Оршлын оронд: Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар дахин томилж болохгүй шалтгаан
УИХ-ын дарга М.Энхболдыг 2019.01.29-ны өдөр чөлөөлөх шийдвэрийг УИХ гаргасантай холбогдуулан дараагийн дарга хэн байх вэ гэдгийг ойрын өдрүүдэд УИХ-аар шийдвэрлэх гэж байна. УИХ-ын дарга болох боломжтой хэмээн хамгийн хүчтэй яригдаж буй нэр дэвшигчдийн нэг бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж. Энэ хүн УИХ-д тасралтгүй 7 удаа сонгогдож, гурав дахь удаагаа ХЗДХ-ийн сайдын алба хашиж буй ч маш олон ноцтой асуудал гаргаж байсан юм. Ц.Нямдорж сайдыг УИХ-ын дарга болгож болохгүй хэд хэдэн шалтгаан байна (эдгээр үндэслэлээр Ц.Нямдорж гэж хүнийг сайдаар томилох, УИХ-д сонгохгүй байх ёстой байсан).
Нэгд, Ц.Нямдорж сайд Үндсэн хуулийн үзэл санаанд харш эсхүл бодлогын хувьд алдаатай олон хуулийг боловсруулж батлуулахаар улайрч байна. Тэрээр Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүрэн гаргах нэмэлт өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуульд оруулах төслийг боловсруулж Засгийн газраар УИХ-д өргөн бариулсан бөгөөд үүнийг УИХ ойрын үед хэлэлцэх гэж байна. Хэрэв УИХ энэ төслийг баталж Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүр мөсөн гаргавал Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг хуульд захируулахад саад учруулж, хүний эрхийн хамгаалалт, эрх зүйт төрийг сулруулах сөрөг үр дагавартай. Мөн, Ц.Нямдорж сайд Өмгөөллийн хуулийн төслийг санаачилсныг УИХ хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Хэрэв энэ хууль батлагдвал хууль дээдлэх зарчмын нэг баталгаа болсон хараат бус, хариуцлагатай хуульч мэргэжлийн өөрөө удирдах байгууллага буюу Монголын Хуульчдын холбоог хүчийг нь саринаж, устахийн зэрэгцээ ёс зүйн ноцтой зөрчил гаргасан өмгөөлөгч нарт хариуцлага тооцож чадахгүй болно, улмаар иргэд муу хуульчдаас болж хохирдог болно, хуульчид итгэх итгэл алдагдана. Мөн, энэ сайдын удирдаж буй ХЗДХЯ шашин шүтэх эрх чөлөөг ноцтой зөрчих Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний хууль эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчих Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль зэрэг хуулийн төслийг боловсруулж удахгүй өргөн барих гэж байна. Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга болбол энэ мэт Үндсэн хууль зөрчсөн, судалгаа, үндэслэл муутай хуулиуд ногоон гэрлээр батлагдана.
Хоёрт, Ц.Нямдорж гэж хүн хэвлэлээр ёс зүй, шударга ёс хамгийн ярьдаг мөртлөө үйл ажиллагаагаараа үүнийгээ олон удаа зөрчсөн. Жишээлбэл, саяхан хуульч Д.Мөнх-Эрдэнэ ““бидний үеийнхэн Ц.Нямдорж гуайгаас юу сурах юм? Ямар үлгэр дуурайл түүнээс авах юм бэ? Эрдэнэт үйлдвэрт хүүгээрээ дамжуулж бараа шахдагийг нь сурах юм уу? Монголын хамгийн хөрөнгөтэй хүмүүс амьдардаг хороололд нэг баян нөхрийн байранд үнэгүй шахуу түрээсээр амьдардгийг нь сурах юм уу? Эрх мэдлээ ашиглаж хоригдлуудаар зусландаа уул хяр шиг том хаус байшин бариулаад, түүн рүүгээ “Нямдоржийн гүүр” нэртэй гүүр бариулсныг нь сурах юм уу? Улс төрийн сүртэй мэдэгдэл хийж нийгмийн сэтгэл зүйг үймүүлэн, өөрийгөө тодруулдгийг нь сурах юм уу? ЖДҮС-гаас жирийн иргэдэд очих ёстой мөнгийг эрх мэдлээ ашиглан авчихсан УИХ-ын гишүүдийг Ц.Нямдорж нар улайм цайм хамгаалаад гарахыг сая ард түмэн харлаа. Ийм Хууль зүйн сайдтай байж болох уу” гэсэн ярилцлага өгсөн байна лээ. Энд тоймж хэлсэн зүйл бүгд үндэслэлтэй бөгөөд хэвлэлээр бичигдэж ирсэн, сайд өөрөө ч заримыг нь ичихгүй зөвшөөрч байсныг бид мартаагүй.
Гуравт, Ц.Нямдорж сайд өнгөрсөн 27 жилийн хугацаанд Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа удаа дараа явуулж, бас оролцож байсан юм. Жишээлбэл, 1992 оны Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч болон 16 шүүгчээс бүрдэж байсан бол 2002.07.04-ны өдрийн Шүүхийн тухай хуулиар уг шүүхийг Ерөнхий шүүгч болон 10 шүүгчээс бүрдүүлэхээр өөрчилж, 6 шүүгчийг чөлөөлсөн нь шүүгчийн хараат бус байдалд ноцтой халдсан. Ц.Нямдорж нь тухай үед ХЗДХ-ийн сайд байсны хувьд 2002 оны Шүүхийн тухай хуулийг өргөн мэдүүлж батлуулсан, үүнийгээ өөрөө бахархаж ярьдаг. Салбарын сайд уг нь шүүгчийн хараат бус байдал руу ноцтой халдаж байгааг зогсоох үүрэгтэй байсан ч энэ үүргээ умартаж өөрөө оролцоод, “манлайлаад” явсан.
Ц.Нямдорж сайдын Үндсэн хууль ноцтой зөрчсөн үйлдлийг Монголчууд бүгд мэднэ. Тэрээр 2004-2007 УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийг удаа дараа ноцтой зөрчсөнийг нь Үндсэн хуулийн цэц хоёр удаа тогтоож, УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг 2007 онд гаргаж байсан. Хангалттай баримт нотолгоо бүхий энэ үйл явдлыг иргэдэд болон УИХ-ын гишүүдэд сануулах үүднээс энэ нийтлэлийн хүрээнд 2007 онд Цэц УИХ-ын дарга Ц.Нямдоржийг яагаад Үндсэн хууль зөрчсөн бөгөөд огцруулах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бэ гэдгийг танилцуулж, Цэцийн уг шийдвэрийн ач холбогдлыг харуулах болно.
УИХ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ ДӨРВӨН ХУУЛЬ “ЗААСАН” НЬ
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл байхгүй байна