• Эхлэл
  • Б.Сарантуяа:21 зурагтай холбоотой асуудал 2008 оноос үүдэлтэй

Б.Сарантуяа:21 зурагтай холбоотой асуудал 2008 оноос үүдэлтэй

2019/04/12

Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа:21 зурагтай холбоотой асуудал 2008 оноос үүдэлтэй

Их Тэнгэрт байрлуулж байсан зураг хулгайд алдагдсан, үүнд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж холбоотой гэсэн шуугиан ид дэгдээд байгаа. Энэ талаар Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяагаас тодрууллаа.

 

-Одоо ид шуугиан тариад байгаа алга болсон зурагнуудын талаар Уран зургийн галерейн захирлын  хувьд ямар тайлбар өгөх вэ? 21 зураг алга болсон гээд байгаа?

-Энэ дурьдаад байгаа дутагдсан, дутуу тоологдсон гэх 21 зурагтай холбоотой асуудал бол 1986 оноос үүдэлтэй. 1986 онд одоогийн Дүрслэх урлагийн музейгээс Их Тэнгэрийн аманд Монгол Улсын төр засгийн удирдлагын өмнөөс урьсан гадаад, дотоод зочид төлөөлөгчдөд урлагийн бүтээлүүдийг үзүүлэх үүднээс Дүрслэх урлагийн мүзейн уран зургуудаас түр байршуулах болсон. 1991 онд Дүрслэх урлагийн музейгээс Уран зургийн галерей салж байгуулагдахад  нэр бүхий 40 зургийг Их тэнгэрт байршуулж байгаа гэсэн данс, жагсаалт тухайн үеийн Дүрслэх урлагийн музейн даамал Хайдавын гарын үсэгтэй гарсан байдаг. Энэ жагсаалтын дагуу 2001, 2008 онд зурагнуудаа тоолох хүсэлтийг тухайн үеийн хариуцсан дарга нар удаа дараа гаргасан байдаг. Үүний дагуу 2008 оны улсын тооллогоор 34 зураг тоологдсон.

-Зарим зурагнууд нь алга болчихсон байсан гэсэн үг үү?

-Алга болсон гэж хэлэхэд хэцүү. Өөр газар түр хадгалагдсан юм уу, эсвэл тоологдоогүй байх магадлалтай. Харамсалтай нь эцэслэгдэн тогтоогдоогүй, хяналтын тооллого дуусаагүй, дүгнэлт гараагүй  байхад өмнөх Уран зургийн галерейн захирал 21 зураг алга болсон байна гэсэн асуудлыг гаргаж тавьсан.

-2008 оноос үүдэлтэй асуудал гэхээр гайхмаар санагдаж байна л даа. Одоог хүртэл 10 гаруй жил тооллого хийдэггүй байсан юм уу?

-2008, 2011 онд тооллого хийсэн. Яг 21 зурагны асуудал бол яг саяны тооллогны үеэр гарсан асуудал. Үүнийг өмнөх захирал ажлаас халагдахдаа өөрийнх нь ажлаас халагдсан шалтгаан энэ 21 зурагтай холбоотой мэтээр гаргаж тавьсан юм шиг байна лээ. Үнэндээ бол түүний ажлаас халагдсан нь энэ зургуудтай холбоогүй. 2008 онд өөр зурагнууд тоологдсон байна гэсэн асуудал үүсч явсаар байгаад 2018 онд 40 зураг биш байна аа гэдэг нь тодорхой болсон. Гэхдээ дахин хэлэхэд энэ алга болсон гэхээсээ илүү дутуу тоологдсон, хаана байгаа нь бүрхэг гэх мэт нарийн асуудлууд байгаа. Мэдээж хэрэг үе үеийн захирал, холбогдох албанынхан зурагнуудын асуудлыг тодорхой болгохоор асуудлыг хөөцөлдөж тавьж байсан. Албан бичиг илгээж, тооллого хийх хүсэлт илэрхийлэн, тооллого хийж байсан мэргэжлийн хүмүүстэй уулзах, тодруулах гээд олон ажил хийж байсан. Зөвхөн харилцсан бичиг гэхэд ийм хэмжээний зүйл бүрдээд байна, одоогоор  /илгээж байсан албан бичиг, лавлагаануудыг нэгтгэсэн зузаан хавтастай бичиг баримтуудыг харуулав/

Ингээд үнэн, худал, буруу зөв нь мэдэгдэхгүй олон зүйл сошиал сүлжээгээр ч тархаж байсан учраас 2019 оны хоёрдугаар сард манай зүгээс Эрүүгийн цагдаагийн газарт хандан энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг гаргасан.

-Уран зургийн галерейтэй холбоотой асуудлыг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж эхэлсэн гэсэн ойлголт төрөөд байсан. Гэтэл танайх хүсэлтээ гаргаад шалгуулсан юм уу. Одоо тэгээд ямар нэгэн дүгнэлт гарсан уу?

-Одоогоор ямар нэгэн дүгнэлт гараагүй, ажиллагаа явагдаж байгаа гэсэн. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн обьектод шалгалт хийж байгаа. Энэ хүрээнд манай сан хөмрөгийнх байх магадлалтай хэд, хэдэн зураг байгааг танилцуулснаас манай шифртэй  нэг зураг гарч ирсэн гэдгийг манай экспертүүд тогтоосон.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүргэн ах Болдбаатарын хувийн галерейгээс цагдаагийнхан хэд, хэдэн зураг авч явсан гэсэн. Тэр зураг уу?

-Эрүүгийн цагдаагийн газрас хаана, хэний галерейгаас энэ зураг гарч ирсэн бэ гэдгийг бидэнд хэлээгүй, олон газар ажиллагаа явагдсан учраас.

-Олон газар гэхээр Төрийн ордон юм уу, Ерөнхийлөгчийн өвлийн өргөө, Их тэнгэр дэх харшаас гэх мэт газруудад байсан юм болов уу?

-Миний ойлгосноор бол хэд, хэдэн хувийн галерейд шалгалт хийснээс энэ зураг гарч ирсэн гэж ойлгосон. Ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн мэдээллийг хэлэх боломжгүй гэсэн . Удахгүй бүх зүйл тодорхой болох байх аа гэж найдаж байна.

А.Туяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин