• Эхлэл
  • У.Хүрэлсүх: Би 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгч …

У.Хүрэлсүх: Би 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгч …

2018/11/30

УИХ-ын нэгдсэн чуулганаар (2018.11.30) Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Үд дунд 13.00 цагт түр завсарласан хуралдаан үдээс хойш 15.00 цагт эхэлж, Ерөнхий сайдыг огцруулах санал оруулж ирсэн УИХ-ын 27 гишүүний саналаар санал хураалт явуулна. Чуулганд өнөөдөр УИХ-ын 75 гишүүний 72 нь оролцож байна.

Чуулганы танхимын индэр дээр хараалын үгийг ердийн маягаар хэрэглэдэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх сууж байгаа. Би чадна, би ялна, би тэмцэнэ гэсэн үгээр имиж хийсэн У.Хүрэлсүхийн өөртөө бий болгосон имиж нийгэмд, гэхдээ хар масст бол таалагдаж байгаа. Үүнийг У.Хүрэлсүх мэдэрсэн байх. Харин ёс зүйн зарчим барих ёстой УИХ-ын чуулганы танхимд бүдүүлэгдүү харагдаж байгаа нь үнэн.

Ерөнхий сайдын энэ задгай яриа, хараалын үг хэллэгүүд, уур уцаараа илэрхийлж байгаа байдал  нийгэмд төдийгүй, улс төрд ч маш хурдан нөлөө үзүүлж байгаа. Үүнийг УИХ-ын гишүүдийн, улс төрчдийн дунд өрнөж байгаа хэрүүл, бие бие рүүгээ чулуудаж байгаа үг хэллэгээс тов тодорхой харж болно.

УИХ-ын чуулганы санал хураалт өнөөдөр У.Хүрэлсүхэд ашигтайгаа шийдэгдэх үү, эсвэл тэр суудлаа өгөх үү!

Энэ асуултад хариулахад эрт байна. Санал хураалтад оролцох 72 гишүүн огцруулах, эс огцруулах асуудалд ойролцоо санал өгөхөөр харагдаж байгаа. У.Хүрэлсүх өнгөрсөн өдрүүдэд өөрийг нь дэмжиж магадгүй гэсэн УИХ-ын гишүүдтэй тулж ажилласан тухай мэдээлэл цацагдаад байгаа. Энэ санаачилга, зүтгэлийнх нь үр дүн гарвал тэр энэ удаа огцрохгүй суудлаа хамгаалаад үлдэх магадлалтай.

Өнөөдөр УИХ-ын чуулган дээр цөөнгүй гишүүд нэг түүхийг эргэн сануулсан.Тэд  У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах ажиллагаа Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах гэж үзсэн, огцруулсан үйл явдлыг сануулаад байна аа гэсэн. Тэгж хэлэх бүрэн боломжтой байгаа юм.

2014 оны хавар УИХ дахь МАН-ын бүлэг хүргэн Дэнзэн болон, нүүрс хөтөлбөрийн Л.Гансүх нарын хэргээс болж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахаар УИХ-д санал оруулж байв. Гэсэн ч энэ Засгийн газрыг АН хамгаалаад үлдсэн. Хоёр дахь удаагаа 2014 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуяг дахин Засгийн газрыг нь огцруулах ажиллагааны дайрлагад өртсөн. Гэхдээ энэ удаа түүний Засгийн газрыг АН-ыхан өөрсдөө санаачилсан бөгөөд дараагийн Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийн Засгийн газрын гал тогоонд “хоолны орц найруулаад” сууж байсан Ч.Сайханбилэг тодорч байлаа.

У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ удаа аврагдсан ч Н.Алтанхуягийн Засгийн газрын гунигт түүхийг давтана. Гэхдээ энэ ажлыг өнөөдөр У.Хүрэлсхийг хамгаалаад сууж байгаа нөхдөөс нь гарна гэж улс төрийн хүрээнийхэн үзэж байна. Энэ бол Засгийн газрыг огцруулсан хоёрхон удаагийн жишээ биш. М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газар ч 2006 онд энэ зовлонг амсаж байсан.

У.Хүрэлсүх огцорсон, эс огцорч байгаагаас үл хамаараад энд анхаарах хэд хэдэн асуудал бий. Улс төрийн намууд шинэчлэгдэхгүйгээр цааш алхахын аргагүй болсон. Одоо Монголын улс төрд монополь маягтай оршиж байгаа АН болон МАН-ын дарга нараас өнөөдрийн улс төрийн өнгө яах аргагүй харагдаад байх шиг.

С.Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр хоёулаа улс төрчийнхөө хувьд намбатай, бодлоготой, асуудлыг тэнцвэртэй харна гэхээсээ илүү өөрийнхөө шийддэг, зарим үед хүч хэрэглэхээс буцдаггүй ижил зантай. Хэлж байгаа гаж хэллэгүүд, асуудлыг нудрагаар шийдэх гэсэн нэг хүсэл тэдэнд бий. Үүнийгээ дагаад улс төрчдийн ёс суртахуун ч улам бүр доройтож байгааг бодох ёстой болов уу.

Нөгөө талаар У.Хүрэлсүх энэ удаа тэсч үлдлээ гэхэд 2020 оны УИХ-ын сонгуульд МАН цэвэр ялагдана. Огцорсон ч бас энэ нам ялагдана. Өнөөдрийн энэ их хагарал, хэрүүл тэмцэл 2020 онд ямар ч бурхан МАН-ыг ивээсэн парламентын ялагчаар тодруулахаа өнгөрсөн. Пропорцианаль  тогтолцоогоор сонгууль явуулдаг улс төрийн орчинд зиг загийн хууль л үйлчилдэг.

Энэ хуулийн дагуу 2020 онд АН ялах нь тодорхой. У.Хүрэлсүх үүнийг олж харсан байх. Өнөөдөр ирэх сонгуульд манай нам ялагдсан ч яадаг юм гээд тэр өөрөө өнөөдөр УИХ-ын чуулганы индэр дээрээс шуудхан хэлчихлээ. Тэгээд намаа ялагдлын ирмэг рүү өөрөө хөтлөөд ирж байж ч магад. Зиг загийн хууль 2020 онд АН руу сонгогчдыг татна аа.

Тэгээд 2021 онд харин би Монгол Улсын Ерөнхийлөгч. Гэхдээ МАН-аас сонгогдоно. Түүний цээжинд ийм тооцоо бий болсон. 2021 оны Ерөнхийлөгчийн суудал бодогдож эхэлсэн байхыг үгүйсгэх аргагүй. Зиг загийн хуулиар бол 2021 оны Ерөнхийлөгч гарцаагүй МАН-аас төрнө. Монголчууд бид ийм л санал өгдөг. АН, МАН-ын дарга нар, Ерөнхийлөгчийн уламжлалт нэр дэвшилтүүд, сонголтууд ийм л байж ирсэн. Улс төрчид  цээжний тооцоогоо ингэж боддог.

Б.НОМИН

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Энхтөр
    Монгол улсыг удирдаж яваа хүмүүсийн мэдлэг боловсрол,улс төрийн ёс суртахууны чадамж улам муудсаар л байна.Энэ муухай үзэгдэл Хүрэлсүх Баттулга хоёроол л дуусгавар болоосой.
    2018 оны 12 сарын 01
Сонин хачин