• Эхлэл
  • С.Батболдыг огцруулах эсэхийг өнөөдөр шийднэ

С.Батболдыг огцруулах эсэхийг өнөөдөр шийднэ

2018/11/26

Нийслэл хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ. Хэдийгээр түүний ажлыг 80 хувийн биелэлттэй байгаа гэсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс огцруулах санал гаргасан. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийхдээ ч “С.Батболд та ажлаа өг” гэсэн байр суурийг илэрхийлэн хэлж байсан билээ. Уг асуудлыг хэлэлцэх ёстой НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнгөрөгч байсан гаригт болсон ч НИТХ дахь намын бүлгүүд завсарлага авах хүсэлт -гаргаснаар хурлыг 2018.11.27-ны өдөр хүртэл хойшлуулаад байгаа.  

Өнгөрөгч баасан гаригт товлосон хурал ирц бүрдэхгүй байсаар 16 цагт эхэлсэн. Харин НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хотын даргыг Ерөнхий сайд огцруулах санал гаргасан учраас хуралдаанд өөрөө оролцож, төлөөлөгчдийн асуултанд хариулах ёстой гэсэн юм. Тухайлбал, өмнөх хотын дарга Э.Бат-Үүл:

-Ерөнхий сайд хотын даргыг огцруулах тухай саналыг тавьж байгаа асуудал нь нийслэлийн засаг захиргааны түүхэнд анх удаа болж байна. Ийм улс төрийн үйл явц урд нь болж байсан түүх байхгүй. Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга хоёр өөр өөр намын харьяалалтай байхад ч ийм зүйл болж байгаагүй. Энэ нь хуулийн дагуу зөв явахгүй бол маш ноцтой зүйл болно. Нутгийн өөрөө удирдах ёсны байгуулллага үндсэн хуулийн институтын эрх хэмжээг дордуулсан хэрэг болно. Ингэж болохгүй. НИТХ-ын дарга С.Амарсайхан та ийм явдлыг хэрхэвч гаргуулж болохгүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга ирээд байхдаа яадаг юм. Юу гэсэн үг вэ. Юу ярьж байгаа юм. Засгийн газрын тэргүүнийг эзгүйд нь орлох албан тушаалтан бол Шадар сайд байдаг. Өөрөө байгаа үед эрх мэдлээ хэнд ч шилжүүлдэггүй. Нийслэлийн өөрөө удирдах байгууллагад асуудлыг ийм дорд үзсэн байдлаар оруулж ирж болохгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг ч бид зөрчихгүй. Нөгөө талаар ийм санал оруулж ирсэн Монгол Улсыг Ерөнхий сайдаас НИТХ төлөөлөгч бид асуулт асууж, хариулт авах эрхтэй. НИТХ-ын төлөөлөгч бол иргэдээсээ сонгогдсон хүмүүс. Иймд ээлжит бус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцох ёстой” гэсэн юм.

Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун ирэх оны төсөв хэлэлцэх гэж байгаа тул 14 хоногийн завсарлага авах санал тавьсан. Ингээд хоёр намын бүлэгтэй зөвшилцсөний эцэст хуралдааныг 2018.11.27 хүртэл хойшлуулсан. Харин өнөөдөр уг асуудлыг хэлэлцэхийн тулд хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох эсэх нь тодорхойгүй байна. Хурал 14.00 цагт эхлэхээр товлосон бөгөөд УИХ-ын байнгын хороодоор Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудал хэлэлцэж байгаа энэ үед Ерөнхий сайд НИТХ-ын хуралд "морилон" ирж оролцох эсэх нь тодорхойгүй. НИТХ дахь АН-ын бүлгийг огцруулах саналыг тавьсан Ерөнхий сайд өөрөө хуралд ирж тайлбар тавих ёстой гэж гэдийн дахин завсарлага авах юм бол байдал хэрхэх нь таагдашгүй байна. Нөгөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нд Нийслэлийн ирэх жилийн төсвийг хэлэлцэх ёстой. Гэтэл хотын даргыг огцруулах юм бол хуулийн дагуу нийслэл төсвөө арванхоёрдугаар сарын 5-нд хэлэлцэн батлах ёстой. Гэтэл хотын даргыг огцруулах эсэх асуудал дээр зууралдсаар нийслэл төсвөө баталж чадахгүй болж магадгүй нөхцөл бүрдээд байна.  

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:14.00 цагт товлосон хурал ирц бүрдэхгүй байсаар 18:00 цагт эхэлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайдын өмнөөс тайлбар хийхээр ирсэн ч Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн эсэргүүцэж, Ерөнхий сайдыг хуралд биечлэн оролцох хүртэл дахин завсарлага авах санал гаргав. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг долоо хоногийн дараа үргэлжлүүлэхээр тогтсон. Гэхдээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөгдөх хүсэлт гаргалаа. Тэрээр 

-1,5 сая хүнтэй нийслэлийн иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад Засгийн газрын тэргүүн, Хотын удирдлага хоёр хамтран ойлголцож ажиллах нь нэн чухал.
Миний бие үүрэгт ажлаасаа 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөр чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр уламжилж байна.
Учир нь төсвийн тухай хуульд заасны дагуу 12 дугаар сарын тавны дотор Улаанбаатар хотын төсвийг НИТХ-аар зохих хууль журмын дагуу батлуулах учиртай. Үүний дараагаас ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаа тул асуудлыг шийдвэрлэхийг хүсье гэсэн байна. 

 

 

 

А.Ану

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна