Ердөө жилийн өмнө “Бүх нийтийг малжуулах төсөл” уриатайгаар нээлтээ хийсэн “Хөх сүрэг” төслийнхөн өнөөдөр хэрэглэгчдэдээ худалдан авсан малынх нь үр шим болсон өвлийн идэш, дагалдах цагаан идээг нь хүргэж байгаа тухай мэдээлэл сошиалаар түгж эхлээд байна. Төслийн агуулга нь их энгийн, жилийн өмнө ADU багц худалдан авсан хэрэглэгч өөрийн эзэмшлийн адуутай болох бөгөөд төслийн багийнхан тухайн адууг маллан өсгөж таван жилийн дараа өссөн үр төлтэй нь танд эзэмшүүлнэ. Гэхдээ жил бүр тодорхой хэмжээний айраг, мах зэрэг өгөөжийг нь хүртэнэ. Энэчлэн CONI-ийн эзэмшигчид хонь, UMBU-гийн эзэмшигч үхэр, YMA-гийн эзэмшигч ямаатай болно гэсэн үг. Үндсэндээ малтай болох боломжгүй хот суурины иргэд мал эзэмшигч болохын зэрэгцээ үр шимийг нь жил болгон хүртэнэ. Анх сонсоход итгэмээргүй мөрөөдлийн мэт сонсогдох ч төслийн суурь бодитоор тавигдаж, мал эзэмшигчид өгөөжөө хүртээж эхэлжээ.
Тэгвэл “Хөх сүрэг” багийнхан өнгөрсөн 365 хоногийн хугацаанд малчдаа бэлтгэн, суурь малаа бүрдүүлж, өвөлжөө хаваржаа бүр хадлан тэжээлээ ч тусгайлан бэлтгэсэн бөгөөд ийнхүү эхний жилийн өгөөжийг хэрэглэгчдэдээ хүргэлээ.
Үүнээс гадна тэд малынхаа түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой бөгөөд одоогоор YMA брэндийн ноолууран малгай, ороолт, бээлий, цамц, UMBU брэндийн үхрийн арьсан цүнх, үүргэвч, хэтэвч хийж эхлээд байгаа юм байна. Энэ мэтчилэнгээр тэд малынхаа үр шимийг дээшлүүлж, байгальд ээлтэй, тогтвортой мал аж ахуйг цогц байдлаар хөгжүүлснээр дэлхийд бүтээгдэхүүнээ гаргах том амбицтай. Энэхүү том амбицыг дэлгэрүүлж тайлбарлахад маш олныг өгүүлэх учраас тэд нэг жилийн ой дээрээ буюу арваннэгдүгээр сарын 5-нд МҮХАҮТ-д ”Уур амьсгалын өөрчлөлт-Тогтвортой мал аж ахуй-Хөрөнгө оруулалт” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Энэхүү хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, цаашилбал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс төлөөлөл оролцох аж. Мөн “Хөх сүрэг” төслийн мал эзэмшигчид, сонирхогчид оролцож, өнгөрсөн жилийн турш хийсэн ажил болон ирээдүйн төлөвлөлттэй танилцах боломжтой. Дашрамд дараагийн мал эзэмшүүлэх захиалга арваннэгдүгээр сарын 11-ний 11 цаг 11 минутад авч эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй “Хөх сүрэг бүх нийтийг малжуулах төсөл” FB хуудсаас болон арваннэгдүгээр сарын 5-нд болох арга хэмжээнд ирж дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Сэтгэгдэл байхгүй байна