• Эхлэл
  • Туулын бургасыг хядсан компанид Төр төмөр нүүрээ үзүүлэх цаг нь болжээ

Туулын бургасыг хядсан компанид Төр төмөр нүүрээ үзүүлэх цаг нь болжээ

2019/04/12

Оны өмнөхөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, Төрийн төмөр нүүрийг харуулсан билээ.

Тэгвэл өнөөдөр Туул голын сав газарт бургас хядсан “Зүүнбаян Рефайнери” компанид Төр төмөр нүүрээ үзүүлэх цаг нь болжээ. Хэдийгээр хотын дарга С.Амарсайхан өнгөрөгч даваа гарагт дээрх компанийн үйл ажиллагааг зогсоох чиглэл өгөөд байгаа ч өнөөдөр “Зүүнбаян Рефайнери” ХХК хашаагаа буулгаагүй л байна. Дээрх компани холбогдох яамны шийдвэрийг үл тоож, хууль зөрчиж Маршалын гүүрний доохон талд 5.6 га газарт 14000 багц бургасыг хядсан билээ.

Бургас бол хөрс голохгүй ургадаг, бохирдсон усыг үндсээрээ цэвэршүүлж байдаг хамгийн найдвартай байгаль хамгаалагч гэдэг. Гэтэл хотын дарга С.Амарсайхан болон түүний ах дүүсийн эзэмшил “Оюуны ундраа” групп тансаг зэрэглэлийн таун хаус барих зорилгоор ингэж байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулаад байгаа юм.

Ингээд та бүхэнд “Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн хууль бус үйлдлийг он цагийн дарааллаар хүргэе.

Бургас хядсан түүх

• 2005 он: Тухайн үеийн Байгаль орчин ногоон хөгжлийн сайд асан У.Барсболдын 244 дүгээр тогтоолоор Маршалын гүүрний зүүн талд 5.6 га газрыг олгожээ.

• 2006 онд “Зүүнбаян Рефайнери” ХХК байгуулагдсан.

• 2006-2008 онд “Зүүнбаян Рефайнери” ХХК ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй.

• 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газрын дарга А.Намхайгийн гарын үсэгтэй 4 га газрыг албан ёсоор дахин олгосон.

• 2008 оны 8 сарын 22-ны өдөр тухайн үеийн Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба “Их тэнгэр” аялал жуулчлалын цогцолбор байгуулах зориулалт бүхий 4 га газрыг анх удаа албан ёсоор зөвшөөрсөн. Мөн тэр үед “Газар эко” гэдэг компани экологи эдийн засгийн үнэлгээ хийсэн боловч одоо энэ жагсаалт байхгүй. “Газар эко” компанийг улсын бүртгэлээс шүүгээд үзэхээр гарч ирдэггүй.

• 2008.08.25-ны өдөр энэ газар дээр гэрээ байгуулсан. Богдхан уулын дархан цаазат газар “Зүүнбаян Рефайнери” ХХК, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга нар гурвалсан гэрээ байгуулсан.

• 2013 оны наймдугаар сар гэхэд дээрх газар дээр ямар нэг үйл ажиллагаа явуулж, барилга бариагүй учраас газар эзэмших хугацаа хууль эрхзүйн хувьд дууссан.

• 2014 оны дөрөвдүгээр сард: Тус компанийн газар эзэмших эрхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас таван жилээр ямар ч шалтгаангүй сунгасан. (Үүнийг АТГ шалгах шаардлагатай)

• 2014 оны тавдугаар сард: Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг гэдэг хүн энэхүү сунгалтыг хийсэн. Ингэхдээ 7 цэгээр холбож байсан газрыг 17 болгож, 4 га газрыг 6 га болгосон.

• Мөн энэ онд есөн жилийн дараа анх удаа Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 200 метрээс ойр нэвтрэхгүй, үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулсан. Тухайн үед “Зүүнбаян Рефайнери” ХХК бургас хядсан гэх шалтгаанаар 6 сая төгрөгийн торгууль төлсөн.

• Ингээд 2014 ондоо “Зүүнбаян Рефайнери” компани гурван метрийн өндөртэй хашаагаа зоосон.

• Туул голын сав газрын захиргаа 2014 оноос энэ асуудалд анхаарал хандуулж эхэлсэн. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан. Гэвч энэ гурван байгууллага тухайн үед ямар нэг хариу арга хэмжээ аваагүй.

