• Эхлэл
  • Таеквондогийн холбооны ерөнхийлөгч хэн болох вэ?

Таеквондогийн холбооны ерөнхийлөгч хэн болох вэ?

2018/11/22

-Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд сарын өмнө ёс зүйн хариуцлага хүлээн ажлаа өгсөн өмнөх удирдлага нь дахин нэр дэвшжээ-

Ойрын өдрүүдэд спорт холбоодууд холбооны Их хурлаа товлож, шинэ удирдлагаа сонгож байна. Тухайлбал, саяхан Монголын цанын холбоо хуралдан, өмнөх ерөнхийлөгч Д.Хишигжаргал ажлаа хүлээлгэн өгч, Р.Хатан тус холбоог удирдахаар болсон.

Тэгвэл энэ бямба гарагт буюу 2018.11.24-нд Монголын олимпийн Таеквондогийн холбоо Ээлжит бус Их хурлаа хийх гэж байна. Тус хурлаар таеквондочид холбооны шинэ дүрмээ баталж, ирэх дөрвөн жилд тус холбоог удирдах удирдлагаа сонгох юм.

Өнөөдрийн байдлаар Монголын Таеквондогийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор тодорхой болсон байна.

Нэр дэвших эрхийг холбоод болон клубуудэд нээлттэй зарласан бөгөөд заасан хугацаанд тус холбооны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр Монголын Оюутны Таеквондогийн холбооноос Б.Онон, Арслан клубээс өмнөх ерөнхийлөгч Д.Энхбат нар нэрээ дэвшүүлж, мандатаа гардан авсан байна.

Д.Энхбатын хувьд 2006 оноос 2018 оныг хүртэлх 12 жилийн хугацаанд Монголын таеквондогийн холбоог удирдаж байгаад одоогоос сар гаруйн өмнө буюу 2018 оны аравдугаар сарын 17-нд ёс зүйн хариуцлага хүлээн, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ.  

Тодруулбал, энэ оны наймдугаар сард пара таеквондогийн тамирчин У.Сүрэнжав БНСУ-д болсон олон улсын тэмцээнд оролцохдоо допингийн төрөлд хамаарах эм бэлдмэл /Фурсамид/ хэрэглэсэн нь тогтоогдож, допингийн эсрэг зөрчил гаргасан тохиолдол тус холбоонд бүртгэгдсэн. Энэ явдалд тэрбээр хариуцлага хүлээж, баг тамирчдыг зохион байгуулж чадаагүй тул холбооны Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнийн хамт үүрэгт ажлаас чөлөөлөгдөн, Монголын үндэсний олимпийн хороо болон Биеийн тамир, спортын газарт энэ тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байдаг. Ийнхүү Монголын Таеквондочид 12 жилийн дараа ээлжит бус Их хурлаа зарлаж шинэ удирдлага сонгохоор ажиллаж байгаа юм.  

Гэтэл алдаа гаргаж, хариуцлагаа хүлээсэн өмнөх удирдлага дахин холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихээр өөрийгөө санал болгосон нь энэ спортынхны гайхшралыг төрүүлсэн үйл явдал болж байна. 

 


Сэтгэгдэл байхгүй байна