• Эхлэл
  • У.Хүрэлсүхийн туслах Н.Энхбаатарыг баривчлаад сулласан түүх

У.Хүрэлсүхийн туслах Н.Энхбаатарыг баривчлаад сулласан түүх

2019/02/28

АТГ-ын тухай үр хүүхэддээ ярьж өгмөөр олон үлгэр энэ цаг үед бичигдэж байна. Бүр жилийн 365 хоног өдөр бүр ярьж өгсөн ч дуусахааргүй гээд бод доо. Энэ удаад У.Хүрэлсүхийн туслах Н.Энхбаатарыг баривчилсан тухай бэсрэг үлгэрийг өгүүлье.

Өнгөрөгч зун долдугаар сарын 23-ны орой АТГ “МИАТ” ТӨХК-ийн дэд захирал Н.Энхбаатарыг баривчилсан юм. Түүнийг бусдаас 600 сая төгрөгийн авлига авч байхад нь үйлдэл дээр нь барьсан гэдэг. “МИАТ” ТӨХК-ийн Н.Энхбаатарын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ажлаа авсны дараа төрийн албанд очсон, мэргэжлийн бус МАН-ын залуу гишүүдийн нэг гэдгийг хүн бүр мэдэхгүй байж магадгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад түүний туслахаар ажиллаж эхэлжээ. Ингээд 2016 оны арванхоёрдугаар сард “МИАТ” Төрийн өмчит хувьцаат компанийн Захиргаа, хууль эрх зүй, эрхэлсэн дэд захирлаар томилогдсон юм.

Хамгийн хоржоонтой нь, АТГ баривчилгаа хийсэн өдрийнхөө нөгөөдөр нь буюу долдугаар сарын 25-ны өдөр сар бүр хийдэг мэдээллийнхээ үеэр “Н.Энхбаатар 600 сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдэг нь худлаа мэдээлэл байсан” гэж хэлсэн байдаг. Тодруулбал, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа. Хойшлуулшгүй баривчилгаа хийсэн. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авсан. Ямар үндэслэлээр холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэжээ.

Ингээд Н.Энхбаатарыг улс төрийн томчуудыг хорьж байгаад сулладаг “Алдарт” 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай саатуулсан юм. Хуулийн хугацаа дуусахад прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байдаг. Харин шүүх байгууллагаас “Батлан даалтад гаргая” гэдэг “уламжлалт” шийдвэрээ гаргажээ.

Үлгэр ингээд амар сайхандаа жаргасангүй. Н.Энхбаатар 600 сая төгрөгийн авлига авсан нь үнэн ч бай, худалч бай “У.Хүрэлсүхийн баг”-ийнхнаас тодорсон авлигач нарын нэг гэсэн “хоч” зүүгээд үлдсэн. Харамсалтай нь Н.Энхбаатар “ганцаараа” биш. Түүний холбогдсон их хэмжээний авлигын асуудалд “МИАТ” ТӨХК-д намын томилгоогоор очсон өөр хэд хэдэн хүн нэр холбогджээ. Тухайлбал, “МИАТ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Мөнхтамир, МИАТ” ТӨХК-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Э.Мөнхмарал нарыг дурьдаж болно. Б.Мөнхтамирыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хүн гэдэг бол Э.Мөнхмаралыг Батлан хамгаалахын сайд “Н.Энхболдын хүн” гэж яригддаг гэнэ. Ингээд харахаар алдарт “60 тэрбум”-ын схем “МИАТ” дээр биеллээ олжээ гэж дүгнэж болохоор байна. Энэ мэт томилгоонуудыг харахад “60 тэрбумын схем” гэгчид У.Хүрэлсүхийн бүлэглэл ч хамааралтай гэж хардах үндэслэл гарч ирж байгаа юм. Тийм биш бол МАН-ын “сүүлчийн” хоёр дарга М.Энхболд, У.Хүрэлсүх аль, аль нь сандарч, ингэтлээ бужигнахгүй байсан биз.

Н.Энхбаатар жилийн орлогоо 328 сая төгрөг гэж мэдүүлжээ

Харин өнөөдөр Н.Энхбаатар “МИАТ” ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлын албаа хашаад энх тунх амьдарч явна. Н.Энхбаатар нь 2001-2005 онд МУИС-ийн НШУС-ийг Философич, Нийгэм судлалын багш, 2008-2010 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуулийг Улс төр судлалын магистр, 2014-2016 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийн Хууль тогтоох засаглалын үйл ажиллагааны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан юм байна. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, жилийн орлого 328 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 25 сая, 410 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, барилга байгууламжтай, 142 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуйтай, 95 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй гэж мэдүүлсэн байлаа.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН.


Сэтгэгдэл байхгүй байна