• 2016 онд: НИТХ-ын 50 дугаар тогтоол гарсан. Үүнтэй зэрэгцээд тус компани бургас хядаж эхэлсэн.

• 2016 оны дөрвөн сард: “Зүүнбаян рефайнери” ХХК бетон цутгалтаа хийж эхэлсэн.

• 2017 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газар “Зүүнбаян Рефайнери” компанийн гаргасан аялал жуулчлалын цогцолбор газрын төлөвлөгөөг ерөнхий архитектор Э.Анар баталсан.

• 2017.05.01: Богд хан уулын дархан цаазат газар, Нийслэлийн байгаль орчны газраас энэ газарт анхаарал хандуулж, бургас хядаж байгаа үйлдэлд нь тодорхой хэмжээний акт тавьсан. Харин “Зүүнбаян Рефайнери” компани бургас хядсаныхаа төлөө 12.3 сая төгрөг төлсөн.

• 2017.05.23-ны өдөр: Нийслэлийн ерөн­хий архитектор Э.Анарын тушаалаар дээрх газрыг ашиглах зориулалтыг “Их тэнгэр вилла” 50 айлын орон сууцны тансаг хороолол болгож өөрчилсөн. Мөн БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын дарга Н.Батсансар дээрх тушаалыг баталж, зөвшөөрсөн. (Үүнийг АТГ шалгах шаардлагатай байна)

• 2017.06.20-ны өдөр: Богд хан уулын дархан цаазат газрын хүсэлтээр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ газрын зөвшөөрлийг цуцалсан. (А/177 тоот тушаалаар)

• Хоёр хоногийн дараа буюу 2017.06.22-ны өдөр: Байгаль орчны яаманд “Зүүнбаян Рефайнери” компани шаардлага хүргүүлсэн. Бид 15 сая төгрөгийн торгууль төлсөн байхад үндэслэлгүйгээр манай газрыг цуцаллаа гэсэн утга бүхий шаардах бичиг байсан.

• 2017.06.24-ний өдөр барилгын сууриа цутгаж эхэлсэн.

• 2017.07.27-нд Богд хан уулын дархан цаазат газрын захиргаанаас сайдын тушаалыг хэрэгжүүлье гэдэг шаардлага хүргүүлсэн. Газар татсан хашааг 90 хоногийн дотор авч олон нийтэд ашиглуулья гэсэн боловч хэрэгжүүлээгүй.

• 2018.02.23-ны өдөр БОАЖЯ-аас Туул голын хамгаалалтын бүс дэх барилга, байгууламжийг нураах шийдвэр гаргасан. Арав гаруй барилгын нэр байсан ч “Зүүнбаян Рефайнери” компанийн нэр багтаагүй. Харин ч хашаагаа томруулж, газраа өргөтгөж, байшин барилгаа давхарлаж эхэлсэн.

• 2018.04.10-ны өдөр: УИХ-ын Өргөд­лийн байнгын хороо хуралдаж “Зүүнбаян Рефайнери” компанийн асуудлыг дэлгэ­рэнгүй хэлэлцсэн. Хашаагаа аваач гэж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлсэн. Үүний хариуд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын дарга Н.Батсансар “Хашаа авахаар иргэд тэнд хивс дрож, машин тэргээ угаагаад замбараагүй хог тарьдаг. Тэгэхээр тэр газар хашаатай байвал илүү хамгаалалттай байх болно” гэсэн утгатай хариуг хэлсэн.

• 2018 оны тавдугаар сард БОАЖЯ болон Богд хан уулын дархан цаазат газраас ажлын хэсэг гарч 5.8 га газар дээр Экологи эдийн засгийн үнэлгээ хийсэн. Тухайн газарт учирсан байгаль орчны хохирлыг тооцоход 9.1 тэрбум төгрөг болжээ.

• 2019. 04.08-ны өдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан дарга чиглэл өгсөн. “Барилгын ажлыг хууль хяналтын байгууллагаас шийдвэр гартал зогсооё” гэсэн.

Дахин сануулахад, Төр засаг, холбогдох яам тамгын газар, Тусгай хамгаалалттай газрын захиргаа нь дийлдэггүй энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга та бүхэн анхаарал хандуулаач. Хууль зөрчиж, хуулийг давж гишгэж байгаа “Зүүнбаян Рефайнери” ХХК-д Төрийн төмөр нүүрийг харуулаач гэж нийслэлчүүдийн өмнөөс хүсч байна.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Сэтгүүлч Б.Наранчимэг

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин