• Эхлэл
  • М.Энхсайхан: Монголчууд бид болж байгаа үйл явдлаас сургамж авах хэрэгтэй

М.Энхсайхан: Монголчууд бид болж байгаа үйл явдлаас сургамж авах хэрэгтэй

2022/03/09

Сэтгүүлч Ж.Нямсүрэнгийн Ерөнхий сайд асан М.Энхсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Дэлхийн улс төр, эдийн засаг, Украин-Оросын дайны талаар ярилцах гэсэн юм. Дэлхийн геополитик тун эвгүй болчихлоо шүү дээ?

-Ойрд жаахан ажил ихтэй, цаг зав багатай байна. Чамтай товчхон ярилцъя.

-Украин-Оросын дайны нөхцөл байдал улам хүндэрч байна. Энэ дайн дэлхийн улс төр, эдийн засагт багагүй өөрчлөлт авчрах нь гарцаагүй боллоо. Дайнд хэн нь ялах бол, Путин үү, Зеленский юу?

-Энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтлох Путины тушаал гарснаар энэхүү дайн эхэллээ. Орос орон дайн хийх нь гэхэд олон хүн итгэхгүй байсан. Украинд ч дайн болно гэдэгт итгэхгүй хүмүүс цөөнгүй байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден дайн болох талаар, дайны өдрийн товыг хүртэл зарлаад байхад итгэхгүй л байсан. Миний харснаар АНУ-ын зүгээс Путины дайны төлөвлөгөөг ил тодоор хэлж, дайны галыг эхлүүлэхгүй байхыг оролдож байжээ.

Ингэснээр Путины төлөвлөгөө хоног хоногоор хойшилж, тэр нь Украинд дайнд бэлтгэх бага ч гэсэн цаг хугацаа өгч байсан юм байна. Өнөөдөр бид дайны гэрчүүд боллоо. Орос бол эзлэн түрэмгийлэх, эвдэн сүйтгэх, орос украин ахан дүүсийн цусыг урсгасан, тэрхүү дайндаа балчир залуу хүүхдүүдийг, Оросын бага ястнууудыг, түүний дотор буриад, тува, халимаг зэрэг угсаа нэгт ахан дүүсийг минь золиосолсон, жирийн иргэдээ алсан гэмт хэрэг үйлдэж байгааг харж байна. Болж буй үйл явдлыг зүрх салгалахгүйгээр, нулимс дусаахгүйгээр үзэж чадахгүй байна. Хэн ялагч байх нь гол биш, дэлхийд хүний эрх, эрх чөлөө, энхтайван ялах ёстой юм. Монголын ирээдүй Украинаас хамаарахаар байна. Тиймээс Украин битгий ялагдаасай гэж залбирч байна.

-Энэ дайныг эсэргүүцэгчид, дэмжигчид Монголд аль аль нь байна. Таны хувьд дайныг эсэргүүцэж байгаагаа нүүр номдоо байнга илэрхийлдэг.

-Бид яагаад дайныг эсэргүүцэх ёстой вэ гэвэл аливаа дайн хүмүүний, тэр дотроо залуусын амь нас, амьдралыг бусниулдаг хамгийн адгийн үйл явдал. Дайныг эсэргүүцэх үзлээр аав, ээж маань биднийг бага насанд хүмүүжүүлсэн. “Дайн үгүй шүү”, “Даян дэлхийд энхтайван” гэдэг зураг зуруулдаг, уриа бичүүлдэг байсан. Гэтэл өнөөдрийн Орос оронд “Дайн үгүй шүү” гэдэг бичиг барьсан ахмад настан, балчир хүүхдүүдийг хүртэл баривчилж байна. Путин бол Оросын ард түмэн биш, Оросын ард түмнийг Путин төлөөлж чадахгүй. Дайныг Оросын ард түмэн зогсоох учиртай. Тэдэнд хамаг найдлагаа тавьж байна. Энэ бол коммунизм нь фашизм хэлбэрээр биежсэн болохын нотолгоо.

Угтаа коммунизм, фашизм мөн чанараараа адилхан, энэ талаар уртын урт ярьж болно. Гэвч тийм юм яриад суудаг цаг биш байна. Путин Украины фашистуудыг буруутгаж, Украиныг тэднээс чөлөөлөх юм гэнэ ээ. Украины фашистууд тоо хэмжээгээрээ Москва, Петербургийн фашистуудаас ихгүй. Монголыг фашизмаас чөлөөлнө гээд манайх руу цэрэг оруулъя гэвэл болохоор л байна. Манайд ч эргүү малууд мундахгүй их. Угтаа тийм хүмүүс Оросын цэргүүд хөрш орнууддаа түрэмгийлэл үйлдэх шалтаг бий болгогчид юм.

-Ингэхэд энэ дайн хэр хугацаа хамарч, дэлхий хэр их хохирол амсана гэж та харж байна. Ер нь дайны дараах дэлхийн геополитикийг хэрхэн таамаглаж байна вэ?

-Оросын түрэмгийллийг харахад олон улсын дэг журам нь дарангуйлал байх уу, ардчилсан байх уу гэдгийг хөндөж байгаагаараа, дайны эцсийн үр дүнгээс хамаарч Монголын ирээдүйн хувь тавилан шийдэгдэхээр байна. Орос оронд дарангуйлал тогтсон нь илт байна. Дарангуйлал биежихэд хоёр нөхцөл бүрэлдэх учиртай гэж судлаачид бичдэг юм. Нэгд, ард түмэн дарангуйлагчаа тахин шүтэгчид байх, хоёрт, дарангуйлагч параной өвчинд нэрвэгдэх. Энэ хоёр нөхцөл Орост бүрэлджээ. Та нар ямар ч орос хүнээс асуугаарай. Орост амтай болгон бүгдээрээ төрийн дээр хулгайч, луйварчид гарсан гэх хэрнээ тэднийг өөрчлөх тухай бодол ч байхгүй, сохроор Владимир Владимирович хэмээцгээдэг. Энэ бол тахин шүтэх үзэл ноёлсны шинж тэмдэг. Нөгөө талаас уртын урт ширээний ардаас улс орнуудын удирдагч нартай болон өөрийн ойрын хүмүүстэйгээ харьцаж байгааг харвал Путин параной өвчтэй нь илэрхий байна. Гитлер ийм л байсан. Муссолини ийм л байсан. Дараа дараагийн дарангуйлагчид бүгд л ийм байсан. Төгсгөл нь гунигтай. Зэвсэг барьсан дайн орчин үед богинохон бөгөөд сайндаа л сар болно биз. Түүнээс илүү хугацаанд байлдъя гэвэл эдийн засгийн хүчин чадалтай байх ёстой болдог.

Өөрөөр хэлбэл, урт хугацаандаа дайн бол эдийн засгийн дайн юм. Богинохон хугацааны дайнд ч оросууд амжилт олоогүй л байна. Урт хугацаанд нь авч үзвэл Украин ялж байна. Яагаад гэвэл бүх дэлхийгээр Украиныг дэмжиж байна. Украины ард түмэн Ерөнхийлөгч Зеленскийн хэлдгээр “Харанхуйг эзэмдэх гэрэл” байгаасай.

-Бүх дэлхийгээрээ Орост хориг тавьж байгаа учраас Украин ялах ёстой гэлээ. Нөгөө талдаа нэг дарангуйлагчаас болоод Оросын гэмгүй иргэд ч дайнд өртөж байна. Өөрөөр хэлбэл, Оросын дайны хохирогчид Оросын энгийн иргэд өөрсдөө болсон?

-Юуны өмнө дайныг зогсоох нь чухал зорилт бөгөөд ингэхийн тулд Оросын түрэмгийллийг зогсоохын тулд тэдний цэргийн машины санхүүжилтийг зогсоох арга хэмжээ авч байна. Ийм том хэмжээний эдийн засаг, санхүүгийн хориг авчихна гэж В.Путин бодоогүй байх. Зөвхөн хориг арга хэмжээ аваад зогсоогүй Украинд зэвсэг, хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламж үзүүлж байна. Нийлбэр дүнгээр 100 тэрбум ам.доллар давж байна. Украины санхүүгийн чадвар эрчтэй нэмэгдэж, Орос сулрах нөхцөл бий болчихоод байна. Тиймээс Украин хохирол амсч байгаа ч урт хугацаандаа ялах нь ойлгомжтой байна. Монголчууд бид болж байгаа үйл явдлаас сургамж авах хэрэгтэй. Олон улсын парадигм өөрчлөгдлөө. Системтэй өөрчлөлт хийх шаардлага үүсэх нь гэж бодож байна. Юу ч гэсэн дайн эцэс болох нь чухал. Хориг зөвхөн Оросын ард түмний амьдралд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй. Хөрш бидэнд ч сөрөг нөлөөтэй. Дайныг зогсоохын тулд тэсэхээс өөр арга зам байхгүй.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Гитлерийн фашизмын удирдагчдыг шүүсэн Ньюренбергийн шүүх хүн төрөлхтнийг аймшигт унагасан фашизм газар авч, дэлхий дайнд хүргэсэнд Германы ард түмэн буруутайг төгсгөлд нь тэмдэглэн хэлсэн байдаг. Түүх давтагдаж байгаа бололтой.

-Путины дайнд буриад, тува, халимаг зэрэг ахан дүүсийг маань золиослож байна гэж та түрүүнд хэлсэн. Энэ нь их гүрний цөөнхөө цөөлөх гэсэн давхар бодлого байж болох уу?

-Тийм бодлоготой эсэхийг Гаагийн олон улсын шүүх тогтоож өгөх биз. Ямар ч байсан тэргүүн фронтод дайсныхаа байлдааны нөөцийг барах бууны маханд бага ястнуудыг явуулж байна гэх сэтгэгдэл төрж байна. Кремлийн олигархиудын хүүхдүүдээс дайнд явлаа гэж сонсоогүй.

-Монгол Улсын хувьд албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй, төвийг сахисан, түдгэлзсэн байдалтай байгаа шүү дээ. Гэхдээ төвийг сахина гэдэг дуугүй, чимээгүй байна гэсэн үг биш биз дээ?

-Монгол улс төвийг сахиагүй. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс галыг зогсоох байр суурьтай байгаа гэсэн байна лээ.  Мөн дайныг зогсоохыг шаардсан НҮБ-ын төслийг эсэргүүцээгүй. Ийм асуудлаар болгоомжтой байгаа нь өөрийн дотоод дахь нөхцөл байдлаа харгалзсан хэрэг гэж ойлгож байна. Харин иргэд дайныг эсэргүүцэж, дуу хоолойгоо гаргаж байгаа нь сайхан байна.

-Хятад улс одоогоор Оросыг дэмжинэ, дэмжихгүй гэдгээ илэрхийлээгүй. Цаашдаа тэд ямар улс төр хийнэ гэж та дүгнэж байна. Орос барууны эдийн засгийн хоригт хэр удаан тэсэх нь Хятадаас бас хамаарахаар болж байгаа учраас асууж байна?

-Харин ч Хятад улс Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, олон улсын дэг журмыг мөрдөнө гэдгээ хэлсэн. Орос оронтой стратегийн түншлэгч болохоос холбоотон биш гэсэн. Хориг зөв биш зам гэдгийг ч хэлсэн. Хятадын байр суурь тодорхой байна.

-Үймээн самуунтай гээд нутаг, усаа аваад нүүж чадахгүйгээс хойш хоёр хөршийн явуулж байгаа улс төрд монголчууд болгоомжтой хандах ёстой байх л даа. Жишээ нь, Москва крантаа хаавал Монголын эдийн засагт багагүй цохилт ирэх болохоор. Манай нэг сайд Оросын дайн Монголын эдийн засагт эерэгээр нөлөөлж магадгүй гэх маягтай юм ярьчихсан харагдсан.

Бусдын зовлон дээр хожоо хийнэ гэж бодож, ярьж ёстой болохгүй шүү. Ийм яриаг цэглэх хэрэгтэй. Ёс суртахуунаа ч бодсон тэр нь зөв. Бизнес бизнесээрээ л яваг. Олон улсын харилцаанд айдас ноёлдог байж таарахгүй. Бид бензингүй болчихвол яана гэсэн наад айдсаа толгойноос авч хаясан нь дээр.

-Буфер улсын хувьд Монгол Улс цаашдаа гадаад харилцаандаа ямар бодлого баримтлах ёстой вэ. Хэрэвзээ танаас зөвлөгөө хүсвэл та эрх баригчдад юу гэж зөвлөх байсан бол?

-Гадаад бодлого идэвхтэй, цэргийн хэлээр давшилттай байх ёстой. Мэргэжлийнхэн бодно биз.

-Орос-Украины дайнтай зэрэгцээд хийн хоолойг Монголоор дайруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ ер нь цагаа олсон үйлдэл мөн үү. Магадгүй Оросыг дэмжсэн үйлдэл болчих вий, эдийн засгийн хоригт дагаад орчих вий гэсэн айдас, болгоомжлол нийгэмд байна?

-Бодит байдал дээр Кремльд хэрэгтэй, Монголын талаар сөрөг сэтгэгдэл төрүүлэх сурталчилгаа л болчих шиг болсон доо.

-Ер нь хийн хоолойг Монголоор дайруулахын ач холбогдол юу вэ. Эсрэгээрээ эрсдэл нь бас юу байх бол. Товчхондоо байгалийн хий эдийн засаг уу, улс төр үү?

-Дайн дуустал, хориг зогстол  хийн хоолойн талаар монголчууд маргалдаад хэрэггүй дээ. Бүтэхгүй.

-Та эдийн засагч хүн. Тиймээс танаас шуудхан асууя. Эдийн засгийг сэргээх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” реформ болж чадах уу. Эсвэл популизм болж үлдэнэ гэж бодож байна уу?

-Зөв, буруу нь хамаагүй хөгжлийн чиг баримжаатай байх ёстой шүү дээ. Улам боловсронгуй болгох талаас нь бодохгүй, шүүмжлээд эсэргүүцээд Монголд тус болохгүй шүү дээ. Хөрш Орос орон дайн хийж байна, хоригт орчихоод байна. Хохирлыг дэлхийн бүх улс их багагүй амсана. Хориг тавьсан барууныхан ч өөрсдөө маш их  хохирол амсана. Хөрш Монгол ч багагүй хохирол амсана. Ийм цаг үед зөвийг дэмжих сэтгэлгээтэй байх нь зөв гэж бодож байна.

-Улаанбаатарын түгжрэлийг шийдэхэд оролцооч гэж хотын дарга Д.Сумъяабазар хэвлэлийнхнээс гуйсан. Та саналыг нь хүлээж авсан уу?

-Хотын дарга Цагаан сарын өмнөхөн мэнд дэвшүүлж, дараа нь цаг гаргаж, хүлээн авч уулзсан. Урд өмнө нь тухтай уулзаж байгаагүй л дээ. Уул уурхайн сайд байхаас нь хэлж ярьж байгааг нь харж байсан. Зөвлөхийн багаа сайн сонсдог хүн шиг санагдаж байлаа. Тиймээс ч хотын хөгжлийн талаар дэлхийн практикийг нэгтгэсэн материалаа бариад уулзсан юм. Дайчин чанар нь таалагдсан. Хот болон уул уурхай гэсэн Монголын эдийн засгийн том зовлонг туулж яваа, туршлага хуримтлуулсан байж л таараа гээд уулзсан. Санал бодлоо солилцсон. Миний хувьд мэддэг юмаа хэлэх нь Монголдоо туслах сэтгэлээс үүдэлтэй. Авч, гээх нь хотын даргын шийдэх асуудал. Миний чадах юм тэр.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч Ж.Нямсүрэн


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин