• Эхлэл
  • АТГ дуулиант хэргүүдийн талаар тайлбар өглөө

АТГ дуулиант хэргүүдийн талаар тайлбар өглөө

2019/01/25

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг ёсоор өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Олны анхаарлыг татсан дуулиант хэргүүдийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог дараахь тайлбарыг өгсөн байна.

-“Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням, Сангийн сайд асан С.Баярцогт, Голомт банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан нарыг шалгаж байгаа. Энэ асуудалд тайлбар өгөөч?

-Ч.Давааням, Д.Баясгалан нарыг цагдан хорьсон байгаа. Монгол Улсад 20 орчим сая ам.доллар Монголын нэлээд том аж ахуй нэгжийн дансаар орж ирсэн. Орж ирсэн мөнгийг бүтээн байгуулалт уу, эсвэл мөнгө угаасан уу гэдгийг шалгалтын явцад тогтооно. Мөрдөн шалгах ажиллагаа прокурор шүүхийн хяналт дор үргэлжилсэн. Цаашдаа ч энэ ажиллагаа үргэлжлэх болно.

-Сангийн сайд асан С.Баярцогтыг шалгах явцад шинэ баримт илэрсэн талаар?

-Оффшортой холбогдуулан, Ерөнхий сайд асан С.Баярын хэрэгтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогтыг шалгаж байна. Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө хөрөнгө оруулагч компанийн хувьцааны үнэ өссөн. Энэ үед С.Баярцогт хувьцаагаа бусдад арилжиж, өөрт давуу байдал бий болгосон. Тиймээс шүүхийн тогтоолоор цагдан хорьж байгаа.

–УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эхнэрийн дансаар ЖДҮХС-гаас мөнгө орсон гэх асуудал яригдаж байна?

– ЖДҮХС-тай холбоотой асуудалд мөрдөн байцаалтын хэрэг үүсгэн шалгаж байгаа. 1031 төсөл хөтөлбөр ирсэн байгаа юм. Нийтдээ 216 иргэн, хуулийн этгээд санхүүжилт авсан. Үүнийг АТГ шалгаж байгаа. Төсөл хөтөлбөрөөс зээл авсан ААН, иргэн бүрийг хууль зөрчсөн гэж ойлгож болохгүй. УИХ-ын гишүүний эхнэр зээл аваад түүнийгээ зориулалтынх нь дагуу хэрэглэсэн бол хууль зөрчсөн гэж үзэхгүй. Харин зээл авахад албан тушаалтан нөлөөлсөн бол шалгана. Үүнийг ялгаж салгах ёстой. Бид шалгалтын хүрээнд ЖДҮХС-гаас зээл авсан төсөл бүрийг шалгаж байгаа.

– “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 500 сая төгрөгийн хахууль авах гэж байгаад баригдсан, 87 орон сууцтай гэх мэдээлэл байгаа?

– Хахууль авсан хэмжээ нь 500 сая төгрөг биш. Албан ёсны бүртгэлтэй гурван орон сууцтай. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа. Мөн Стандарт Банкнаас ЖАСТ групп зээл авсан гэх зургаан хүнтэй холбогдолтой хэрэг шүүхэд шилжсэн.

– ЖДҮХС-тай УИХ-ын 40 гаруй гишүүн холбогдон шалгагдаж байгаа гэсэн зүйл яригдах. Энэ баттай юу?

– Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй, шалгагдаж байгаа хэрэгт нэр заан хэлэх нь хуулиар хориотой. Харин УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан. Одоогоор хоёр гишүүн нь тогтоолтой танилцсан.

.Сайханбилэгийг Монголоос гарсан гэдэг мэдээлэл бий. Энэ үнэн үү. Ямар учраас гадуур байцааж байгаа вэ. Мөн Б.Бямбасайханы хэрэг юу болж байна вэ?

-2009 оны аравдугаар сарын 06-ний өдөр үзэглэсэн Оюутолгойн гэрээтэй холбоотой шалгалтын асуудал үргэлжилсэн хэвээр байгаа. Санхүүгийн болон мэргэжлийн албанаас бүрдсэн шинжээчдийн баг ажиллаж байна. Яллагдагчаар татан шалгаж байгаа нэр бүхий зургаан хүнээс байцаалт авч байгаа. Хилийн хоригтой учир гадаад улс руу зорчоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцтай танилцаад шаардлагатай гэж үзвэл хувийн батлан даалтад гаргадаг.

-Т.Ганболд саяхан нэр зааж хахууль өгсөн хүмүүсээ хэлсэн шүү дээ. Үүнтэй холбогдуулж хүмүүсийг шалгаж байгаа юу. Т.Ганболд өөрөө олон хүнд авлига өгсөн гэдгээ хэлсэн. Түүнийг шалгах уу?

-Иргэн Т.Ганболд нэр бүхий хүмүүст хахууль өгсөн тухай мэдээлсэн. Үүнийг нарийвчлан шалгаж байна. Мэдээллийн хүрээнд шалгаж байна. Шаардлагатай бол энэ хүнийг хахууль өгсөн хэргээр шалгах боломжтой.

-Хотын даргад нэр дэвшсэн С.Мөнхчулууныг АТГ шалгаж байгаа гэдэг мэдээлэл бий?

-Өнөөдрийн байдлаар С.Мөнхчулуунтай холбоотой өргөдөл гомдол ирээгүй. Анх удаа сонсож байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна