• Эхлэл
  • Хурдан морины уралдаан зохион байгуулсан эсэхийг ХЭҮК-оос шалгаж эхэлжээ

Хурдан морины уралдаан зохион байгуулсан эсэхийг ХЭҮК-оос шалгаж эхэлжээ

2019/02/12

Хэнтий аймгийн Биндэр суманд болсон хурдан морины уралдаанд морь унасан жаахан хүүхэд хоёр гараа хөлдөөсөн тухай нэгэн иргэн цахим орчинд мэдээлсэн билээ. Энэ талаар өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Ташаа мэдээлэл” гэсэн тайлбар хийсэн юм. Тодруулбал, ГБХЗГ-ын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, “Тухайн хүүхэд шинийн 1-нд золголт хийж байгаад саахалтын айлд ахынх нь мотоциклийн шатахуун дууссан тул ах руугаа гар чийдэн бариад явсан. Энэ үеэр гар нь хайрагдсан тул эмнэлэгт үзүүлж анхны тусламж аваад, эмчийн зөвлөсний дагуу хот руу явж байсан. Хэнтий аймгийн Засаг даргаас ямар нэгэн уралдаан болоогүй талаар албан тоотыг өнөөдөр манайд ирүүлсэн” гэв.

Гэвч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Арав гаруй хоногийн өмнө Биндэр суманд уралдаан болсон. Гэхдээ үүнийг их нууцалж байгаа” гэсэн юм. Мөн энэ талаар анх цахим орчинд мэдээлэл оруулсан С.Амгалан гэх иргэн “Хүмүүс уралдааны мэдээллийг нууж дарагдуулаад өнгөрүүлдэг. Иймэрхүү пост оруулсан хүн нь буруутан болдог шүү гэж ойр дотны хүмүүс маань надад сануулж байна. Уяачдаас над руу залгаж, дарамталж, заналхийлээд байгаа болохоор утсаа авахаас ч халгах боллоо” гэж ярьсан байна. Үүгээр ч зогсохгүй Хэнтий аймгийн Баянмөнх суманд хурдан морины уралдаан болсон гэх мэдээлэл ч байна.

Засгийн газраас цагаан сарын өмнөхөн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгаад байгаа билээ. Уг тогтоолыг зөрчиж уралдаан зохион байгуулсан, түүнийгээ нуун далдалж буй эсэхийг тогтоохоор энэхүү асуудлыг Хүний эрхийн үндэсний комиссоос шалгаж эхэлжээ.

Засгийн газрын 2018 оны “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, Нийслэлийн Засаг даргад орон нутагтаа уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах, захирамжгүйгээр уралдаан, сунгаа зохиосон бол хариуцлага тооцох тухай санал хүргүүлсэн. Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцсон байна. Тогтоол зөрчсөн 12 хэргийг шалган Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Үүнээс гадна 2019 он гарсаар нэгдүгээр сарын 12-нд Сүхбаатар аймгийн Халзан суманд морь хөлсөлж байх үедээ 10 настай хүүхэд мориноосоо унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн нэгдүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд үсэргээ сунгааны үеэр нэг хүүхэд мориноосоо унаж, тархиндаа хүнд бэртэл авч, ГССҮТ-д эмчлүүлж байгаа гэх мэдээлэл ч бий.

Хүний эрхийн үндэсний комиссын мэдээлж буйгаар, 1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан байна. 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223 бүртгэгдсэн бөгөөд хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь дээд мөч, 12-14 хувь нь доод мөчний, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авч байжээ. Иймээс хүний эрхийн үндэсний комиссоос хурдан морины уралдаан зохион байгуулсан хүмүүст эрүүгийн хариуцлага тооцдог болох саналыг ч хүргүүлсээр байгаа гэнэ.

Энэ мэтээр олон арван хүүхэд амь нас, бие сэтгэлээрээ хохирсоор байхад эрхтэн дархтанууд хууль, тогтоолыг үл хэрэгсэн хурдан морины уралдаан зохион байгуулж, хүүхэд гараа хөлдөөсөн асуудлыг нуугаад өнгөрөх нь үү гэсэн хардлага төрүүлж байгаа нь харамсалтай.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН. Сэтгүүлч Б.Наранчимэг

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна