• Эхлэл
  • Д.Оюунгэрэл: Зөвхөн "Инизис Эйрвэйз" төдийгүй Монголын нэр хүндэд халдсан

Д.Оюунгэрэл: Зөвхөн "Инизис Эйрвэйз" төдийгүй Монголын нэр хүндэд халдсан

2022/12/16

“Изинис Эйрвэйз” компани тусгай нислэгээр эргэлзээтэй бараа ачиж тээвэрлэсэн гэх утгатай мэдээлэл гараад байгаа. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Д.Оюундэлгэрээс тодруулсныг хүргэж байна.


-Танай компанийг ОХУ руу цэрэг зэвсгийн 50 гаруй тонначаа бараа тээх гэж байсан тухай мэдээлэл түгээд байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Ор үндэсгүй мэдээлэл. Мэдээж нэг ч цэргийн хувцас, зэр зэвсэг байхгүй. Гоёл чимэглэлийн мөнгөн эдлэл, ковидын тест, шээсээр оношлох оношлогооны хэрэгсэл, моторын тос гэх мэт 5 багц бий. Дээр нь HS код гээд барааны олон улсын код байгаа. Аюултай, тэсэрч дэлбэрэх ачаа биш гэснийг илтгэсэн код гэж ойлгож болно. Манай компанийн хувьд арваннэгдүгээр сарын 4-нд агаарын тээврийн өргөн биетэй ачаа тээврийн зориулалттай онгоцыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, арваннэгдүгээр сарын 7-нд олон улсын долоон чиглэлд хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон юм. Энэ томилгооны хүрээнд арваннэгдүгээр сарын 22-нд Гадаад харилцааны яамнаас холбогдох улс орнууд руу нот бичиг илгээж, бид хуваарьт нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангуулж байсан. Нислэг үйлдэх гэж буй томилогдсон чиглэлд тухайн улс орны эрх бүхий байгууллагаасүйл ажиллагааны зөвшөөрөл авдаг. Үйл ажиллагааны зөвшөөрөл авахад дунжаар 30-60 хоног шаардагддаг. Энэ хугацаанд захиалгат нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх нь маш өндөр тогтмол зардалтай. Онгоц агаарт нисч байж үйл ажиллагаа тогтвортой байдаг. Иймд Бээжингээс эхлэлтэй Улаанбаатараар дамжин өнгөрөх транзит ачаа тээврийн нислэгийг хийхээр ажиллаж байсан. Томилгоо авсан долоон чиглэлийн маань нэг нь Москва.

-Английн aviationsourcenews.com сайтаданх худал мэдээлэл өгсөн эх сурвалж нь нисэхийн салбарт ажилладаг иргэн, тэр мэдээллийг Оросын сайтууд авч цацсаны дараа манай зарим сайт орчуулж түгээсэн гэж ойлгосон. Мэдээлэл анх цацсан сайтыг судалж үзэв үү, албаны мэдээлэл түгээдэг суваг байна уу, эсвэл...?

-Энэ гүтгэлгийн тухайд манай улсын иргэн, тэр тусмаа Монгол Улсын нисэхийн салбарт ажилладаг иргэн нэрээ нууцлан Английн сайт руу мэдээлэл өгсөн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. Тэр хүний өгсөн мэдээллийг тус сайт хэвлээд өнөө мэдээг нь Оросын сайтууд орчуулж тавьсан байна л даа. Мэдээлэл цацсан сайтыг судалж үзсэн. Ямар ч хариуцлага хүлээдэггүй, муугаар яривал агаарын тээврийн салбарын элдэв мэдээлэл нийтэлдэг вэб сайт юм билээ.

