• Эхлэл
  • Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хийсээр байгаа юу?

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хийсээр байгаа юу?

2019/04/11

Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь өөрийн өмчлөлийн компаниар ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэг. Эрх мэдэл, албан тушаалаараа далайлган өөртөө давуу байдал бий болгож, иргэдэд хүрэх ёстой зээлийг дундаас нь хулгайлсан нөхөд эхнээсээ албан тушаалаасаа зайлуулагдаад явсны дотор Ерөнхий аудитор ч бас албанаасаа түдгэлчихээд байгаа.

Гэвч сүүлийн үед Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын тухай албан тушаалаасаа түдгэлзсэн нэртэй ч аудитын тайлантай танилцаж, ажилтнууддаа үүрэг даалгавар өгч, боловсон хүчний томилгоо хүртэл хийж, албан уулзалтуудад оролцож байна гэх мэдээлэл чих дэлсэх болов.

Ерөнхий аудиторын албан тушаал бол төрийн өмч, хөрөнгийн, үүний дотор төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, түүний үр дүнд аудитын хяналт тавьж, ажлаа УИХ-ын өмнө хариуцаж тайлагнадаг хариуцлагатай, өндөр дээд албан тушаал. Оны өмнөөс “гал авалцаад” байгаа ЖДҮХС-гийн зарцуулалт, үр дүнд тавих хяналт ч бас Ерөнхий аудиторынх гэсэн үг. Гэтэл сангийн зээлнээс “хусмыг” нь авсан энэ хүн анх албан тушаалд томилогдохдоо л хууль зөрчсөн юм байна.

Тодруулбал, Улсын Ерөнхий Аудитороор ажиллах хүнд тавигдах шаардлага буюу Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-т “Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах аливаа ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад санхүүгийн сонирхолгүй байх”  гэсэн заалт байдаг. Энэ нь Монгол Улсын Ерөнхий аудитор хүн хувийн компанитай байж болохгүй гэсэн үг.

Тэгтэл Д.Хүрэлбаатарын хөрөнгө орлогыг мэдүүлэгт “Цэнстайл” ХХК-ийн 100 хувийн өмчлөгч гэж 2017, 2018 онд дараалан  мэдүүлсээр ирсэн нь Төрийн аудитын тухай хуулийн дээрх заалтыг удаа дараа уландаа гишгэсэн хэрэг болж байна.

Нэгэнт ЖДҮ зээлийн хэрэгт холбогдсоноор албан тушаалаас нь аль хэдийн огцруулах ёстой байтал УИХ-аас “түдгэлзүүлэх” шийдвэр гаргасан нь өнөөдрийг хүртэл дөрвөн сар гаруйн хугацаанд ажил үүргийнхээ хүрээнд бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлж, нөлөөгөө хэвээр хадгалах нөхцлийг бүрдүүлсэн нь илэрхий байна. Тэгээд ч Улсын Ерөнхий аудитын газар өнгөрсөн дөрвөн саргаруй хугацаанд даргагүй байснаар тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн ажиллах боломжгүйд хүрсэн нь тодорхой. Тиймдээ Д.Хүрэлбаатар гэдэг хүн “бурхангүй газрын бумба” аятай залагдаж, ажил төрөлд нь хутгалдаж яваа биз.

Өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сард Сангийн сайдын бас нэг тушаал гарсан байна. Улсын төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны давсан орлогыг зарцуулах тухай тушаалд Үндэсний аудитын газарт нэг тэрбум орчим төгрөг олгох шийдвэр гаргасан байна. Энэ ч гэсэн Сангийн яаманд ганц хяналт тавьдаг Үндэсний аудитын газрыг “хахуульдсан” хэрэг болох нь хэн ч харсан тодорхой. Урьд өмнө лав Сангийн яамнаас Үндэсний аудитын газарт мөнгө шилжүүлж, түүнийг нь аудитын ажилтнуудын урамшуулалд өгч байсан түүх үгүй. Ингэж Сангийн яам нь УИХ-д мэдэгдэлгүйгээр, өөрт нь хяналт тавьдаг байгууллагад их хэмжээний мөнгө олгож, бүрэн эрх нь түдгэлзсэн албан тушаалтанд уг мөнгийг дураараа зарцуулах, шамшигдуулах нөхцлийг бүрдүүлснээс үзэхэд төрийн аудитын байгуулага нь Засгийн газар, Сангийн сайдын зүгээс бүрэн хараат байдалд орсон гэж үзэхээр байна.

Өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Үндэсний аудитын газрын 2019 оны гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүдийн зүгээс Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлснээр аудитын байгууллагын үйл ажиллагаанд доголдол гарч байгаа эсэх, Оюутолгой, Дубайн гэрээний аудитын тайлан бэлэн болсон эсэх талаар тодруулж байсан. Гишүүдийн санаа тавьсан асуудал талаар болж, албан тушаалаасаа түдгэлзсэн гэх Д.Хүрэлбаатар эргээд албан тушаалдаа тавигдахыг үгүйсгэх арга алга. Анхнаасаа ЖДҮ-тэй холбогдоход нь л хариуцлага тооцоод яьуулах ёстой байтал одоо болтол “түдгэлзүүлсэн” гээд хаацайлж суугаа УИХ-д ч бас итгэх арга алга.

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.САНАА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин