Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцсаныг хүргэж байна
-Сүүлийн үед мах зэрэг өргөн хэрэглээний бараа 50-100 хувь өсөж байгаа нь цэвэр инфляци уу, эсвэл зах зээлийн гажуудал уу?
-Махны үнэ 50-100 өсөж байгааг ганц “инфляци” гэдэг мангаст дангаар нь бурууг тохож болохгүй. Инфляци гэдэг чинь бүх бараа аажим жигд өсөхийг хэлдэг. Харин мах ингэж огцом өснө гэдэг бол өөр юм болж байна гэсэн дохио.
-Тэр нь юу юм бол?
-Миний харж буйгаар гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, мах нийлүүлэлт багассан нь яг энэ үед махны үнийг буулгах ямаа, сарлагийн махны экспорттой холбоотой гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байсныг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, яг энэ үед нийлүүлэгддэг махны экспорт өсөж дотоодын нийлүүлэлт тасалдсан. Хоёрдугаарт, “хиймэл үнэ хөөргөлт” нөлөөлсөн. Малчны гараас гарсан мах шууд хэрэглэгчид хүрдэггүй, дундаа борлуулалтын олон сүлжээгээр дамжиж байгаа. Нийлүүлэлт багассан үед ченжүүдэд илүү ашиг хийх боломж гардаг. Зарим нь бүр зориуд барьж, хомсдол үүсгээд үнээ нэмэх тохиолдол ч бий. Уул нь төрийн монополийн эсрэг байгууллага яг одоо ажиллах ёстой юм. Гэвч энэ байгууллага гүн нойрондоо дугжирч байна. Өөрөөр хэлбэл, энэ бол зах зээлийн гажуудал юм. Гуравдугаарт, төрийн оролцоо. Үнийг барих, татаас өгөх, зах зээлд оролцох оролдлогууд заримдаа эсрэгээрээ нөлөөлдөг. Махаа хямдаар аваад хадгалчихна, нийлүүлэлт багасна, эцэст нь үнэ өсөх нь зүйн хэрэг. Тэгэхээр махны өнөөгийн өндөр үнийн өсөлтийг инфляцийн нөлөө, махны нийлүүлэлт багассан болон зах зээлийн гажуудал, махны нийлүүлэлт, борлуулалттай холбоотой сүлжээний нөлөө гэж ойлгож болно. Гуравдугаар сарын нийт инфляцийн хэмжээ 7.4 хувь гэж ҮСХ гаргаж байхад махны үнэ ингэж өсөх нь эдийн засаг халж байна гэсэн дохио огт биш, харин нийлүүлэлт, зохион байгуулалт, бодлого гурав алдагдсаны шинж юм.
-Монгол дахь үнийн өсөлтөд дайны нөлөө хэр байна вэ. Эсвэл дотоод бодлогын алдаа юу?
-Монголд үнэ өсөөд байгааг хүмүүс ихэвчлэн “гадны нөлөө” гэж тайлбарладаг. Үнэндээ бол дайн нөлөөлж байгаа нь үнэн ч, гол буруутан нь биш юм. Дайн (ОХУ болон Украины, болон АНУ, Израиль болон Ираны дайн) дэлхий даяар шатахуун, тээвэр, хүнсний бордоо зарим түүхий эдийн үнийг өсгөж байгаа. Монгол бүх юмаа бараг гадаадаас авдаг учраас шатахуун үнэтэй болбол дагаад бүх юмны зардал нэмэгдэнэ. Ингэснээр үнэ өсөх “суурь шалтгаан” бий болдог. Өөрөөр хэлбэл, дайн бол гаднаас ирж байгаа дарамт мөн. Гэхдээ нэг чухал зүйл бий. Дайн дэлхийд 10-20 хувийн өсөлт авчирч байхад Монголд өргөн хэрэглээний болон хүнсний зарим бүтээгдэхүүн 50 хувь түүнээс дээш өсөөд байгааг ганц дайнаар тайлбарлаж болохгүй. Би олон жил Засгийн газрын бодлогыг шүүмжилж байна. Үнэ өсөх биднээс шалтгаалах хэд хэдэн суурь шалтгаантай л даа. Засгийн газар үнийг барина, татаас өгнө... гэх зэргээр зах зээлд хөндлөнгөөс оролцох тусам зарим сөрөг нөлөө гарч байна. Бараа хомсдож, далд зах зээл үүсч, үнэ улам өсдөг. Бас нэгэн шалтгаан бол манай улсын зах зээлийн бүтэц. Монголд нийлүүлэлт цөөн хүний гарт төвлөрсөн, дундах дамжлага олон. Ийм үед үнэ багахан хөдөлгөөнд ч огцом өсдөг. Эцэст нь, манай улсын өөрийн онцлог эрсдэл юм. Мал аж ахуй, уул уурхай хоёр дээр хэт тулгуурласан эдийн засагтай. Зуд болбол мах өснө, нүүрсний үнэ унавал төгрөг суларна, төгрөг сулрахад бүх импорт үнэтэй болно. Энгийнээр хэлбэл, дайн бол “гал асаасан оч” харин Монголын дотоод бүтэц, бодлого бол “шатах материал”-тай зүйрлэж болно. Тиймээс үнэ өсөлтийн багахан хэсэг нь гадны нөлөө буюу дайн, харин ихэнх нь дотоодын бодлого, бүтэц, зах зээлээс шалтгаалж байна гэж ойлговол хамгийн ойр үнэнд нийцнэ.
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлахын тулд төр татварын бодлогоор яаж ажиллах ёстой вэ. Төр засгаас ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Үнэ өссөн үед төр татвараа нэмээд, эсвэл үнийг “хүчээр барих” гэж оролдвол ихэнхдээ эсрэгээрээ л болдог. Бараа, үйлчилгээ улам багасна, тэгээд үнэ өснө дөө. Энгийнээр хэлбэл, төрийн авах ёстой арга хэмжээ бол бараа бүтээгдэхүүн зах зээл дээр илүү их, илүү хурдан орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой юм. Жишээ нь, хүнсний юм үнэтэй болоод байвал гадаадаас орж ирэх бараанд ногдох гааль, НӨАТ-аа түр багасгачих. Тэгвэл импорт нэмэгдэнэ, дэлгүүрүүдэд бараа элбэг болно, үнэ өөрөө бууна. Үнийг тушаалаар биш, нийлүүлэлтээр шийдэж байна гэсэн үг. Ер нь татвар төлөгчдийн мөнгөөр бүтээгдэхүүн худалдаж аваад хадгалж байгаад гаргаж зардаг энэ системийг би лав дэмждэггүй. Нөгөө талд нь дотоодын үйлдвэрлэгчдээ элдвээр дарамтлахгүй байх хэрэгтэй. Малчид, үйлдвэрүүдийн зардал өндөр байх тусам тэд үнээ буулгаж чадахгүй. Тиймээс тэжээл, шатахуун, сав баглаа гэх мэт зардал дээр нь татварын дарамтыг багасгавал илүү их бүтээгдэхүүн гаргах боломж нэмэгдэнэ. Бараа олширвол үнэ буурна гэдэг энгийн логик. Мөн дундах олон дамжлагыг багасгах хэрэгтэй. Малчнаас гарсан мах хотод ирэхдээ хэд хэд дамжиж үнэ нь нугардаг. Тээвэр, агуулах, логистикийг дэмжчихвэл бараа шууд ирнэ, үнэ бага өснө. Өөр нэг чухал зүйл нь татварын бодлого тогтвортой байх. Өнөөдөр нэг, маргааш өөр татвар тавиад байвал бизнесүүд эрсдэлээ тооцоод үнээ урьдчилж өсгөдөг. Тогтвортой бодлого өөрөө үнийг барьдаг. Товчхондоо төр үнэ дээр тушаал өгч биш, бараа олшруулах нөхцөл бүрдүүлж байж үнийг бууруулдаг.
-Үнэ өсөхөөр НӨАТ болон төсвийн орлого автоматаар өсдөг. Зарим эдийн засагч НӨАТ-ын босгыг 2.5 тэрбум болгох ёстой гэж байна.Тэгж байж аж ахуйн нэгжүүд хөл дээрээ тогтоно, иргэд хямд бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой гэж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-Ер нь үнэ өсөхөд НӨАТ дагаад өсдөг нь үнэн. 10 хувийн НӨАТ барааны үнэд шингэдэг учраас үнэ 20 хувь өсвөл татварын орлого ч дагаад өснө. Гэхдээ энэ нь улс “баяжиж байна” гэсэн үг биш, зүгээр л иргэд илүү үнэтэй бараа авч, илүү их татвар төлж байна гэсэн үг. Одоо НӨАТ-ын босгыг 2.5 тэрбум болгоё гэдэг бодлогын гол логик нь жижиг, дунд бизнесийг НӨАТ-аас чөлөөлж амьсгаа авах боломж олгоё гэсэн санаа гэж ойлгосон. Одоогийн нөхцөлд жижиг дэлгүүр, жижиг үйлдвэрүүд НӨАТ, тайлан, санхүүгийн дарамтаас болоод үнээ нэмэх, эсвэл далд ажиллах хандлагатай байдаг. Босгыг өсгөвөл тэд татварын дарамт багатай болж, үнээ бага зэрэг бууруулах боломж гарна. Гэхдээ энэ нь шууд “бүх юм хямдарна” гэсэн үг биш. Яагаад гэвэл, том бизнесүүд НӨАТ төлсөөр байгаа. Зах зээлийн ихэнхийг том компаниуд бүрдүүлдэг учраас нийт үнийн түвшин дээр нөлөө нь хязгаарлагдмал. Мөн зарим бизнес зориуд жижиг харагдах гэж хуваагдаж, босгоос доогуур үлдэхийг оролдох байх. Ингэвэл татварын суурь багасч, төсвийн орлого буурах эрсдэл бий. Бас нэг чухал үзүүлэлтийг мартаж болохгүй. НӨАТ-аас чөлөөлөгдсөн компаниуд заавал үнээ буулгана гэсэн баталгаа байхгүй. Зарим нь зөрүүг ашиг болгож үлдээдэг. Гэхдээ зөв хэрэгжүүлбэл давуу тал ч бий. Жижиг бизнесүүд “амьд үлдэнэ”, дампуурах нь багасна. Далд эдийн засаг ил болж магадгүй. Зах зээлд илүү олон өрсөлдөгч орж ирснээр өрсөлдөөн нэмэгддэг. Өрсөлдөөн нэмэгдэх нь урт хугацаандаа үнийг бууруулах хамгийн эрүүл арга. Олон улсын жишээ харвал ийм босго бараг бүх улсад байдаг. Жишээ нь, Их Британийн НӨАТ-ын босго өндөр. Ойролцоогоор 85.000 паунд. Энэ нь жижиг бизнесүүдийг хамгаалдаг ч зарим аж ахуйн нэгж зориудаар өсөхгүй үлдэх сул тал бий гэж үздэг. Монголтой төстэй эдийн засагтай Казахстаныг аваад үзье. Тэнд НӨАТ-ын босготой. ЖДҮ-ийг дэмжих зорилготой ч татварын суурь багасах эрсдэл байнга яригддаг. Эдгээр жишээнээс харахад, босго өсгөх нь зөв алхам байж болох ч ганцаараа үнийг бууруулдаг “шидэт шийдэл” биш. Тиймээс байр суурийг энгийнээр хэлбэл, НӨАТ-ын босгыг өсгөх нь жижиг бизнесүүдэд амьсгаа өгнө, зах зээлийг арай эрүүл болгох боломж бий. Харин богино хугацаанд үнэ шууд буулгана гэж найдах нь буруу. Үнийг бодитоор бууруулахын тулд нийлүүлэлт, өрсөлдөөн, логистик, бодлогын тогтвортой байдал зэрэг бусад зүйлс хамт байх ёстой. Иймд НӨАТ-ын босго өсгөх нь “эмчилгээний нэг хэсэг” болохоос “бүх өвчнийг эдгээх эм” биш.
-Монголд бараа үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гар дээр очих хүртэл дамжлага бүрд НӨАТ давхар, давхар шингэж очдог. Үйлдвэрлэгчээс бөөний төвийнхөн НӨАТ төлж авна. Бөөний төвийнхнөөс жижиглэнгийнхэн НӨАТ-тай үнээр нийлүүлнэ. Тэднээс иргэд дахиад НӨАТ -тай үнээр худалдаж авна. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хэр их дарамт үзүүлдэг вэ?
-Энэ дээр нэг чухал зүйлийг эхлээд шулуухан хэлэх хэрэгтэй. НӨАТ бол угаасаа “давхар татвар” биш. Зөв тогтолцоотой улсад нэг л удаа, эцсийн хэрэглэгч дээр очдог татвар. Үүнийг энгийнээр тайлбарлая. Үйлдвэрлэгч бараагаа 100 төгрөгөөр зарлаа гэж бодъё. Дээр нь 10 хувийн НӨАТ нэмээд 110 болгоно. Бөөний хүн 110 төгрөгөөр авна. Дараа нь бөөний хүн 150 төгрөгөөр заръя гэвэл 150 дээрээ НӨАТ нэмж 165 болгоно. Гэхдээ тэр 10 хувийг бүх 150 дээр төлөхгүй, зөвхөн өөрийн нэмсэн ашиг 50 төгрөгөөсөө л татвар төлж байгаа хэрэг. Учир нь өмнөх шатанд төлсөн НӨАТ-аа хасдаг. Ийм маягаар дараа дараагийн шат ч адил. Эцэст нь иргэн л бүх гинжин дээр хуримтлагдсан НӨАТ-ыг төлдөг. Тиймээс онолын хувьд НӨАТ “давхардаж” нэмэгдээд 20, 30 хувь болчихдог зүйл биш. Гэхдээ бодит амьдрал дээр асуудал өөр. Мэдээж бүх хүн НӨАТ-аа буцааж авдаггүй. Зарим нь баримт өгдөггүй, зарим нь системд бүрэн ордоггүй. Тэгэхээр өмнөх шатанд төлсөн НӨАТ хасагдахгүй, дараагийн шатанд дахиад нэмж үнэд шингэх нь байгаа. Ингэж “жинхэнэ давхардал” үүсдэг. Мөн жижиг бизнесүүд НӨАТ-ын босгоос доогуур татвар төлөхгүй ч НӨАТ-тай бараа авдаг. Тэд буцаан авах боломжгүй учраас тэр зардлыг үнэд шингээдэг. Энэ нь мөн үнийг өсгөж байгаа. Тиймээс НӨАТ өөрөө гол буруутан биш ч, олон шат дамжлага дээр нэмэгдсэн ашиг бүр дээр 10 хувийн татвар дагаж нэмэгдсээр эцсийн үнэ улам “томорч” харагддаг. Тэгэхээр НӨАТ үнэ өсгөдөг үү гэх асуулт гарна. НӨАТ өөрөө дангаараа бол тийм их нөлөөтэй биш. Харин татварын тогтолцоо буруу ажиллавал нэлээд дарамт болдог гэж ойлгож болно. Манайхтай төстэй улсуудыг харвал Казахстаны НӨАТ 12 хувь. Систем харьцангуй цэвэр ажилладаг тул давхар нэмэгдэл бага. Киргизистанд гэхэд НӨАТ 12 хувь ч далд эдийн засаг их. Баримтгүй гүйлгээ ихтэй учраас НӨАТ бодитоор давхардаж, үнэ өсгөдөг. Гэтэл Гүржид НӨАТ 18 хувь буюу өндөр байдаг. Гэхдээ бүртгэл, буцаалтын систем сайн тул үнэ дээрх дарамт харьцангуй бага мэдрэгддэг байх жишээтэй. Эндээс харахад асуудал татварын хувь биш, харин систем хэр цэвэр ажиллаж байна вэ гэдэгт байгаа юм. Онолын хувьд НӨАТ давхар татвар биш боловч манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл дутуу байдагтай холбоотой “давхар татвар” болж, үнэ өсөх нөлөө үзүүлдэг гэж ойлгож болно.
-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас бүрэн чөлөөлбөл богино хугацаанд үнэ хэдий хэмжээгээр буурах боломжтой юм бол?
-Ер нь бол хүнсний барааг НӨАТ-аас бүрэн чөлөөллөө гээд үнэ шууд 10 хувиар буухгүй. Онолын хувьд тийм боломж байгаа ч бодит амьдрал дээр арай өөр. Яагаад гэвэл одоо 10 хувь НӨАТ үнэд шингэсэн байгаа. Хэрвээ үүнийг бүрэн авбал 10 хувийг бүхэлд нь хэрэглэгчдэд дамжуулна гэсэн баталгаа байхгүй. Ихэвчлэн зарим хэсгийг бизнесүүд өөрсдөө ашиг болгож үлдээнэ, зарим нь логистик, зардал өссөнтэй холбоотой “саармагжина”. Өөрөөр хэлбэл, зарим дэлгүүр л үнээ бодитоор бууруулна. Ойролцоогоор үнэ 3-7 хувь орчим буурах нь илүү бодитой хүлээлт гэж үздэг. Жишээ нь 20.000 төгрөгийн бараа 1000-2000 төгрөгөөр л бууна. Энэ нь мэдрэгдэнэ, гэхдээ амьдралд том өөрчлөлт авчрахгүй. Манайхтай төстэй улсуудын жишээ харцгаая. Казахстан зарим хүнсний бараанд НӨАТ-ын хөнгөлөлт хийж байсан. Эхэндээ үнэ бага зэрэг буусан ч удалгүй буцаад өссөн. Учир нь нийлүүлэлт, шатахуун, логистикийн зардал үнэ гэгчид илүү их хүчтэй нөлөөлдөг. Киргизистаны хувьд зарим үед татварын хөнгөлөлт өгсөн ч далд эдийн засаг, ченжийн нөлөө их тул хэрэглэгчид бүрэн хямдрал мэдрээгүй юм. Эндээс нэг нийтлэг зүйл анзаарч болно. Ганц татвар бууруулах шийдвэр нь дангаараа үнийг удаан хугацаанд барьж чаддаггүй. НӨАТ-ыг тэглэх нь үнэ “түр намдаах” арга болохоос “урт хугацаанд хямд байлгах” шийдэл огт биш.
-Дайны нөхцөлд дэлхийн улс орнуудын удирдлагууд үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авч байна. Жишээлбэл, Японы ерөнхий сайд хүнсний бүтээгдэхүүнүүдээ татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлсэн. Солонгос ард иргэддээ бэлэн мөнгө тараана гэж дуулдлаа. Харин Монголд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Дайны үед олон улс үнэ өсөлтийг “буулгах” арга хэмжээ авч байна гэдэг үнэн ч, яг ямар арга хэрэглэж байна вэ гэдэг нь улс бүр дээр өөр шүү. Жишээ нь, Япон зарим үед хүнсэнд татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлсэн нь бүрмөсөн НӨАТ тэглээгүй гэсэн үг. Харин иргэдийнхээ орлогыг дэмжих, импортын зардлыг бууруулах, компаниудад дарамт өгөхгүй байх тал дээр илүү анхаарсан шийдвэр юм. БНСУ бол зарим үед иргэддээ шууд мөнгөн дэмжлэг өгч байсан тохиолдол бий. Энэ нь үнэ бууруулах биш, харин хүмүүсийн худалдан авах чадварыг хамгаалах арга байсан юм. Тиймээс манай улсын хувьд үнийг “захиргааны арга”-аар барих гээд хэрэггүй гэж би олон удаа ярьж байна. Энэ хамгийн түрүүнд ойлгох зүйл.
Үнийг хүчээр барих нь зах зээл дээр хиймэл хомсдол үүсгэж хожим нь бүр илүү үнэтэй болдгийг өнгөрсөн жилүүдэд хангалттай харлаа. Тиймээс хамгийн эмзэг бүлгийг шууд дэмжих хэрэгтэй гэх шийдлийг төр анзаарах ёстой. Бүх барааны үнийг буулгах гэж оролдохын оронд бага орлоготой өрхүүдэд мөнгө, эсвэл зорилтот тэтгэмж өгвөл илүү үр дүнтэй. Энэ нь БНСУ-ын хэрэглэсэн арга шүү дээ. Мөн импортын зардлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Хүнс, шатахуун зэрэг дээр гааль, татварыг түр хугацаанд багасгавал бараа, бүтээгдэхүүн илүү их орж ирнэ, үнэ тогтворжино. Энэ бодлогтой хамт дотоод нийлүүлэлтийг хамгаалахаа мартаж болохгүй. Малчид, үйлдвэрлэгчдийн зардлыг бууруулахгүй бол үнэ буухгүй. Тиймээс тэжээл, шатахуун, логистик дээр нь дэмжлэг үзүүлэх нь шууд үнэд нөлөөлнө.
Эцэст нь хэлэхэд, зах зээлийн “гажсан” тогтолцоогоо засах хэрэгтэй. Манайд гол асуудал нь ченж, дамжлага олон, логистик муу. Үүнийг засахгүй бол ямар ч татвар бууруулаад үр дүнгүй. Дээр хэлсэн бүгдийг нэгтгэвэл нэг л дүгнэлт гарна. Үнэ өсөлттэй тэмцэх хамгийн зөв арга бол бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, эмзэг давхаргын иргэдээ хамгаалах, зах зээлийг гажуудуулахгүй байх гэсэн цөөн асуудалд төрийн бодлого чиглэх ёстой.
Өдрийн сонин


Сэтгэгдэл байхгүй байна