-Та бид хоёрын яриад байгаа Английн сайт дөнгөж түрүүн (өчигдөр орой) буруу ташаа мэдээлэл цацсандаа уучлал хүссэн мэдэгдэл гаргаж, хуурамч мэдээллээ устгасан байна. Сайтдаа байршуулсан мэдээллийг нь анзаарахад манайхаар бол хандалт хөөсөн шар мэдээ нийтэлдэг сайт шиг санагдлаа. Монголын авиа компанийн талаар цацсан мэдээллийнх нь бидэнд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Нэрээ нууцалсан хэн нэгэн хүний мэдээллээр нэг компанийн, цаашлуулж хэлбэл бүхэл бүтэн улсын нэр хүндэд халдахуйц хэмжээний нийтлэл гаргана гэдэг бол ямар ч сэтгүүл зүйн ёс зүйгүй вэб сайтын л хийх ажил. Монголын “Изинис эйрвэйз” авиа компанийг ОХУ руу цэргийн хэрэгсэл, цэргийн зориулалттай бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэнд буруутгажээ гэсэн гарчигтай мэдээлэл гарсан байгаа юм. “Изинис Эйрвэйз”-ийн нэг онгоц ямар ч үйл ажиллагаа явуулахгүй зогссон, учир нь энэ онгоцонд Хятадаас эхлэлтэй Орост буулгах зэр зэвсэг, дайны хангамж яваа, үүнтэй уялдуулаад давхар даатгалын үйлчилгээ үзүүлдэг компани шинжлэх шалгах ажил явуулахад их хэмжээний цэргийн ачаа бараа байсан, Изинис Эйрвэйз компани Украйн улсыг эзлэн түрэмгийлэхэд Оросыг шууд дэмжиж байгаа гэсэн агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн. Энэ бол маш ноцтой мэдэгдэл. Энэ сарын 14-нд буюу өнгөрсөн шөнө (уржигдар шөнө) Английн цагаар 19.55 цаг буюу манайхаар бол шөнийн хоёр цагт нийтлэгдсэн мэдээ. Үүнээс хоёр цагийн дараа ОХУ-ын CentralAsianews гэсэн сайтад орчуулж тавьсан байсан. Дараахан нь манай зарим сайт орчуулж нийтэлсэн юм билээ.

-Мэдээлэл өгсөн иргэний хувьд та бүхэнд тэр энэ гэх таамаг байна уу?

-Тэр энэ гэх таамаглал алга. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Тухайн иргэнд хардах үндэслэл байсан бол дотоодын байгууллагадаа яагаад хандсангүй вэ гэсэн асуулт гарч ирээд байна л даа. Яагаад заавал гадаадын хов жив хөөсөн мэдээллийн сайтад ийм гүжир мэдээлэл өгч цацуулах болов гэсэн асуулт анхаарал татаж байна. Энэ бол зөвхөн манай компани төдийгүй цаашлаад Монгол Улсын нэр төр, дэлхий нийтийн дипломат харилцаанд сэв суулгахаар том асуудал. Тиймээс энэ үйл явдал Монгол улсын нэр хүндэд халдсан үйл явдал гэж үзэж байна. Бид эхний эх сурвалж болох aviationsourcenews.com-д хандсан. Мөн энэ худал мэдээллийг хүргэсэн хүмүүсийг олно, хуульзүйн байгууллагад хандана. Монгол Улсын Иргэний тухай хуульд “Эдийн бус гэм хорын хэрэг” гэж бий. Компанийн цаашлаад Монголын нэр хүндэд халдсан мэдээллээ нотлож чадахгүй бол тухайн буруутай этгээд хариуцлага хүлээдэг. Энэ хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нөхцөл яалт ч үгүй үүсчихлээ. Нэрээ нууцалсан хэн нэгэн гэдэг нь хэрвээ монгол хүн бол эх орондоо хайргүй үйлдэл гаргалаа гэж харж байна. Аж ахуйн нэгж хоорондын жижиг асуудлын ашиг сонирхлоор бүхэл бүтэн улсаа гадна талд ийм байдалд оруулж буйд үнэхээр харамсч байна. Ер нь янз бүрийн мэдээлэл гарч л байдаг. Тэр болгоныг бид чимээгүй өнгөрөөдөг байсан. Энэ удаа харин чимээгүй суух аргагүй асуудал үүслээ.

-Манай бизнесийнхэн дунд түгээмэл анзаарагддаг өрсөлдөгчөө намнах танил технологи анзаарагдаад байх юм, танд тийм бодол төрөхгүй байна уу?

-Тийм ийм гэж таамаглаж хэлэхэд хэцүү шүү дээ. Компаниудын хувьд өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд ковидын маш хүнд нөхцөлд ажилласан. Ковид намжихтай зэрэгцээд хоёр улсын нөхцөл байдал хүндэрсэн. Ковидын дараах хямрал, дайны нөхцөлд үйл ажиллагаагаа тасалдуулчихгүйхэн шиг, зуу гаруй айл өрхийн амьжиргааг алдагдуулахгүй ажиллахсан, хүнд цагт улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулахсан гэж хичээж явахад ийм асуудал үүссэнд харамсч байна.

