НИТХ-ын ээлжит XXII хурал өнөөдөр 09:00 цагт товлогдож НИТХ-ын даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх байсан ч 15.00 цаг хүртэл хойшилсон. Үүнийг хотын удирдлагууд шинэ Цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолд оролцож байгаа гэж тайлбарласан ч МАН-ынхан НИТХ-ын даргад нэр дэвшигчийн нэр дээр тохиролцож чадахгүй байгаа учраас хойшлуулж байна гэсэн тайлбар бас байсан.
Тухайлбал, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “МАН-ын удирдах зөвлөл Р.Дагвыг Иргэдийн хурлын даргад нэрийг нь дэвшүүлсэн. МАН бүлэг энэ асуудлыг шийдэж чадахгүй бүлэг нь хуралдахгүй хоёр өрөөнд орчхоод хурлын танхимд орж ирдэггүй” гэж хэлсэн. Үнэхээр МАН-ынхан НИТХ-ын даргад нэр дэвшигч дээрээ санал нэгдэж чадахгүй байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй. Хотын дарга асан С.Батболдыг огцрох сургаар шинэ мээр-ээр С.Амарсайхан, НИТХ-ын даргаар Р.Дагвыг сонгоно гэсэн таамаг аль хэдийнэ яригдаж байсан. Энэ дагуу хэдийгээр С.Мөнхчулуун эхний санал хураалтаар НИТХ-ын олонхийн санал авсан боловч Ерөнхий сайд батламжлахаас татгалзсанаар уржигдар /2019.02.26/ дахин санал хураалт явуулж НИТХ-ын дарга байсан С.Амарсайханыг хотын даргаар томилохоор болж өчигдөр /2019.02.27/ ажлаа хүлээн авсан.
Харин өнөөдөр “төлөг” ёсоор НИТХ хуралдаж, Р.Дагвыг сонгох “ёстой” гэсэн таамаг байсан ч одоогоор хурал 18.30 цаг хүртэл хойшлоод байна.
Өмнө нь НИТХ-ын даргад заалнаас төлөөлөгч Ц.Сандаг-Очир нэр дэвшинэ гэх мэдээлэл тархаад байсан бол төлөөлөгч Ц.Байгалмаа НИТХ-ын даргад заалнаас нэрээ дэвшүүлээд байна.
Ийн тооллогын комиссоо байгуулж чадахгүй бүтэн өдөр завсарлага авч байж хотын даргаа сонгосон НИТХ-ын хурал, төлөөлөгчид нь цагтаа цуглахгүй, хоёр өрөөнд “булагнаж” хуралдсан, зарим төлөөлөгч нь согтуу байсан гэх мэт дуулиантайгаар үргэлжилж байна. Хурал 18.30 цагт үргэлжилнэ.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:19.18 цагт хуралдаан эхэлж, НИТХ-ын даргад Р.Дагва, Ц.Байгальмаа нарыг өрсөлдүүлэхээр болж, тооллогын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар боллоо.
НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа
Төгссөн сургууль : 2002 онд Япон улсын Токиогийн Био-Технологийн их сургууль, Био-систем хэрэглээний шинжлэх ухааны доктурантур
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд, Инженерийн ухааны доктор/PhD/, Электроник, мэдээлэл зүй, анагаахын инженерчлэл, төслийн манежмент
Ажилласан байдал : 2002-2007 Япон улсын Шизуокагийн Их сургуульд төр хувийн хэвшлийн хамтарсан инноваци хөгжүүлэлтийн дэд төслийн удирдагч
2007-2009 АНУ-ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуульд судлаач багш
2010-2014 Япон улсын Шизуокагийн Их сургуульд Мэдээллийн технологийн багш
2015-2016 МАН-ын дэргэдэх судалгааны тинк-танк байгууллага “Стратеги Академи” ТББ-д Эрдэмтэн нарийн бичгийн дарга
2016 оноос АХБ-ЕХОБ- УБ-ын гурвалсан санхүүжилттэй “УБ хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн II үе шатыг хариуцсан дэд зохицуулагчаар ажиллаж 2016 оны НИТХ-ын сонгуулиар Хан -Уул дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.
НИТХ-ын тэргүүлэгч Р.Дагвын намтар
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн дарга
Төрсөн он сар өдөр : 1966.11.03
Төгссөн сургууль : МУИС-2002, ИЗОУИС-2012, Удирдлагын академи-2015
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд- Эрх зүйч, Магистр, Доктурант
Ажилласан байдал : МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД- ийн ЗДТГ
Гавъяа шагнал : Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, Бусад одон медалууд
Сонгуульт ажил : МАН- ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн дарга
Сэтгэгдэл байхгүй байна