• Эхлэл
  • М.Энхболд: УИХ-ыг даргыг чөлөөлөх асуудлыг Мягмар гаригт хэлэлцэнэ

М.Энхболд: УИХ-ыг даргыг чөлөөлөх асуудлыг Мягмар гаригт хэлэлцэнэ

2019/01/25

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр 

-Өнөөдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төсөл хэрэгжиж эхэлж байна. Сая УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх, хуулийн дэгтэй. УИХ-ын даргын зүгээс яаралтай горимоор хэлэлцэх талаар УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр 13.00 цагт хуралдана. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцлоо. Өнөөдрөөс хойш хуулийн дагуу гэж тооцвол ирэх Мягмар гаригт чуулганы хуралдааныг яаралтай горимоор хэлэлцэх боломжтой гэдэг санал солилцлоо.

УИХ-ын Дэгийн тухай хуулийг хуулийн дагуу хэрэгжүүлэх ёстой, Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдсэний дараа энэ хуулийг хэрэгжүүлэх боломжтой.  Төрийн мэдээлэл сэтгүүл нэгдүгээр сарын 28-ны өдөр хэвлэгдэх учраас УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төсөл хэвлэгдсэний дараа хэлэлцэх боломжтой юм. Тиймээс хуулийн дагуу хэлэлцээд явна. Нөгөө талаас УИХ-ын энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт ороогүй бөгөөд дөнгөж сая өргөн барьсан учраас Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-аар хэлэлцэх боломжгүй.

Би ямар нэгэн албан тушаалтай зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу хуульд заасан үндэслэлээр ажлаа өгөхөд бэлэн. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, Цагаан сарын өмнө шинэ УИХ-ын даргыг томилох нь зөв байх. Тиймээс хамгийн боломжтой хугацаа бол ирэх долоо хоногийн Мягмар гаригт хуралдах боломжтой юм.

Нэмэлт мэдээлэл:

Үүний дараа буюу 10.15 цагийн орчимд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нарын таван гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлж,  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөхийг дэмжиж, 39 гишүүн гарын үсэг зурсан байна. Тэднээс УИХ-ын гишүүн З.Нарантуяа орон нутагт томилолттой байгаа учраас гарын үсэг зурахаа илэрхийлсэн ч өөрийн биеэр үдээс хойш ирж албан бичгээр хүсэлтээ өгнө гэдгээ илэрхийлжээ.

Үүнд:

-УИХ-ын даргад энэ тогтоолын төслийг яаралтай дэгээр хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлт өгсөн ч ирэх долоо хоногийн Мягмар гариг хүртэл хойшлуулна гэсэн учраас бид чуулганы хуралдаанд горимын санал гаргана. Хэрэв дэмжихгүй бол бид чуулганы хуралдааныг бойкотолно гэлээ.

Сануулахад, УИХ өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн санал болгосон УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор огцруулдаг байх хуулийн төслийг баталсан. Хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй юм.


Сэтгэгдэл байхгүй байна