
Шатахууны шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир:
-Арваннэгдүгээр сард ОХУ-аас 70 мянган тонн автотээврийн бензин, Казахстан улсаас 3 мянган тонн, БНСУ-аас 12 мянган тонн, Хятадаас 8 мянган тонн буюу нийт 92.5 мянган тонныг захиалгаар баталгаажуулсан байна. Цаашлаад энэ хэмжээг нэмэгдүүлэхээр аж ахуйн нэгжүүд маань хоёр, гурван хэлэлцээр хийж байна. Эдгээр хэлэлцээр амжилттай болбол арваннэгдүгээр сард 100 мянган тонн орчим шатахуун авах боломжтой болно гэсэн тооцоотой байгаа. Арав гаруй хоногийн өмнө оочер, дараалал үүссэн. Тухайн үед тээвэрлэлтийн асуудал зэрэг бидэнд тулгамдсан асуудлууд гарсан. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 218 вагон Улаанбаатар хотыг чиглэн явж байна. Энэ нь энгийн үеийн хэрэглээгээр тооцоход зургаан орчим хоногийн хэрэглээ юм.
Өнөөдрийн байдлаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар төмөр зам дээр олон тооны вагон хуримтлагдсан, аж ахуйн нэгжүүд энэ вагоныг зохиомлоор үүсгээд байна гэсэн асуудал яригдаж байна. Ийм зүйл байхгүй.
Та бүхэн мэдэж байгаа, Монгол Улсад аравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэлх үе бол зунаас өвөл рүү шилжих шилжилтийн үе байдаг. Энэ үед хуримтлагдсан зуны дизель түлшээ хэрэглэж дуусгаад өвлийн түлш рүү шилждэг.
Ихэвчлэн дизель түлш хэрэглэдэг аж ахуйн нэгжүүд, уул уурхайн компаниуд, тээврийн байгууллагууд маань өвлийн түлш рүү шилжих үйл ажиллагаатай холбоотойгоор Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа нийт вагоны овоорлын дийлэнх хэсгийг дизель түлш эзэлж байна.
Автобензиний хувьд Сүхбаатар өртөөгөөр дамжин Толгойт, Рашаант өртөөнд буусан даруйд ачилт нь хийгдээд гарч байгаа. Мэдээж Улаанбаатар төмөр замын дотоод зохион байгуулалтын хүрээнд сэлгэн ачих вагоноо хүлээх асуудал гардаг. Автобензинийг тэр даруйд нь ШТС-ууд руу нийлүүлж байна.
ШТС-ууд ААН-үүд дээр бууж байгаа шатахууны мэдээллүүдийг тухай бүрт нь өдөр бүр авч байгаа.
Энэ мэдээллүүдийн дагуу автобинзенүүдийн нөөцлөөд, зохиомлоор хомосдол үүсгээд байгаа ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг хариуцлагтайгаар мэдэгдье.


Сэтгэгдэл байхгүй байна