Нүүрс I

2022/12/20

Хятад судлаач Ч.Содбилэгийн нийтлэлийг хүргэж байна.

НҮҮРС

Монголын нийгэм энэ сард зөвхөн “нүүрс”-ээр амьсгалж байна. Монголын эдийн засаг “нүүрсний экспорт” дээр тогтож, Сүхбаатарын талбайд “Нүүрсний хулгай” гэдэг сэдвээр иргэд жагсаж, улс төржилт, хууль хяналтын байгууллагуудын гол сэдэв нь “нүүрс” болж, Улаанбаатар хотын гэр хороолол нүүрсний хүчээр өвлийг давж, нийслэлийн агаарын бохирдол ч бас л нүүрс. 

Тиймээс “нүүрсний” талаар хятад судлалын өнцгөөс тайлбарлахаар хуруугаа хөдөлгөж, хошуугаа нэмэрлэхгүй бол хятадыг судлахын хэрэг юун. 

Мөнөөх нүүрсээ 100 хувь Хятадад экспортолдог мөрmлөө Хятад болон Хятадад нүүрс экспортлогч орнуудын нүүрсний тухай сэдвийг судлалгүй орхигдуулах нь наанадаж ойлгомжгүй, цаанадаж том зургаар төсөөлөх боломжгүй бус уу?

Хятад яагаад нүүрс импортлох болсон болон Хятадын дотоодын нүүрсний “халуурал”, Хятадын зах зээлд нүүрс экспортлох өрсөлдөөн, нүүрс ба геополитик, нүүрсний хулгай, нүүрсний зах зээлийн ирээдүйн чиглэлээр 6 цуврал нийтлэлийг уншигч Танд хүргэж байна.

НЭГ.

ХЯТАД ЯАГААД ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НҮҮРС ИМПОРТЛОГЧ БОЛСОН БЭ?

2003 онд Хятад жилд 90 сая тонн нүүрс экспортолдог, Австралийн дараа дэлхийн хоёр дахь том нүүрс экспортлогч улс байв. Гэтэл 2011 онд 182 сая тонн нүүрс импортолсноор нүүрсний хэрэглээнийхээ 99 хувийг импортолдог Японыг гүйцэж түрүүлээд дэлхийн хамгийн том нүүрс импортлогч улс болж хувирчээ.

Хятад нүүрсээ экспортолсоор байгаад нөөцөө дуусгаад гадаадаас импортлохдоо тулав уу гэвэл огт үгүй. Хятад нь нүүрсний нөөцөөрөө дэлхийд гуравт ордог. Тэр ч байтугай, Хятад өөрийнхөө нүүрсээ нөөцөлж, дэлхийн нүүрсийг шавхаж байгаад ирээдүйд нүүрсний зах зээлийг ноёлно гэдэг туйлын “сонирхолтой” тайлбар ч мэр сэр сонсогддог.

Тэгвэл Хятад нүүрс экспортлогчоос импортлогч улс болж хувирсан бодит шалтгаан нь юу вэ?

Дэн Сяопин-ы Реформын үр дүнд Хятад ХIХ-ХХ зуунд Европ, Америкийн туулаад өнгөрсөн Аж үйлдвэржилтийн түүхийг ХХI зуунд туулж эхэлжээ. 1995-2010 онд 300 сая хүн хөдөөнөөс хотод амьдрах болж, хотжилт түүхэнд байгаагүйгээр тэлж, 2010 онд дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс, 2010 онд дэлхийн хамгийн том эрчим хүчний хэрэглэгч улс, 2011 онд дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн улс болжээ.

Нэг. Коксжих нүүрсний импортын шалтгаан

Тийнхүү Хятадын тасралтгүй нэмэгдэх шинэ эрэлтийг хангах шинэ үйлдвэрлэл шаардлагатай болсон аж. Дэлхийн ширэмний үйлдвэрлэлийн 75 хувь, дэлхийн ган үйлдвэрлэлийн 50 хувийг Хятад дангаараа үйлдвэрлэж, 1997 онд 100 сая тонныг үйлдвэрлэж байсан Хятадын гангийн үйлдвэрлэл 2017 онд 900 сая тоннд хүрчээ.

 

Гангийн үйлдвэрлэлийн хурдацтай өсөлт нь коксжих нүүрсний нийлүүлэлтийн дутагдал үүсгэж, 2004 оноос коксжих нүүрсний импортлогч улс болжээ. Хятад дотооддоо 455 сая тонн коксжих нүүрс олборлосон ч 48 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Хятадын нийт нүүрсний нөөцийн дөрөвний нэгийг л коксжих нүүрс эзэлдэг тул эрчим хүчний нүүрстэй харьцуулахад хомс нөөц юм. Тиймээс коксжих нүүрсийг стратегийн нөөцөд оруулсан тул олборлолтод нь квот тогтоож, импортоор орлуулахаас өөр аргагүй болсон аж.

Хоёр. Эрчим хүчний нүүрсний импортын шалтгаан:

Хятадын нийт эрчим хүчний 62 хувийг нүүрсээр хангадаг бөгөөд 2004 онд 31 мужийн 24 нь эрчим хүчний дутагдалд оржээ. 

 

Эрчим хүчний нүүрс импортлох гол шалтгаан бол зах зээлийн шаардлага юм. Хятад инфляцаас сэргийлж, цахилгаан эрчим хүчний үнийг төрөөс зохицуулдаг тул эрчим хүчний компаниуд зах зээлийн үнээс доогуур нүүрс худалдан авдаг. 

Хилийн чанад дахь нүүрсний үнэ нь дотоодын зах зээлтэй өрсөлдөхүйц болсон тул Хятадын аж ахуйн нэгжүүд нүүрсний импортыг нэмэгдүүлэх болжээ. Харин дэлхийн зах зээлд нүүрсний үнэ нэмэгдвэл импортоо бууруулж, жишээлбэл, 2011 оны эхээр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 10 хувь нэмэгдэхэд Хятадын импорт түүхэн доод түвшиндээ хүрчээ.

Гурав. Нүүрсний уурхайн аюултай ажиллагаа

2003 оны байдлаар 1 сая тонн нүүрс олборлоход Хятадын уурхайн ослоор нас барсан түвшин Америкаас 130 дахин, Австралиас 250 дахин өндөр байжээ. 2009 оны байдлаар Хятадын нийт 16 мянга орчим нүүрсний уурхайн 80 гаруй хувь нь аюулгүй ажиллагааны стандартыг мөрддөггүй байв. Тэр жил 1000 гаруй аюулгүйн ажиллагааны онц аюултай түвшинд байсан нүүрсний уурхайг хаах шийдвэр гаргасан нь уурхайчдын нас баралтыг 2 дахин бууруулахад нөлөөлжээ.

 

Эдгээр уурхайнууд нь Хятадын нүүрс олборлолтын гуравны нэгийг эзэлж байжээ. Нүүрсний тасралтгүй нэмэгдэх эрэлтэд нийлүүлэлтийн дутагдал үүсгэж, орон нутгийн удирдлага орлогоо бодоод аюулгүйн ажиллагааг үл тоомсорлодог байсан аж.

Тиймээс Хятадын Засгийн газар нүүрсний импортыг уурхайн аюулгүй байдлын асуудлыг шийдэх гол гарц гэж дүгнэсэн тул импортоо бодлогоор нэмэгдүүлжээ.


Дөрөв. Тээвэр логистикийн дутагдал

Хятадын нүүрсний нөөцийн дийлэнх нь хойд болон баруун мужуудад байдаг. Шаньси, Шааньси, Өвөр Монгол гурав нийлээд Хятадын нүүрсний батлагдсан нийт нөөцийн 70 хувь, нүүрс үйлдвэрлэлийн 60 орчим хувийг эзэлдэг.

Гэтэл Хятадын далайн эрэг дагуух зүүн болон өмнөд мужууд нь нүүрсний хэрэглээний 40 хувийг эзэлдэг ч энэ бүс нутагт нь нүүрсний батлагдсан нөөцийн дөнгөж 5 хувь нь байдаг. 

Тиймээс нүүрсийг баруунаас зүүн тийш, хойноос өмнөд зүгт төмөр зам, автозамаар асар хол зайд тээвэрлэх ёстой болно. 2010 оны дунд хүртэл өмнөд хойд нутгийг холбосон дэд бүтэц тун тааруу хөгжсөн тул баруун, хойд мужуудын нүүрсийг эхлээд зүүн хойд Хятадын Бохайн тэнгисийн далайн боомтод хүргэж, далайн замаар өмнөд мужуудад хүргэдэг байжээ. Энэ нь тээврийн өртгийг нэмэгдүүлж, тэр хэрээр алдагдалд оруулж байв.

1980-1990-ээд оны турш Хятадын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт далайн эрэг дагуух өмнөд мужуудад төвлөрч, харин нүүрсний дийлэнх нөөц төвлөрдөг Хятадын баруун бүс хурдацтай хөгжлөөс хоцорч, нийт газар нутгийн 71 хувийг эзэлдэг ч хүн амын 28 хувь, эдийн засгийн дөнгөж 10 хувийг бүрдүүлж байжээ. Тиймээс өмнөд рүү чиглэсэн нүүрсний тээвэр логистикийн сүлжээг байгуулахад хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардагдаж байсан юм.

Ийм учраас өмнөд мужууд зэргэлдээ оршдог Индонез, Филиппин, Австрали, Өмнөд Африк, Мозамбик зэрэг улсаас далайн тээврээр нүүрс импортлох нь ашигтай байжээ. 


Тав. Экологийн сүйдэл

Дэлхийн банкны судалгаагаар, нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдол нь Хятадад жилд 750 орчим мянган хүнийг үхэлд хүргэдэг аж.

Нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, эцсийн ашиглалтын үйл явц нь тухайн бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт, экологийн сүйрэл, хүн болон амьтны амьд явах боломжийг хязгаарлаж байв. Ялангуяа, хяналтгүй жижиг уурхайнууд нөхөн сэргээлт огт хийдэггүй тул үр дагавар нь аймшигтай байжээ.

Нүүрс олборлолт, боловсруулалт нь ус их шаарддаг. Гэтэл Хятадын нүүрсний уурхайн 70 гаруй хувь нь усны нөөц хомс хуурай бүс нутагт оршдог тул гүний усны эх үүсвэр ашиглахад хүргэж, усны хомсдол бий болгож, оршин суугчдад нөлөөлж, ургамал болон амьтны аймгийг устгаж, цөлжилт, ган гачгийг нэмэгдүүлжээ.

Тиймээс Хятадын Засгийн газар дотоодын нүүрсний олборлолтыг бууруулж, нүүрсний импортыг дэмжих бас нэгэн шалтгаан болжээ.


Хятад судлаач Ч.Содбилэг

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин