• Эхлэл
  • Хөл хорио ба бидний сэтгэл зүй

Хөл хорио ба бидний сэтгэл зүй

2020/11/21

Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед мэдээж хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй, айдастай байгаа. Тэгвэл хэрхэн сэтгэлээ тайван байлгах талаар сэтгэл зүйч, ховс дасгалжуулагч Ц.Энхтөрийн зөвлөгөөг хүргэж байна.

-Өвчин дэгдсэн, хатуу хөл хориотой байгаа энэ үед хүмүүс мэдээж айдастай байгаа. Тэгэхээр та ямар зөвлөгөө өгөх вэ. Жишээлбэл, муу мэдээ, ялангуяа өвчлөл нэмэгдэж байгааг сонсох бүрт л хямраад байх юм.

-Хэдийгээр хүмүүс мэдээгээ үзэх нь чухал ч мэдээж бас стресс нэмэх нь зүй. Тэгэхээр эхлээд хэзээ мэдээгээ үзэж, нягтлах вэ гэдгээ бодоорой. Жишээлбэл хооллохын өмнө, хоол идэж байх үед, бас унтахын өмнө таагүй мэдээлэл бүү үз. Стресс, сэтгэлийн зовнил улам их гүнзгийрдэг. Таагүй мэдээлэл бидний биед ордог. Тиймээс мэдээлэл авахад шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Мэдээллийнхээ эх сурвалж, өөрт чинь хэрэгтэй, хэрэггүй мэдээллээ ялгаж сур. Жирийн үед ч гэсэн их чухал шүү. Би мэдээ үзэх тийм их дуртай биш. Жишээлбэл, би саяхан хотын дарга өөр хүн болсныг мэдлээ. Зарим нэг зүйл бидний амьдралд чухал биш байж болно шүү дээ. Тэгэхээр одоо өдөр болгон өвчлөл нэмэгдэж байгаа мэдээг сонсох шаардлага байна уу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй.  

Мэдээний 70 хувь нь сайн, 30 хувь нь муу бол  байж болно. Муу мэдээлэл 70-аас дээш байвал бид улам аймхай, стресстэй болно. Аймхай хүнийг удирдахад амархан. Уужуу тайван өөртөө итгэлтэй хүнийг удирдах, уруу татахад  хэцүү.  

Сайн муу мэдээлэл, хоол боловсруулах эрхтэнд маш их нөлөөлдөг, хоол боловсруулах эрхтэн мууддаг. Дараа нь бидний био химийг бас өөрчилдөг. Айдас гэдэг маань эмх замбараагүй байдал гэсэн үг. Уураг тархи замбараагүй болсноор дархлааны системд шууд нөлөөлдөг.

-Тэгвэл яаж тайвшрах боломжтой вэ?

-Таагүй мэдээллийг аль болох хурдан биеэсээ гарга. Жишээлбэл гэрээсээ гарах боломжтой бол гадаа алх. Хорионы нөхцөлд коридортоо нааш цаашаа алхсан ч болно.

Хорионы үеийг гэр бүл, хань, үр хүүхэдтэйгээ хамт байж тоглож ярилцаж, гэр бүлтэйгээ амрах сайхан боломж болгож хувиргах хэрэгтэй. Өмнө хийж байгаагүй зүйлээ хийх, өөртөө ашигтай сайн зүйл хийх боломж гарч ирж байна гэж өөдрөгөөр хүлээж ав. Зорилгоо илүү цэгцтэй тодорхойлж, төвлөрч анхаар. Жишээлбэл, сар гаруйн дараа шинэ он гарна, тэгэхээр 2021 онд юу хийх вэ? Гэсэн төлөвлөгөөгөө гарга.

Байнга гэртээ байхаар эрх чөлөө хязгаарлагдмал байгаа юм шиг боловч үгүй юм. Хүнд ганцаардал гэж байдаг. Зарим хүн үүнээс маш их айдаг. Гэхдээ заримдаа ганцаараа, эсвэл гэр бүлтэйгээ байх үе заавал тохиолдог. Үүнд одооноос дасан зохицох хэрэгтэй.

Сүүлийн 15-20 жил глобалчлагдаж байна гэгдсэн. Гэтэл одоо глобалчлалын эсрэг хандлага, нөхцөл байдал үүсч байна. Нэг, нэгээрээ, эсвэл гэр бүлээрээ байх уур амьсгал нүүр тулаад ирлээ. Энэ байдал цаашид ч, дараа жил ч давтагдах магадлалтай. Тэгэхээр ганцаараа эсвэл гэр бүлээрээ байх гэдэг энгийн зүйл гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Өмнө нь бид зүйлтэй тулгарч байгаагүй шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдлаа ойлгож, хүлээн зөвшөөрч, суралцаж, амьдралынхаа хэв маягийг дахин нэг эргэж харахад илүүдэхгүй. Ажил гэр, гэр ажил гэсэн маршруттай байсан бол одоо зөвхөн гэртээ байна. Энэ сайхан завшааныг ашиглаад бид өөрийгөө хөгжүүлж, ойр дотнын хүмүүс, хүүхдүүдтэйгээ ярилцах, тэдний үгийг сонсох, тэднээсээ суралцах аз завшаан гарч байна. Энэ боломжийг сайн ашиглаж аваарай гэж хэлэхийг хүсч байна.

-Хүмүүс стрестэхээрээ маш их хоол идэх ч юм уу, эсвэл архи, шар айраг уухыг хүсдэг. Одоо тэгээд яах ёстой вэ?

-Архидалт гэдэг бол мэдээж таатай зүйл биш. Бид өөрсдөө я мэдэж байгаа. Архи уухад хэсэгтээ сайхан байдаг ч тэрнээс цааш авах юм байхгүй ш дээ. Маргааш нь бол бүр хэцүү. Улам стресст оруулж, сэтгэлийн зовнилд автуулдаг. Иймээс хорионд байгаа хоногуудыг архи пивогүй өнгөрөөгөөрэй гэж өөрийнхөө зүгээс хүсч байна. 

Арга билэг, хар, цагаан хосолсон хорвоод юм болгон өөрчлөгддөг. Удахгүй сайхан цаг, үе ирнэ. Удахгүй маш сайхан цас орно, бид салхинд гарна, зугаална. Тийм болохоор сэтгэлээр унах хэрэггүй.

-Сэтгэл унасан үед ямар ямар дасгал хийж болох вэ? Маш энгийн дасгал зааж өгөөч?

-Маш энгийнээс эхлэе. Хэрвээ сэтгэлээр унаад байвал ойр тойрныхоо 5-10 сайн зүйлийг олж хар. Өө манай гэрт чинь ийм сайхан зүйл байдаг юм байна. Цонхоор ийм гоё харагддаг юм байна. Би чинь ийм сайхан хүн юм байна гэх мэт. Мэдээж таны эргэн тойронд сайхан зүйл байж л байгаа. Хэдий чинээ олон зүйл олж харна. Төдий чинээ их сайн.

Дараагийн нэг арга бол албадан инээх. Инээхэд бидний тархинаас эндорфин гормон ялгардаг. Нэг минут эсвэл эхлээд 15 сек, 20 сек 30 сек, нэг минут ямар ч шалтгаангүй инээ. Эндорфин ялгарахаар сэтгэл санаа дээшилж ирдэг. Энэ дасгал танд их тус болно.

Дараагийн нэг дасгал: Хананд хоёр мөрөөрөө налж зогсоод нүдээ аниад сайхан юм бод. Хана налж зогсоход хүн өөрийгөө хамгаалалттай, өмөг түшигтэй байна гэдгээ мэдэрдэг. Энэ мэдрэмж маш чухал. Дараа  нь аль болох эерэг сэтгэлгээг өөртөө суулгаж, сөрөг бодлуудыг аль болох хурдан хөөж гаргаж байх хэрэгтэй. Энэ бол далд ухамсартай холбоотой асуудал.

Хүн айхад эхлээд хоёрдугаар хүрд буюу элгэнд, дараа нь амьсгалд ачаалал үүсч, амьсгал замбараагүй болдог. Тэгэхээр юун түрүүнд амьсгалын дасгал хийж сураарай. Амьсгалаа аль болох зөөлхөн авч, гүнзгий түгж. 20 секунт. Чадвал 30, 40 секунт түгжвэл их сайн. Ингэж дасгал хийгээд амьсгал хэвийн болно. Ер нь маш олон амьсгалын дасгалууд байгаа.  YouTube рүү ороод үзэж, хичээллэж болно. Хорионы энэ өдрүүдэд time management  цагийн хуваарь гаргачихвал бүр амархан. Дахин хэлэхэд бид хэр хариуцлага, тэвчээртэй байна гэдгээ шалгах хугацаа шүү.

-Энгийн болон далд айдас байдаг гэж та ярьсан шүү дээ. Далд буюу төсөөллийн айдсын талаар арай дэлгэрэнгүй ярилцая?

-Бид яагаад айдаг вэ? Жишээлбэл, бид харж төсөөлж чадахгүй, төсөөлөх боломжгүй учир харанхуйгаас айдаг. Энэ цэвэр төсөөллөөс үүдсэн айдас. Харин төсөөллийн айдсыг тархиндаа удаан байлгах юм бол асар  их хортой. Сөрөг бодол толгойд орж ирэх нь хэвийн үзэгдэл. Харих тэр сөрөг бодлыг удаан  байлгавал, түүнд дээр анхаарал хандуулбал буруугаар эргэдэг. Тиймээс төсөөллийн айдас, сөрөг бодлуудыг шууд л хөөх хэрэгтэй. Та түүдэг галын дэргэд сууж байтал тань дээр оч үсэрлээ гэж бодьё. Та  шууд гүвээд унагана. Унагахгүй бол түлэгдэнэ. Үүнтэй адил сөрөг бодлыг зүгээр л хөөж гаргана. Сөрөг бодлыг тархинд удаан байлгаж болохгүй.

-Сөрөг бодлыг яаж хөөх вэ?

-Дараагийн сайн бодлыг бод. Ингээд бодоод сурчих юм бол сөрөг бодол маш бага болно. Би энэ чиглэлээр бараг 20 жил ажиллаж байна. Хүн өөрөө сайхан тайван байж, болохгүй байсан ч болж байна, бүтэж байна, надад жаахан ч гэсэн боломж байна гэж бод. Жижигхэн сайн үйл дээрээ анхаарлаа төвлөрүүлээд байвал муу зүйл чинь жижигхээн болоод байна. Өнөөдөр корона гарч хөл хорилоо гэхэд “Миний айдас хэр зэрэг байна” гэж нүдээ аниад бод. 10 байвал долоо, тав байвад дөрөв, гурав болгоё гэж бод. Ерөөсөө бүгдийг нь нэг мөсөн алга болгочихьё гэж дотроо бод, өөртөө итгүүл. Хүн сэтгэлийн амьтан юм чинь бодлыг чинь дагаад айдас алга болно.

Муу юм бодоод л байвал ийм л үйл явдал болно. Сайн зүйлийг зөв үйл явцтай бодоод сурчихбал тэр нь биелнэ. Яаж хөгжиж дэвших вэ гэдэг дээр маш сайн анхаарвал яг л биелнэ. Муу зүйл дээр төвлөрөөд байвал тэр зүйлийг татна. Таны анхаарал хаана байна. Та тэнд л байна. Хэрвээ миний анхаарал үргэлж л сайн сайхан зүйл дээр байгаад байвал сайхан болно. Хэрвээ корона вирус ч юм уу, эмнэлэг бодоод байвал тэр зүйл дээр л очно. Бидний уураг тархи, бие организм ийм. Та юуг, сайныг эсвэл мууг татмаар байна, таталцалын хуулиар тэр л ирнэ.

-Өнөөдөр жишээлбэл, дэлгүүрт ороход ч айдас төрж байна. Энэ айдсаас салах хэцүү юм шиг ээ?

-Айдас хардалт гэдэг өвчинтэй шууд хамааралтай байдаг. Хүн өөрт байгаа зүйлээ алдахыг хүсдэггүй байна. Хүн юунаас айна. Түүнийгээ өөртөө ойруулна. Ялангуяа бизнес эрхлэгчдэд айдас гэдэг юм огт хэрэггүй. Би нилээн хэдэн жил бизнес эрхэлсэн. Хэрвээ таньд ямар нэгэн тодорхой сөрөг бодол толгойд орж ирсэн бол гүйцээ. Тэр биелнэ гэсэн үг. Ийм айдсыг шууд толгойноосоо авч хаях хэрэгтэй. Айдас биш, хүсэл тэмүүлэл дээр илүү их ажиллах ёстой.

-Эерэг  бодлыг яаж удаан барих вэ. Тусгайлсан арга, дасгал байдаг уу?

-Нэг их арга хэрэггүй дээ. Өөрөө байнга сайн сайхан бодолтой байх юм бол эерэг бодлынхоо бүтээгдэхүүн болчихдог. Дандаа л сайхан юм бод. Барих ерөөсөө хэрэг байхгүй. Нэг бодлыг өөр эерэг бодлоор солиод л яваад бай. Байнга ийм байхаар аяндаа хүн өөрөө эерэг болчихдог. Бүх юмнаас эерэг зүйл олж харж байдаг, дадал зуршилтай болчихдог. Өөрөөр хэлбэл далд ухамсарт, санамжид хадгалагдана. Тэндээс биднийг компьютер шиг байнга л удирдана.

-Далд ухамсраа зөвөөр, хүссэнээрээ кодлож сурах тухай заадаг уу?

-Би одоо 7-8 долоо хоногийн хичээл бэлтгэж байна. Удахгүй бэлэн болно.

-Зарим зүйлд зөнтэй хүн байдаг. Тэр нь далд ухамсарт багтах уу. Яаж хөгжүүлэх вэ?

-Зөн билэг гэж байгаа. Зарим нь ухамсар дээр, зарим нь далд ухамсар дээр байрладаг гэдэг. Хүнд байгаа программ яаж ухамсараас далд ухамсар руу шилждэг вэ гэвэл маш чухал зүйлээ маш сайн ухамсарт тогтоохын тулд шөнө унтахаас өмнө тэрийгээ сайн бод. Унтаж байх явцад бидний ухамсарт хадгалагддаг түр зуурын ой санамжаас далд ухамсарын байнгын ой санамжид тээвэрлэгдэж ордог. Далд ухамсарын байнгын ой санамжид орсон зүйл хэзээ ч дахиж устаж алга болохгүй. Маш чухал гэсэн зүйл ухамсарын түр зуурын ой санамжаас хэзээ ч мартагдахгүйгээр далд ухамсарт шилжиж орно гэсэн үг.

-Дараагийн нэг зүйл бол сошиал хэрэглээ. Ялангуяа хөл хорионы үед хүмүүс их эмзэг, шүүмжлэх, турхирах байдал их харагдаж байна. Нэр нүүрээ нуусан хүмүүс албаар турхирах, үйлдэл хийж нийгмийн сэтгэл зүйг донсолгож байна уу гэж надад бол бодогддог?

-Нүүрээ нууж,  байр сууриа илэрхийлэх бол байж болох л зүйл. Үүнд уурлах, эмзэглэх, бас баярлах, дагаж хөөрөх ч хэрэг байхгүй. Тэр хүн зүгээр л эрх чөлөөгөө олох гэж оролдож байна.  Нүүрээ нууна гэдэг чинь хариуцлага хүлээхгүй байна үг. Гэвч хүн хэзээ ч өөрөөсөө нуугдаж чаддаггүй, магадгүй өөрийгөө л олохгүй байгаа. Өөрийгөө  олохоороо нүүрээ нуухаа болино. Хувьсал, хүнд явагддаг хэвийн зүйл. Сүүлийн үед улам л багасаад байгаа. Цаашдаа ч багасах байх. Бид дөнгөж саяхнаассүлжээнд ярих, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөтэй болж байна. Тэгээд цаашдаа цэгцрэх байх аа. Зарим хүмүүс муу юм хэлэх л байх. Би бол энэ хэвийн үзэгдэл гэж хүлээж авдаг.

-Та хүмүүст  онлайн сэтгэл засал хийж болох уу?

-Онлайн хичээлд бэлтгэж байгаа. Яг хэзээ гарахыг би сайн мэдэхгүй байна. Удахгүй бэлтгэж дуусна. Тенхикийн  ажиллагаа байгаа. Тэр тал дээр анхаарч байгаа. Та бүхэн Монгол ховс пэйжээр манай мэдээлэлтэй танилцаж болно шүү. 

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү.

Сэтгэл зүйч Ц.Энхтөр: Айдсаас салж болно


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин