-ХӨСҮТ: ОДООГИЙН БАЙДЛААР 16 ХҮН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА-
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон гэх мэдээл өнөөдөр өглөө цацагдсан. Тодруулбал, сүүлийн хоёр хоногт тус газраар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн гэх 9-40 насны 16 хүн халуурах, бөөлжих, суулгах зовиуртайгаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан байна. Тэднээс 11 иргэний биеийн байдалд өндөр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрчээ. Тэдгээр иргэдийн биеийн байдал "хүндэвтэр" байгаа тул хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээд буй юм. Уг асуудалтай холбоотойгоор яамнаас тандалт судалгаа хийхэд хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрсэн нь тогтоогдсон аж. Хордлого авсан иргэдийн дийлэнх нь “Найзууд” багц захиалан идсэн бөгөөд тухайн өдөр 300 гаруй багц худалдаанд гаргасан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ тухай бид ХӨСҮТ-өөс тодруулахад, ““KFC” салбараар үйлчлүүлж байгаад хордсон нь үнэн. Одоогоор манайд 16 хүн хэвтэн эмчлүүлж байна” гэсэн хариултыг өглөө. Холбогдох албаныхнаас хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” салбараар үйлчлүүлсэн хүмүүс харьяа дүүргийн эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-д яаралтай үзүүлэхийг зөвлөжээ. Одоогоор хоолны хордлогын шалтгаан нөхцлийг тодруулах шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тус салбарт ажилладаг 27 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан аж.
“KFC”-гийн бүтээгдэхүүнд хордсон 11 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Сэтгэгдэл байхгүй байна