• Эхлэл
  • “Баяртай” Су.Батболд

“Баяртай” Су.Батболд

2018/11/28

Засаг огцруулах дуулиан шуугиан дундуур, төсөв хэлэлцэх шахуу хугацааны эхээр хотын дарга С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх шийдвэрийг гаргав. Магад цөөнгүй хүн алгаа ташин баярлаж байгаа биз.

Нэг талаасаа түүнийг ингэхээс өөр аргагүй байдалд хүртэл шахсан гэх боловч нөгөө талаасаа улстөрч Су.Батболдын хувьд харин ч эерэг оноо болж үлдэх нь. Огцруулах болсон шалтгаан нь ч сонин. Ажил нь сайн байна аа гээд байдаг, тэгэхдээ огцор гэж Ерөнхий сайд нь уйгагүй, шазруунаар шахаад байдаг. Су.Батболдыг огцруулах тухай асуудал бүр НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөс хойш үргэлжилсэн гэхэд болно. Хавраас хойш үргэлжилсэн Нийслэлийн МАН-ын даргыг сонгох асуудал ч Су.Батболдыг зайлуулах давхар санаа цухалзуулсаар. Эцэст нь байгаа үгүй нь тодорхойгүй бичлэгийн дуулиан дэгдээснээр бүр шуударсан тодорхой болсон. “Байгаа юм бол бичлэгээ гаргаж тавь” гэсэн ч тусыг эс олов. Хаа нэгтэйгээс ямар нэгэн бичлэг гаргаж ирж, тойрч шуугидаг нь Монголд ч одоо бараг энгийн үзэгдэл шахуу болоод байгаа. Тэгээд ямар хэн ч үзээгүй бичлэгээс болж С.Батболдыг огцрууллаа ч гэлтэй биш. Энэ бол Су.Батболдод харин ч эерэг оноо. Одоо түүнийг олон нийт ажлаа сайн хийсэн, үгүйдээ сайн хийх гэж хичээж явахдаа У.Хүрэлсүхэд сэлэмдүүлээд ажлаа өгчихлөө гэж харж байна.

Ерөнхий сайдын өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлсэн үгнээс ч Су.Батболдыг огцруулах асуудал яван явсаар засаг унагах том асуудал руу чирсэн болж таараад байгаа юм л даа. Эндээс хотын даргыг огцруулах асуудал нь маш том эрх ашиг, зөрчилдөөнөөс үүдэлтэй байж болохыг харж болно. Зарим нэг хүн хотын дарга “Туушин” зочид буудлын шатыг “туушиндсан”-аас зөрчил ил болж ирсэн гэж хэлж байна. Хотын төвийн явган хүний гарцыг чөлөөлсөн энэ алхам олон хүнд таалагдсан, бүр “туушиндах” гэдэг хэллэг бий болсон. Магадгүй үүний ард бизнес улстөрийнхний толхилцоон байж, үүгээр ил гарсан ч байж болох. Тэгсэн ч “Туушин"-г туушиндсан” нь С.Батболдод бас л эерэг оноо болсон.

Харин одоо Ерөнхий сайдын шазуур доор өөрөө огцрох өргөдлөө өгсөн нь олон нийтэд харин ч таалагдуулах оноо болж байна. Нийслэлийн төсөв хэлэлцэх хугацаа юу, юугүй тулчихсан энэ үед, тэр төсвөөр “шаантагласангүй”. Харин ч ажил гацааж болохгүй, би төсвөө хуулийн хугацаанд нь батлуулаад ажлаа өгчье гэчихлээ. Ийн Су.Батболд хувь улстөрчийнхөө хувьд 2020 оныг харин ч нүүр бардам, сэтгэл тайван, эерэг оноотойгоор угтах нь. Намайг ажил хийж байхад ажлыг нь авсан шүү дээ, одоо ямар байна гэж өшиглөж ч даналзаж ч болно. Дээр нь монголчууд угаасаа “унасан” талд зогсох дуртай хүмүүс.

Харин сонгуульт хугацааныхаа талыг шахам нь өнгөрчихсөн, асуудал олонтой байгаа энэ үед сонгогдох хотын дарга бол хэцүү дээ, хэцүү, тэр тусмаа өмнөх Засаг даргын баталсан төсөвтэйгээр.  Хамгийн олон асуудалтай байдаг хотын дарга үлдсэн хугацаанд юу хийх сэн билээ. Тэр бүү хэл сонгуулийн хугацааны талд нь хотын даргаа огцруулж “тоглосон” гэсэн сүүдэр 2020-д ихээ их нөлөөлөх магадлалтай. Магадгүй хотын сонгуулийн хувьд өвдөг шороодох эхний замаа тавьчихлаа гэхэд буруутахгүй байх.

Одоо шинэ хотын даргын дахиад нэг тулаан дэгдэнэ. Аль хэдийнэ хотын шинэ мэрийг тодруулчихсан ч байж магадгүй, тохиролцож чадсан бол. Дашрамд дахин сануулахад одоохондоо Засгийн газрын дажингийн дэргэд арай жижиг харагдаад байгаа хотын даргыг огцруулсан энэ асуудлын цаана ихээ том эрх ашиг, бүлэглэл, мөнгөний тулалдаан, зөрчилдөөн байгаа гэдэгт нэг их эргэлзэх хэрэггүй шүү, яваандаа ил болно биз.

А.Туяа


Сэтгэгдэл байхгүй байна