-Украйныг эзлэн түрэмгийлэх гэсэн Оросын бодлогыг дэмжсэн монгол компани гэсэн мессэжийг олон улсад шиднэ гэдэг яаж ч бодсон том эрсдэл. Улсын нэр хүндээс гадна компанид учирч болох хор хохирол гэж бий. Танай компанийн хувьд эхнээсээ сөрөг нөлөөллийг нь мэдрээд эхэлчихсэн байх...?

-"Изинис Эйрвэйз" зэвсэг тээвэрлэсэн гэх гүтгэлэг компанийн нэр төрд маш халтай. Харилцагч компаниуд өнөө өглөөнөөс хандаж эхэллээ. Онгоцны эздээс эхлээд цөөнгүй харилцагч яг энэ асуудлаар хандаад байна. Бид агаарын хөлгөө Ирланд улсын компаниас үйл ажиллагааны түрээсээр авч ашиглаж байгаа юм. Бизнесийн нэр хүндэд халдсан энэ болчимгүй үйлдлээс болж ганц манай компани ч биш улс орон маань ч эрсдэлд орчихлоо.

-Улс орны нэр төр гээд яривал макро төвшний хохирол, эрсдэл учруулахаар мэдээлэл гарцаагүй мөн л дөө. Компанийн хохирлыг онцолж яриулмаар санагдаад байна, хохирлоо барагдуулахын тулд шүүхэд хандах уу?

-Шүүхийн байгууллагад хандана. “Изинис Эйрвэйз” компани олон улсын хэм хэмжээ,Чикагогийн конвенцийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Хоёр талд Засгийн газар хооронд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу, дээрээс нь агаарын хөлгийн эцсийн өмчлөгч, түрээсийн компанитай байгуулсан гэрээний хүрээндүүргээ хатуугаар чандлан мөрдөн гүйцэтгэж байгаа.Лондонгийн зах зээлд байршсан зуун хувь А зэрэглэлтэй компаниарагаарын хөлгийн эрсдлээ даатгуулснаа бас хэлэх ёстой. Тиймээс хохирол хэмжээний асуудлыг бид хуулийн дагуу зохих байгууллагуудад нь тавиад явна.

-Английн компанид агаарын хөлгийн эрсдлээ даатгуулсан гэснээсцэргийн хувцас, зэр зэвсэг Орос руу тээвэрлэх гэж байсан, даатгалын компани нь шинжлэх шалгах ажиллагаа явуулж байна гэсэн утга бүхий мэдээллийн тухайд ямар тайлбар хэлэх вэ?

-Сая би танд агаарын хөлгөө Ирланд улсын компаниас үйл ажиллагааны түрээсээр авч ашиглаж байгаа гэсэн дээ. Ийм учраас бид үйл ажиллагаандаа Европын холбоо, Англи, Америкийн санкцийн хуулийг мөрдөж ажиллах ёстой. Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу түрээслэгчийн шаардсанаар дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн том компаниар онгоцоо даатгуулснаа түрүүн танд хэлсэн. Орос руу нислэг хийхийн тухайддаатгалын компанитайгаа ярилцаж тохиролцсон учраас нислэгийн бэлтгэл ажлаа хийсэн. Гурван удаагийн чартер нислэг төлөвлөсөн байсан. ОХУ руу нислэг үйлдэх болбол нислэг болгоныхоо өмнө даатгалынхаа компаниас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай учраасманай компани БНХАУ-аас ачаагаа тээвэрлэж Монголд ирснийхээ дараа тээвэрлэж буй ачааны жагсаалтыг даатгалын компани руу өгсөн. Давхар даатгагчийн зүгээс хоёр хоногийн дотор ачааг шалгаад, зарим ачааг “иргэний ачаа мэт харагдаж буй ч хосолмол зорилгоор ашиглах боломжтой санагдаад байна” гэсэн юм. Тийм хариу сонссон учраас бид энэ нислэгийг үйлдэхгүй. Нийт 27 тонн ачааг Монголд буулгачихсан байж байна.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд бид даатгалын компанитайгаа өдөр бүр харилцаж ажиллаж байсан. “Та нар нисч болно, тэгэхдээ даатгал үйлчлэхгүй” гэсэн хариу сонссон учраас нисэх шийдвэр гаргаагүй. Ахиад тодотгоход бид чинь үйл ажиллагаагаа ном дүрмийнх нь дагуу, хүлээсэн гэрээний хүрээнд гүйцэтгэж яваа авиа компани. Ийм компанийн хувьд даатгал үйлчлэхгүй газар явахгүй л гэсэн. Ийм л асуудал болсон. Гэтэл огт худлаа мэдээлэл түгчихлээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад ТЕГ, ГЕГ болон бусад холбогдох байгууллагад хандаж, ачааг онгойлгож шалгалт хийж өгнө үү гэсэн хүсэлт тавиад байна. Нөгөөтэйгүүр бид нэгэнт даатгалынхаа компаниас зөвшөөрлөө авч чадаагүй учраас Хятадаас авч ирсэн ачаагаа буцааж аваачиж өгөх үүрэгтэй. Учир нь Хятадын талтай давхар даатгалын зөвшөөрлөөр ачааг ОХУ руу гаргана, зөвшөөрөл өгөхгүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн гэрээтэй ажиллаж байгаа.

-Гэрээнийхээ дагуу ачаагаа буцаагаад Хятад руу тээвэрлэнэ гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно.

-Хосолмол зорилгоор ашиглах боломжтой гэдгийг тодруулаач?

-Иргэний зориулалттай ачааг цэргийн зориулалттай ашиглаж болзошгүй бараа бүтээгдэхүүний жагсаалтад оруулаад байгаа тохиолдол цөөнгүй бий.ОХУ-д тавьсан хоригтой холбоотойгоор тэр жагсаалт нь өдрөөр байтугай цагаар өөрчлөгдөж байна. Дайнаас үүдсэн онцгой нөхцөлөөс болоод ийм хурдтай өөрчлөгдөж яваа хэрэг л дээ. Оросын нөхцөл байдлаас үүдээд барууныхан ачаа бараагиргэний зориулалтын мөртлөө цэргийн зориулалтаар ашиглах боломжтой юу гэдгийг давхар шалгаж байгаа.  Хосолмол гэх тодотгол ийм шалтгаанаар үүсээд байгаа юм. 

-Таны ярианаас анзаарахад даатгалын компанийн зүгээс шалгаж шинжилсэн зүйл огт байхгүй гэж ойлголоо, тийм үү?

-Даатгалын компанийн зүгээс шалгаж шинжилсэн зүйл байхгүй. Даатгалтай хийсэн гэрээнийхээ хүрээнд бид мэдээллээ явуулах ёстой. Дараа нь даатгалаас үүнийг тээвэрлэж болно, болохгүй гэсэн мэдээллээ л авч байгаа. Түүнээс биш шинжиж шалгасан зүйл огт байхгүй.

-Орос руу тээвэрлэж явсан ачааг Хятадаас эхлэлтэй гэж байгаа. Урд хөршийн хувьд олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих алхам хийх үү гэсэн эргэлзээ гарч ирж байна л даа?

-Хятад бол ИКАО-гийн гишүүн улс. Мөн Чикагогийн конвенцид нэгдэн орсон орнуудын нэг. Тэгэхээр олон улсын хэм хэмжээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Ачаа барааг шат бүхэндээ шалгаж байгаа шүү дээ. Бодит байдал ийм байхад ингэж мэдээлнэ гэдэг байж боломгүй ёс зүйгүй, увайгүй үйлдэл.

-Радар дохиолол унтраасан гэх мэдээлэлд тайлбар өгөөч?

-Онгоц нэг минут секунд ч холбоо тасраагүй. Холбоо тасрах юм бол нислэг хөдөлгөөний байгууллага манай руу холбогдож “Яагаад та нар локатор дээрээс алга болчихов оо” гэж ярих ёстой. Тийм асуудал нэг ч яригдаагүй. Түүнээс  хойш хоёр долоо хоног өнгөрөөд байна.  Интернэт сайт дээр тавигдсан зургийн тухайд замын мэдээллийн л зураг. Манай компанийн хяналтын программыг харвал тасралтгүйгээр явсан байгаа. Хаана ямар онгоц явж байна вэ гэдгийг харах бололцоотой аппликейншүүд байдаг. Паблик аксесстай янз бүрийн программ бий. Тэр программууд зарим газар тасалдах гэх мэт асуудал гардаг. Ийм асуудлууд гардаг учраас авиа компаниуд өөрийнхөө үндсэн программыг л эх сурвалж болгодог. Монгол Улс олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүргийн дагуу агаарын зайг хянадаг. Монгол улсын агаарын зай бол хяналттай агаарын зай.

-Нэг зүйл асуухаа мартжээ. Танай онгоцыг албадан зогсоосон гэж мэдээлсэн. Хэр бодитой мэдээлэл вэ?

-Манай онгоцыг албадан газардуулаад зогсоосон юм шиг ойлголт өгөөд байна. Тийм зүйл байхгүй. Даатгалаас мэдээллээ хүлээж байсан. Нислэгээ явуулах уу үгүй гэдгээ шийдэхийн тулд түр хүлээж зогссон гэх нь илүү бодитой тайлбар болно. Түүнээс биш нислэгийн зөвшөөрлөө бид авчихсан, ниснэ гэвэл шууд явах боломжтой. Даатгалынхаа гэрээ, олон улсын гэрээ санкцийг дагах ёстой учраас ОХУ руу нисээгүй.

-Москвагаас гадна ачаа тээврийн томилгоо авсан чиглэлүүд гэхээр аль хотууд багтаж байна вэ?

-Москвагаас гадна Туркийн Станбул, Хятадын Чэнгду, Лондон, Сөүл, Хайнан гэх мэт долоон чиглэл рүү ачаа тээврийн томилгоо аваад байгаа.

-Ярилцлагын сүүлийн асуултыг танд үлдээе

-Газар зүйн байдал маань бидэнд давуу тал болох нь уу, сөрөг шалтгааныг авчрах нь уу гэдэг асуулт тавьж дүгнэлт хийх үе иржээ гэж харж байна. Манайх шиг хүн ам сийрэг улс ковидын үед улсаараа тэг зогсолтод орсон. Тэр хямрал ужигарсан дайнаас болоод одоо ч арилаагүй яваа. ОХУ хоригт орчихсон. Хятад Улс хөл хориогоо бүрэн цуцлаагүй. Жишээ нь иргэний нисэхийн нэг орлогын урсгал бол өнгөрөлтийн орлого. Өнгөрөлтийн орлого бол улсын төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг эх үүсвэр байсан. Өнөөдөр энэ орлого 70 , 80 хувь тасраад байна. Ийм үед газар зүйн байрлалын хувьд эмзэг цэг дээр байгаа гэдгээ санаж амьдрах учиртай. Энэ эмзэг талаа яаж сөрөх вэ, хэрхэн давуу тал болгож ашиглах вэ гэвэл ганц л гарц бий. Тэр гарц нь хүчирхэг үндэсний агаарын тээвэрлэгчид. Ганц биш олноороо тоологдох үндэсний агаарын тээвэрлэгчид. Бүгд нэг зорилготой байж л урагшилна. Нэг нэгнийгээ татаж унагаадаг биш харилцаж биенээ дэмждэг байж л илүү олон чиглэлд нислэг үйлддэг болно. Эдийн засгийг тэлэх гол салбарын нэг болно. Агаарын тээврийн салбарынхаа онцлогийг зөв харж, зөв ойлгож,энэ салбарыг өргөжүүлэх хөгжүүлэх талаас нь шийдвэрүүд гардаг байгаасай, энэ зах зээлд нэвтрэх боломж эрх тэгш байгаасай гэж л хүсч байна.

Агаарын тээврийн салбарын нэг онцлог бол олон улсын малгай конвенцоор зохицуулагддаг. Энэ салбарын компаниуд аль ч улс оронд үйл ажиллагаа явуулж болдог давуу талтай гэсэн үг. Нэг жишээ гэхэд л манай компани ковидын үеэр Нигери улсад нойтон түрээсийн үйл ажиллагаа амжилттай явуулж байлаа. Одоо ч нэг онгоц маань Ангол улсад олон улсын нислэг үйлдээд явж байна. Уг нь бид “гэртээ”, эх орондоо ажиллаж, нислэг үйлдэж, үндэсний агаарын тээврийн салбартаа илүү ихийг хиймээр байна шүү дээ.

Ц.БААСАНСҮРЭН 

ЭХ СУРВАЛЖ: DNN.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 20
  • DR. PRADHAN
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 20
Сонин хачин