Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан М.Мөнхшүрээс цаг үеийн асуудлаар дараах тодруулга авлаа.
-Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар он гарсаар хэдий хэмжээний мансууруулах бодис илрүүлээд байна вэ?
-Он гарснаас хойш Хар тамхитай тэмцэх газар 59 холбогдогчтой, 24 хэрэг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хамгийн сүүлд уржигдар буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр 19-32 насны нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүнийг их хэмжээний мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэн явахад нь илрүүлэн баривчилсан. Тэднээс ойролцоогоор 500 сая төгрөгийн үнэ бүхий их хэмжээний хар тамхи хурааж авсан байна. Мөн өнгөрөгч нэгдүгээр сард Гаалийн ерөнхий газрын ОУ-ын шуудан илгээмжийн газартай хамтран шуудан илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж байгаа таван хэргийг илрүүлэн таслан зогсоосон байгаа. Тодруулбал, Нигери улсын гурван иргэн манай улсад 300 сая төгрөгийн үнэ бүхий их хэмжээний “Мөс”-ийг Тайландаас шуудан илгээмжээр нэвтрүүлэхийг завдсан юм.
-Манай улсад сүүлийн жилүүдэд хар тамхины хэрэглээ хүрээгээ тэлсээр байна. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын зүгээс ямар ажлууд хийж байна вэ?
-Бид өнгөрөгч тавдугаар сараас эхэлж хар тамхи, мансууруулах бодис болон тэсэрч, дэлбэрэх бодисыг илрүүлэгч, тандан судлагч орчин үеийн тоног төхөөрөмж ашиглаж эхэлсэн. Манай байгууллагын зүгээс бүхий л боломжоо ашиглан энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байна. Хамгийн гол нь эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хар тамхины хор хөнөөлийг тэдэнд ойлгуулах, захиалагч, худалдан авагч болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
-Манай улсад үйлдэгдэж буй гэмт хэргийн ихэнх хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгай дээрэм эзэлдэг. Он гарсаар энэ төрлийн гэмт хэргийн гаралт, илрүүлэлт ямар хэмжээнд байна вэ?
-Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 18 холбогдогчтой, 140 гаруй сая төгрөгний хохиролтой 205 хэргийг илрүүлэн шалгаж байна. Дөнгөж өчигдөр бусдын гэр, орон сууцанд 24 удаа нууцаар нэвтрэн орж, эд зүйлсийг нь хулгайлсан дөрвөн этгээдийг илрүүлсэн. Тус этгээдүүд бүлэглэн үйлдсэн эд зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газруудад / ломбард/ тавьдаг нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа.
Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд "Гар утсаараа нэг яриулаач", "Хүн рүү дохиод өг, хүн дуудах гэсэн юм залгаж өгөөч" гэж хэлээд гар утсыг нь залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад маш их бүртгэгдэж байна. Иймээс иргэд, олон нийтэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.
-Хүрээлэн буй орчны эсрэг хэд хэдэн гэмт хэрэг гараад байгаа. Эдгээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд явна вэ?
-Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хоёрдугаар сарын 02-ны өдрийн хооронд Нийслэл хотын хэмжээнд зохион байгуулсан хяналт шалгалтын үр дүнд хэд хэдэн гэмт хэрэг илэрсэн. Тухайлбал, Говь-Алтай аймгийн харьяат иргэн И нь Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон Алтайн хойлог шувууны эд эрхтнийг зарах зорилгоор авч явсан. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Эмээлт” түүхий эд худалдан борлуулах зах дээр иргэн И, Х нар нь нэн ховор амьтны жагсаалтад орсон “Цоохор ирвэс”-ийн шинэ арьс, хөлдөөсөн махтайгаа гавлын ясыг зарах зорилгоор тээвэрлэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Мөн иргэн Б,Э нар ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгай 7 ширхэг хөлдөөсөн савар, иргэн Д, Н нар ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтнийг тээвэрлэж явсан, иргэн А мөн нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсний хоёр ширхэг арьсыг зарах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Эдгээр иргэдэд эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлээр 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа. Иймээс иргэд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх, нэн ховор ан амьтан агнахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН.
Сэтгэгдэл байхгүй байна