Зайсан дахь “British school of Ulaanbaatar”-д өнгөрөгч баасан гаригт хичээл тарах үеэр гадны хувцастай, бөх байрын хорь гаруй залуус орж ирээд багш, ажилчдыг нь хөөж гаргажээ. Мөн дотуур байранд байрладаг гадаад багш нарыг араас нь цоожилсон байна. Ингээд маргааш нь ээлжийн ажилчдыг ирэхэд эмэгтэйчүүдийг чирж гулдарч, эрчүүдийг нь зодож хөөж гаргасан үйл явдал болсон. Энэ талаар сургуулийн хангамжийн менежер Ж.Уянга ярихдаа “Манай сургуулийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Ж.Оюунгэрэлийн явуулсан хүмүүс гэж өөрсдийгөө тайлбарласан. Бидний ойлгож буйгаар манай захирлуудыг хүчээр гаргах гэж байгаа юм байна. Хуулийн хүнийх нь тайлбарласнаар “Удирдлага солигдож байгаа ч та нар хэвийн ажлаа үргэлжлүүлнэ” гэсэн. Гэхдээ “Үгүй” юм шиг байна. Хагас сайн өдөр ажиллахаар ирсэн 30-аад хүнээс зургаа, долоон хүн нь зодуулсан. Хан-Уулын цагдаа нар биднийг хүлээж авахгүй байна. Хоёрхон цагдаа ирээд бид нарыг “Тар” гээд явуулсан. Хууль ёсны дагуу, ном журмаар нь явуулахгүй, 500 гаруй сурагчид, багш ажилчдын эрх ашгийг зөрчиж, хүч хэрэглэж манай сургуулийг битүүмжилчихлээ. Нэг дэх өдрөөс үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх эсэхийг мэдэхгүй байна” гэсэн юм.
Р.Бат-Эрдэнэ: Ц.Ариунаа бол сургуулийг үүсгэн байгуулахад хамгийн их сэтгэл гаргасан хүн
“British school” нь 2010 оны долдугаар сарын 28-ны өдөр “Экоскүүл гарден” нэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 49:51 хувийн эзэмшилтэй. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар нь Ц.Ариунаа, Х.Батжаргал, Ц.Амраа, Ж.Оюунгэрэл нар юм байна. Ж.Оюунгэрэл нь тус байгууллагын анхны хувьцаа эзэмшигчээр 2010 оны аравдугаар сарын 05-ны өдөр бүртгүүлж байжээ. Үүсээд буй нөхцөл байдлын талаар тус сургуулийн ТУЗ-ын зөвлөх Р.Бат-Эрдэнэ доктороос тодруулахад “Ц.Ариунаа бол энэ сургуулийг үүсгэн байгуулахад хамгийн их сэтгэл зүтгэл гаргасан, тоосго бүрийг нь шахуу өрж бий болгосон хүн. Ж.Оюунгэрэлийн хувьд зээл гаргахад нь баталгаа гаргаж, санхүүгийн тал дээр дэмжлэг үзүүлж байсан. Миний ойлгосноор одоо Ж.Оюунгэрэл нь хамгийн их хөрөнгө оруулагч гээд сургуулийг хүчээр өөрийн мэдэлд авч байгаа юм шиг байна” гэсэн юм.
Ц.Ариунаа: Би хүчин мөхөстөж, юу ч хийж чадахгүй байна
Мэдээллийн мөрөөр сургуулийн захирал асан Х.Батжаргалаас тодруулга авахаар 88887788 дугаар руу нь залгахад “Дуудлага хадгалах” үйлчилгээ авсан байлаа.Харин Ц.Ариунаа захирал цахим орчинд мэдэгдэл хийснийг сийрүүлэн хүргье. Тэрбээр “Би өнөөдөр өөрийнхөө үүсгэн байгуулсан сургууль дотроо барьцаалагдчихаад зогсож байна. Цагдаагийн алба хаагчид ирээд надад туслаагүй. Манай ажилчдыг шөнийн дөрвөн цаг хүртэл байцаасан. Манай сургуулийг эзлээд байгаа энэ хүмүүст ямар ч шүүхийн шийдвэр байхгүй. Би боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулах гэж энэ сургуулийг байгуулсан. Энэ бол төрөөс зээлж, дээрэмдэж авсан “Ник” компани биш. Энэ бол “Эрдэнэт” бензин шахаж байгуулсан “Петровис” биш. Үүнийг би оюун ухаанаараа, өөрийнхөө хүч чадлаар байгуулсан. Петровисийн Ж.Оюунгэрэл захирал хөрөнгө оруулсан нь үнэн. Би түүнд итгээд 51 хувиа өгсөн. Намайг ингэж дээрэмдэнэ гэж бодоогүй. Сургууль маань нэг дэх өдөр хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй бол намайг уучлаарай. Би хүчин мөхөс байна. Би юу ч хийж чадахгүй байна. Намайг хамгаалах төр, улс байна уу” гэсэн юм.
Ж.Оюунгэрэл: Бид удахгүй албан ёсны мэдэгдэл гаргана
Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сургуулийг удирдаж байсан 49 хувийн талын төлөөлөл сургуулийн захирал Х.Батжаргалыг ажлаас нь чөлөөлөх шүүхийн шийдвэр өнгөрөгч 12 сард гарсан байна. Ингээд 51 хувь талаас томилогдсон н.Ерөөлт захиралд Х.Батжаргал, Ц.Амараа, Ц.Ариунаа нар албан тасалгаа, тамга тэмдгээ хүлээлгэж өгөөгүйгээс дээрх нөхцөл байдал үүсчээ. Өчигдрийн байдлаар сургуулийг цагдаа нар хамгаалалтанд аваад байсан юм. Мөн тус сургуулийн 51 хувийг эзэмшигч "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлээс энэ талаар тодруулахад, “Х.Батжаргал захирал найман жил ажиллаад халагдсан. Одоогоор сургуулийн үйл ажиллагаанд огт хамаагүй хүн болсон. Англи захирал эцэг эхчүүд багш нарт хандаж сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэнэ гэж захидал бичсэн боловч бүх емайл хаягуудыг хаасан байна. Бид удахгүй албан ёсны мэдэгдэл гаргана” гэж хэллээ.
ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Б.Нарангэрэл
Сэтгэгдэл байхгүй байна