• Эхлэл
  • Ц.Байгальмаа нэрээ татсанаар Р.Дагва өрсөлдөгчгүй сонгогдлоо

Ц.Байгальмаа нэрээ татсанаар Р.Дагва өрсөлдөгчгүй сонгогдлоо

2019/02/28

НИТХ-ын даргыг сонгох ёстой хурал 18.30 цаг хүртэл завсарлаад байгаа талаар бид мэдээлсэн. НИТХ-ын даргын санал хураалтад МАН-ын бүлгээс Р.Дагвын нэрийг дэвшүүлж, заалнаас мөн намын гишүүн Ц.Байгальмаа нэрээ дэвшүүлсэн байсан. 19.18 цагаас хурал үргэлжлүүлэн тооллогын комисс байгуулах талаар яригдаж байх үед Р.Дагва, Ц.Байгальмаа нар 20 гаруй минут уулзсаны эцэст Ц.Байгальмаа нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ. Ингээд нэг нэр дэвшигч үлдсэн учраас санал хураалтыг илээр явуулна гэсэн саналыг хурал даргалагч гаргасан ч АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа. 

Өмнөх Засаг дарга С.Батболдыг огцрохтой зэрэгцээд НИТХ-ын дарга С.Амарсайхан хотын дарга болж, оронд нь Р.Дагва НИТХ-ын дарга болохоор тохиргоо явагдсан гэсэн мэдээлэл нэгэнт гараад байсан. Хотын даргаар С.Амарсайханыг сонгосон уржигдрын хуралдаан /2019.02.26/, мөн өнөөдөр болсон үйл явц энэхүү яриаг баталгаажуулав. 

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд АН цөөнх. Хэдийгээр АН завсарлага авсан боловч МАН-ынхан нэгэнт тохиролцож, нэг нэр дэвшигч дээр санал хураах гэж байгаа учраас Р.Дагва өрсөлдөгчгүйгээр сонгогдох нь бараг тодорхой болов. 

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:21.35 цаг. 

НИТХ-ын даргад ганц нэр дэвшигч үлдсэн тул хуралдааны дэгийн дагуу санал хураалтыг нээлттэй явуулав. Завсарлага авсан АН-ын бүлгийн гишүүд хуралдаанд орж ирээгүй ч санал хураалт явуулж, Р.Дагва 28 хүний саналаар НИТХ-ын дарга боллоо.

Тэрбээр хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 66.67 хувийн саналыг авчээ.

НИТХ-ын даргаар сонгогдсон Р.Дагва “Намайг сонгосон төлөөлөгч нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуралдаан хурлын үйл ажиллагааг жигд хариуцлагатай явуулах талаар бүгд анхаарна гэдэгт итгэлтэй байна. АН-ын бүлэг цагийн завсарлага авсан ч орж ирсэнгүй. Уг нь АН-ын бүлэг орж ирээд суусан бол тун сайхан байх байлаа” гэв

А.Ану 

Холбоотой мэдээллийн дор дарж уншина уу. 

МАН-ынхан Р.Дагвын нэр дээр санал хуваагдсан бололтой


Сэтгэгдэл байхгүй байна