж авсан уу, эсвэл очиж задалж үзсэн байх магадлалтай. Тэр үед юм болов уу, Израиль, Грек хоёр хамтарсан хээрийн сургууль хийж эл пуужингийн сул талуудыг олж тогтоож байжээ. Зөвлөлтөөс салж одсон зарим БНУ-ууд уг пуужинг задлаж зарим нэг эд ангийг нь Америкт худалдсан гэх хардлага одоо ч яваа юм билээ.

Ийм нэг дуулиантай пуужин яг одоо Ойрхи Дорнодын мөргөлдөөний гол зэвсэг болохын даваан дээр байна. 2015 оноос Сирид Орос байлдаж байна. Сирийг энэ пуужингаар яагаад зэвсэглэх болсон гэдэгт олон тайлбар хэрэггүй. Израилийн F-16 сөнөөгч 4 онгоц нам дор нислэгээр Сирийн цэргийн байгууламжууд руу шөнийн цагт халдсан, гэтэл тээр дээр үүлнээс дээгүүр оросын цэргийн тагнуулын Ил-20 онгоц дээрээс нь ажиглалт хийгээд нисч явсан, тэр үед сирийн агаарын довтолгооноос хамгаалах цэрэг тэнгэр өөд израилийн сөнөөгч онгоцууд руу баахан С-200 пуужин харвасан, тэр харвалт цэцээ алдаад хэт өндөрт нисч явсан оросын цэргийн онгоцыг сөнөөчихсөн. Олон сайхан орос эрс тэнд амиа алдсан. Ийм л эмгэнэлтэй явдал сар орчмын өмнө болж өнгөрсөн. 

Энэ хэрэгт Орос нь Израилийг буруутгасан боловч тэр буруутгал нь сүүлдээ зөөлрөөд намжаад явчихсан. Израиль буруугаа огт хүлээгээгүй, уучлал эрээгүй. Гол буруутан нь муу зэвсэглэсэн сирийн арми болж таарсан байх.

Тэгэхлээр одоо сирийн армийг дахин зэвсэглэж, хэрэв дахин израиль халдвал оросын С-300-гаар хариу барьж, өмнөх явдлын тооцоог бодно гэдгээ ч оросын цэргийнхэн зарласан. Зарим мэдээгээр Сирид өгсөн С-300 пуужингийн сири мэргэжилтнүүдийг бэлтгээгүй тул оросын цэргийнхний мэдэлд байгаа ба тэр нь Хмейми дэх оросын цэргийн баазыг хамгаалаж буй С-400-тай нэгдмэл автомат сүлжээнд байдаг бололтой юм. 

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс мэдэгдэж байнаа: - Орос болон бусад орны байр суурь ямар байхаас үл шалтгаалан израилийн арми Ираны эсрэг аливаа улс оронд, хаана ч байлдах болно. Хэрэв Израилийн үндэсний эрх ашгийг ямар нэг хэлбэрээр зөрчих аваас Сирийн нутаг дэвсгэр дэх оросын цэргийн хяналтын байрлал руу цохилт өгөхөд бэлэн байна. Бид Сирид Та нарын эсрэг ажиллах болно. Бид Иранд Та нарын эсрэг ажиллах болно. Бид манай эх орон, манай хүмүүсийг хамгаалахын төлөө Та нарын эсрэг ажиллах болно гэжээ.

Нетаньяхугийн энэ үг оросуудын эгдүүг тун их хүргэжээ. Ерөөсөө л Оросын эсрэг чиглэсэн, өдөн дуудсан харгис мэдэгдэл гэцгээлээ. Үнэндээ ч Сирид Орос, Иран, Хезболла нь холбоотон шахуу болоод сирийн байнгын армитай хамт лалын босогчидтой байлдаж байгаа. Иран нь Израилийг газрын хөрснөөс арчина гэх стратегийн зорилготой. Түүндээ хүрэхээр Сирид орж ирээд бэхжээд авсан. Ираны байрлалуудад жүүдийн агаарын цэрэг цохилт өгөөд эхэлсэн. Одоо ганц алхам үлдсэн нь израилийн сөнөөгч онгоцууд Сирийн хил даван дахин халдлага үйлдэх үед оросын С-300-д оногдож сөнөх эсэх. Хэрэв тийм явдал болбол дараагийн алхмыг тааж оношлоход бүр хэцүүднэ. Хүсэх юм ерөөсөө биш. Оросын баазуудыг онилж байлдах, орос хариуд нь Израильд цохилт өгөх, тэр тохиолдолд Израилийн холбоотон АНУ Сири рүү өргөн хэмжээгээр агаараас довтлох, Оросын агаарын ба сансрын цэргийн баазуудыг дайрах, өмнө нь 4 дүгээр сарын шөнийн дайралтад хамсан оролцсон Британи, Францын хүчин АНУ-тай хамт хавсрах гэхчлэн шатлан өргөжих магадлалтай. Яг энэ эгзэгийг АНУ ашиглан Иранд цохилт өгч эхэлбэл дэлхийн хэмжээний гэдэггүй юм аа гэхэд бүс нутгийн айхтар том дайн дэгдэж мэднэ. Шиитийн шашинт Ираны эсрэг суннитын шашинт Булангийн бүх улс нэгдэж нийлээд мөнхийн өшт Израильтайгаа хүч хавсран персийн тэр улсыг сүйдлэх,Ойрхи Дорнодын бүх шиит арабчууд төрийнхөө эсрэг босч тэмцэх, Саудын Арабт суннит-шиитүүд нь дотооддоо дайтах, Саудын Арабын тэргүүлсэн суннит араб улсуудын цэргийн эвсэл Йеменийг үнсэн товрого болтол нь байлдах магадлал нэн өндөр. Гадаадын цэргийн шинжээчдийн таамгаас энд эвлүүлэн буулгаж байна.

Тэр тухай сэтгэдэггүй юм аа гэхэд Сири дээр бол гал авалцахад ганцхан цучил дутуу байна. Оросын алдарт пуужингийн цэц, хүч чадлыг нь сорьсон, бараг өрсөж устгаж мэдэх, эсвэл радарт баригдахгүй, пуужинд нь гүйцэгдэхгүй илүү хүчирхэг F-35 онгоцоо байлдаанд оруулах, хариуд нь орос Су-57 гэх 5 дахь үеийн сөнөөгч онгоцоо байлдуулах, оросын шинэ зэвсэглэлийн цэц мэргэнийг сорих хувилбарыг сайтуудад бичээд эхэлсэн. 

Ер нь ОХУ нь Ойрхи Дорнод, Умард Африк дахь шашнаас үүдэлтэй, эдүгээ геополитикийн эсрэгцэл болж хувирсан бүс нутгийн мөргөлдөөний томхон тоглогч болсныг бид харж байна. Саяхнаас Ливид цэргээ оруулчихлаа. ОХУ-ын БХЯ-ны эх сурвалжаас сэдэвлэноросын хэвлэлийн “РосБизнесКонсалтинг” гэх магнат энэ тухай дэлхийд зарлачихлаа. Оросын элитийн десантын хэдэн арван анги салбар Москва орчмоос агаараар Ливийн дорнод нутагт газардаад үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Ливийн үндэсний армийн командлагч маршал Халиф Хафтар энэ удаа Москвагийн холбоотон болж таарсан ба Оросын цэрэг байрласан нь нефть-байгалийн хийн ашиг сонирхлоос нь үүдэлтэй хэмээн английн The Sun сонинд бичсэн байх юм. Хафтарын армийг хэрхэн дэмжиж байгаа талаар ч мэдээлэл байна. Хүнд зэвсгээр хангасан, оросын цэргийн тагнуулынхан хамтран ажилладаг, тусгай хүчнийхэн очсон, сургалт явуулж байгаа, холбоогоор хангаж байна гэхчлэн. Тэнгисийн эргийн Тобрук, Бенгази хотуудад оросын цэргийн хоёр бааз байгуулагдсан, Вагнер гэх хувийн цэргийн компанийн нэрийн дор үйл ажиллагаа явуулж байна. Ливид тэнгисийн хөлөг онгоцны довтолгооноос хамгаалах оросын «Калибр» хэмээх систем, нөгөөх алдарт С-300 комплекс Ливид байнагэхчлэн англи сонины нэг мэдээнд байх юм.

Геополитикийн ба геостратегийн холбоотны эрэлд гарч, тэр чиглэлээрээ тоглолтын талбаруудыг алдалгүй эзлэн авч яваа, цэрэг-аж үйлдвэрийнхээ хамслын захиалгыг хэрэгжүүлж буй Оросын тухай бичих, ярих, онолдох гадаадын шинжээч олныг эшлэж болохоор байна.

Ингэхэд энэ бүхэн цэрэг-дайны тухайд бус, цаанаа бас өөр учир шалтгаанаар нөхцөлдсөн талаар гарчигт дурдсаны дагуу өгүүлье. Оросын хүч нөөц, санхүү, санхүүгийн орлогыг шавхах томхон тоглолтыг өрнөдийнхөн сэдсэн тухай ихээхэн бичдэг болжээ. Нефть, хий бол ойлгомжтой. Энэ салбарт Орос дундрашгүй их нөөцтэй. Гадагш зарсаар байх болно. Экспортын гол эх үүсвэр нь. Экспортын дараагийн нэг гол эх үүсвэр нь зэр зэвсэг. Одоо бол С-300 экспортын нэр төрөл дотор ороод ирсэн. Хятадад худалдах сансрын пуужингийн хөдөлгүүр гэх мэт экспортын шинэ нэр төрөл нэмэгдэнэ. 

Логикийн үүднээс авч үзвэл өрнөдийнхөн ийм л зүйлийг Оросоос хүлээж анаж байх шиг.Оросоос гадаад улс орнуудад нийлүүлэх, худалдах, тэгснээрээ орлого олох тэр цаад “юм”-ыг нь бүрмөсөн бартал нь, хамгийн сүүлчийн нөөцний салбар руугаа ортол нь шахах бололтой байна. Бараг тийм салбар руугаа ч орж байх шиг. С-300, С-400, Су маркийн тийрэлтэт онгоцууд, мөн сансрын техник, технологи руугаа орж байгаа нь үүнийг илтгэх мэт. 

Зэвсгийн наймааны салбарт энэ их өрсөлдөөнд ОХУ-ыг татан оруулаад тамирдтал нь өрсөлдүүлэх, тэгснээрээ хүч нөөцийг нь шавхах, тэр нь нийгэм-улс төрийн савлагаанд хүргэсэн талаар өмнө нь “Хүйтэн дайн”-даа СССР-ийг ялсан тэр хур туршлагаа энэ удаа өрнөдийнхөн гаргаж ирээд зэвсэг болгон тоглож байгаа нь илт байна. Зөвлөлтийн цэргийг Афганистанд тамирдтал нь, залхтал нь байлдуулж, тэр нь СССР-т багагүй сүйтгэл хохирол учруулж, эцэстээ СССР нурахад томхон шалтгаан болж байсан түүхийг энэ удаа Орос дээр давтахыг үгүйсгэмгүй .Өнөөгийн Орос маш олон “фронт” дээр хүчээ сориход хүрч байна. Дэргэд нь Донбасс, Гүрж, мөн Ар ба Өвөр Кавказ, Молдавт Днестр мөрний хоёр эргийн заагт, алсалбал Сири, саяхнаас Ливи гэх мэт. Нэмэгдээд байх нь тэр. Олон фронт дээр байлдуулж байлдуулж Оросыг сулруулахыг нь үзэх нь өрнөдийнхний нэг тактик байх магадлалтай.

Өнөөдөр АНУ ба НАТО-гийн цэргийн хүчний дэргэд Орос хүчгүйтэж байна гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг болсон. Оросын цэргийн шинжлэх ухааны доктор, Оросын Пуужинт ба артиллерын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Константин Сивков гэдэг хүний ярьснаас үг үсэггүй буулгая. Олон үзүүлэлтээрээ Орос хоцорч байна: Нисэх онгоц тээгч хөлгөөр 12 дахин хоцорч явна. Хамгийн хүчтэй гээд байгаа “Кузнецов” хэмээх авианосец нь америкийн ижил төрлийн хөлгийн талын талд ч хүрэхгүй аж. Крейсер хөлгөөр АНУ 6.5 дахин, эсминц хөлгөөр 5 дахин, олон зориулалтын атомын шумбагч хөлгөөр 4 дахин давуу яваа ба Орос юугаар Америкийг давах вэ гэвэл атомын хөдөлгүүргүй шумбагч хөлөг, тэнгисийн ойрын зайнд ажиллах хөлөг, пуужинт жижиг хөлөг, хурдан катер завийнхаа тоогоор АНУ-аас давна. Хэрэв АНУ ба НАТО-гийнх гэж ярих аваас Орос давуу байх үзүүлэлт нэг ч байхгүй. Оросын агаарын ба сансрын хүчин нь сөнөөгч, бөмбөгдөгч, дайрагч онгоцоороо АНУ-аас 4 дахин доогуур байгаа ба хэрэв байгаа бүх нисэх онгоцуудаараа тооцоо хийвэл АНУ-ынх Оросынхоос 8 дахин томроод явчихна. Су-57 мэт 5 дахь үеийн сөнөөгч онгоц Оросын зэвсэглэлд байгаа ч энэ нь аль ч талаараа Оросын нисэх хүчинд давуу байдал авчрахгүй хэмээн Сивков хүлээн зөвшөөрчээ. 

Хуурай замын цэрэг, дээд зэргийн онч бүхий мэргэн зэвсгээрээ Орос нь Америкаас хоцорсон хэвээрээ, хуурай замын цэргийн тоо гэхэд л оросынх 2 дахин цөөнбайна. Баллистик пуужингаар АНУ 3.5 дахин, том калибрын их буу, катюшаар 4 дахин, Оросын “Искандер” гэх пуужин нь Америкийн ATACMS гэх пуужингаас цэц мэргэний хувьд илүү ч гэсэн АНУ-д ATACMS пуужингийн комплекс 800, хэрэв нөөц пуужингуудаа оролцуулбал 4500, харин Орост “Искандер” хамаагүй цөөн гэхчлэн тэр эрдэмтэн ярьжээ. 

“Зэвсэглэлээр хөөцөлдөх” гэдэг үг хэллэг “Хүйтэн дайн”-ы үед моод болж байсан сан. Зөрүүлээд Зөвлөлтийн энх тайвны программ гэгчийг бид мөн ч их сурталдсан. Яг түүн шиг өнөөгийн Оросыг тэр хөөцөлдлөгтөө татан оруулдагаа оруулчихлаа. Харин тэр нь ямар өртгөөр бүтээгдэх вэ, Оросын эдийн засаг даах уу гэдэгт л гол асуудал байх шиг байна. 

Дээр бичсэн нь зохиогчийн өмнөх албатай холбоогүй, Монгол Улсын албан ёсны байр суурь биш, Монгол-Оросын харилцааны эсрэг ямар ч үг өгүүлбэр байхгүй, бүгд цаанаа эх сурвалжтайг хүлцэн ажаамуу!

Нийтлэлч Д.Баярхүү. 2018.10.26

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин