• Эхлэл
  • Көбэнхавн: Миний өнцөг ба төсөөлөл (1)

Көбэнхавн: Миний өнцөг ба төсөөлөл (1)

2019/08/19

Нийтлэлч Д.Баярхүүгийн тэмдэглэлийг хүргэж байна.

Дани-Монголын нийгэмлэгийн (Dansk Mongolsk Selskab) урилгаар Дани улсад зочилж, тус нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, данийн нэртэй сэтгүүлч Jan Koed гэх энэ эрхмийн эрхэлдэг сэтгүүл ба сайтад нь ярилцлага өгөхөөр København (Көбэнхавн) хотыг зорилоо. Бидний айлчлалыг тус нийгэмлэгийг тэргүүлдэг хатагтай Н.Булган зохион байгууллаа. Түүнд болон нийгэмлэгийн нөхдөд талархлаа өргөн дэвшүүлье.

Дани орны тухай миний ба бидний мэдлэг юусэн билээ гэж боддог юм билээ. Загасан сүүлтэй бүсгүйн суумал хөшөөгөөр Дани улсыг төсөөлдөг байх. Үнэхээр ч нэрийн хуудас, таних тэмдэг нь юм байна. 

Улсыг нь биш, эхлээд хөшөөг нь хөндөж байгаа нь учиртай. Монгол сэтгэхүй рүү ойртуулах санаатай юм л даа. Энэ суут хөшөөг 1913.08.23 онд барималч Эдвард Эриксен гэгч бүтээжээ. Бүтээсэн сэдэл түүх нь бас их сонин. Манайхны сайн мэддэг “Карлсберг” гэх пивоны эзэн Карл Якобсены хүү “Далайн гүнж” хэмээх бүжгийн жүжиг үзээд, гол дүр Эллен Прайст нь сэтгэл алдраад захиалж бүтээлгэжээ. 

Толгой нүүр нь бүжгийн жүжигчний дүр, харин суугаа бие нь барималчны гэргий Элина Эриксений хуулбар. Дурлалын уран сэтгэмжээр бүтээхдээ цаад жүжигчин ба гэргий хоёроо копидоод гуниглан суугаа ийм нэгэн бүсгүйг буй болгожээ. Эх газрын хүүд дурласан боловч хэзээ ч түүнийх болж чадахгүй “хүн-загас”. Гол санаа нь. 

Дэргэд нь очоод үзвэл тийм сүрлэг том, алсаас нүдэн тусах хэмжээний биш ч энэ баримлыг үзэхээр дэвэн дэлхийг түг түмэн хүн Дани орныг зорьдог гэхлээр аргагүй л дэлхийн суут бүтээлийн нэг мөн л дөө. Дэлхийн төдөн гайхамшгийн нэг болчихсон алдаршиж явах цаг мөдгүй биз.

Дөхөж ирээд дэргэд нь очвол өндөргүй, томгүй, гэхдээ татан дагуулах увидастай. Ердөө 1.25 метр өндөртэй, 175 кг жинтэй энэ хөшөөг сууринаас нь салгаад хилийн чанад руу үзэсгэлэнд авч яван, гадаад орнуудыг гайхшруулж өрсөлдүүлсэн түүх бий юм билээ. Мөн Дани орныг лалын дүрвэгсдээс сэргийлж 2004 онд толгойд нь гивлүүр зүүлгэж эсэргүүцлээ илэрхийлсэн түүх ч бий юм билээ.

“Копенгаген” гээд уншиж бичиж ойлгочихсон бидэнд бол нэгэн шинэ үг Данийн хил давмагц нүднээ сондгой бууна. København буюумонголоор Көбэнхавн гэж бичсэн замын тэмдэг нүднээ тусна. Бид олон улсын нийтийн тээвэр болох автобусаар аялсан. 

Берлин-Хамбург-Любек-Кил гэж явсаар хөлөг онгоцонд автобустайгаа ачигдаад Балтийн тэнгисээр цаг орчим хөвнө. Хөлөг онгоцны тавцан дээр үнэхээр гайхалтай. Тэр далайн зөөлхөн салхи, нүүр шивших бичил бороо, алсад цайран харагдах хөлөг онгоц, тэнгэрийн үүлс, ус зүсч яваа онгоцны ёроол гээд дүрслээд яривал барагдахгүй.

Данийн эрэгт газардаад автобусандаа эргэж суугаад дөнгөж давхиад хилийн шалгалттай тулгарна. Хоёр цагдаа орж ирээд хүн нэг бүрийн паспортыг нягталлаа. Дүрвэгсэд цагаачдыг оруулж нутгаа сүйтгүүлэхгүй гэсэн даничуудын илэрхийлэл гэж шууд ойлгогдож байна. Цаг гаран давхиад Көбэнхавн хотын зах руу ороод ирлээ.

Энэ хот гарын алган дээр байгаа мэт нэвт харагдана. Нэг ч том хот биш бололтой. Улаанбаатараас ч жижиг мэт. Алсаас алтан оройт нэг сүм, хуучны хийцийн арай ч цайз гэмээргүй хоёр гурван ордон, цэлэлзсэн их ус харагдлаа. Миний ойлгосноор хотыг их ус бүрхэлгүй хуурай газар болгоныг бүслэн тогтжээ. Хотын барилга байшин, манайхаар бол хороо, хороолол, квартал болгон нижгээд арал дээр байгуулагджээ.

Хороолол, хороонуудыг гүүрээр холбоогүй бол бүгд л арал. Гүүрээр холбогдоод бүхэл бүтэн хот болж байгаа юм шиг. Гүүрэн дор цэлийж долгилох, арлуудын хоорондын их усыг суваг-канал гэж нэрлэнэ. Тэнд нь cэллээ. Нэг арлаас нөгөө рүү очиж эргэж сэлж үзэхэд шорвог, бас эрдэстэй, бага зэрэг булингартай Балтийн тэнгис л мэдрэгдэнэ.

Данийг сонирхох олон шалтгаан буй. Скандинавын хойгийн өмнөд этгээдэд орших, Скандинавын нэг улс. Германтай хуурай газраар 67 км хиллэдэг, ойролцох улс гэвэл Швед, Норвег. Балтийн ба Умард тэнгист нийт 409 арлуудаас бүрдсэн арлын улс. Хойгийн хэсэг нь ихгүй. Хуурай газар нь 42 394 км²,мэдлийнх усан хил нь 700 км² талбай, 7314 км урт. Хүн ам нь 5.6 сая гаран, нийслэл нь иргэдийнх нь яриагаар 600 мянга, албан ёсны статистикаар 1 сая гаран.

Дани гэдэг улс дэлхийг эдийн засгийн хөгжил, баялаг хангалуун амьдрал, нийгмийн зах зээлээрээ гайхшруулдаг. 2017 оны байдлаар дундаж цалин нь 38 596 крон буюу Еврогоор тооцвол 5170. Дэлхийн Банкнаас гаргасан судалгаагаар 2018 оны байдлаар Данид ДНБ-ий нэг хүн амд ногдох хэмжээ ам.доллараар тооцоход 60.595.6, тэгвэл манай улсад 4.103.7 гэсэн дүн гарчээ. Бид 4100 доллартай, тэд 60 мянган доллартай гэсэн үг л дээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин