• Эхлэл
  • Тэтгэврийн тогтолцоогоо шинээр загварчилъя

Тэтгэврийн тогтолцоогоо шинээр загварчилъя

2023/06/30

Даатгал төлдөггүй тэрбумтан, мянгат малчинд халамжийн тэтгэвэр өгдөг хэрнээ 40 жил шимтгэл төлсөн даатгуулагч  ядууралд үлдсэн насаа бардаг “гажиг” тогтолцоонд бага сага чимэглэл хийгээд огтхон ч шинэчлэл болохгүй. Энэ бичвэрт тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хэрхэн хийх талаар бүхэлд нь авч үзсэнгүй, зөвхөн суурь загвараа зөв хийж байж түүнд тохирсон тогтолцоо, шийдэл, эрх зүйн орчин бүрдүүлэх  талаар авч үзсэн болно.

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж эдийн засгийн олон хэвшилт бүтэцтэй болсон тул 1994 онд одоо мөрдөж буй Нийгмийн даатгалын тухай хуулийг тухайн үеийнхээ нөхцөлд тааруулан боловсруулж баталсан байдаг. Хувийн аж ахуй, бизнес дөнгөж төрж эхэлж, малыг малчдад хувьчлах ажил бүрэн дуусаагүй, үйлдвэр аж ахуйн газруудын томоохон хувьчлал хийгдээгүй байсан үе.

Дээрх  хуулиар бий болгосон тэтгэврийн тогтолцоо нь бүгдээрээ “улсын ажилчин” байсан, 60 нас хүрээд ажилгүй болох үед ашиг авчрах хөрөнгөгүй, хувийн малгүй, бизнесгүй, хадгаламжгүй, хувьцаагүй өмссөн хувцас, өрх гэрээс өөр хөрөнгөгүй  үлддэг, төрөөс олгох тэтгэврээс өөр орлогын эх үүсвэргүй, сонголтгүй байсан тухайн цаг үеийн /1990-ээд он/ нийгмийн бүтэцдээ тохирсон шилжилтийн үеийн шийдэл байв.

Түүнээс хойш уг хуульд 30 гаран удаа нэмэлт өөрчлөлт орсон боловч асар хурдтай явагдсан нийгмийн суурь өөрчлөлтөд тохирсон концепцийн шинжтэй томоохон шинэчлэл огт хийлгүй зөвхөн жил, хувь, хөнгөлөлт чөлөөлөлт, нөхөн төлөлт төдийхнээр ноцолдсоор гучаад жил аргацааж явснаас асуудал улам даамжирч даатгал маань даатгал биш, хууль ёсны тэтгэвэр маань тэтгэвэр биш халамж маягтай болж тэтгэвэр нэмнэ, шимтгэлээс чөлөөлнө, төрөөс даана гэх мэтээр сонгууль бүрийн өмнө попордог улс төрчдийн тоглоом болж хувирчээ.

Сүүлийн жилүүдэд тэтгэврийн бүрэн шинэчлэл хийж олон давхаргат, сонголттой, хөрөнгө нь сангийн журмаар өсөн нэмэгддэг, тодорхой хэмжээнд өвлөх эрхтэй, хамгийн гол нь олон жил шимтгэл төлсөн даатгуулагч боломжийн амьдрах хэмжээний тэтгэвэртэй байх боломжтой, сангийн менежментээр өөрийгөө аваад явах тогтолцоо бүрдүүлэхийг даатгуулагчид шаардаж, төр засаг ч ярьсаар ужиг боллоо.

УИХ-д өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг харахад өмнөх үеийн тогтолцоогоо үндсээр нь өөрчилж одоо байгаа нийгмийн загвартаа нийцүүлсэнгүй, хуучирсан тогтолцоондоо, аль хэдийн өөрчлөгдсөн Монголчуудыг тэр чигт  нь хүчээр чихээд хоёр хувь, хуримтлал гэх мэт 20 жилийн дараа хэрэгжиж эхлэх заалт төдийхнээр “тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийж байгаа” бололтой.

Хүн амын одоогийн суурь бүтэц, тэдгээрийн шинж байдлыг огт тооцоолохгүй, 60 нас хүрсэн хүн бүр ажлын чадваргүй болно, тиймээс “орлогогүй болно” гэсэн төөрөлдсөн сэтгэлгээний суурин дээр хуулиа өрсөн байна. Томьёолол нь: “хүн бүр хөгширнө-хөдөлмөрийн чадваргүй болно, орлогогүй болно, ганцхан тэтгэврээр л амьдарна.” гэсэн хэвшмэл ойлголт. Үүн дээр 60-70 оны бэби бүүмэрүүд тэтгэвэрт гарах үе, улс төрийн буруу шийдвэрүүдийн алдаанаас тэтгэврийн сангийн алдагдал нэмэгдэнэ гэсэн тооцоо, иймхэн өнгөц  хандсан харагдана. Нөгөө талд хүн амын амьдрал, хөдөлмөр эрхлэлт, хуримтлал амьдралын чанарын өөрчлөлт, хувь хүний шийдвэр гаргалтын онцлог гэх мэт маш чухал хүчин зүйлүүдийг орхигдуулжээ. Гэтэл нийгэм маань огт өөр загвартай болсныг тайлбарлах илүүц юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2022 оны байдлаар Монгол Улсад монгол улсын иргэний хувийн болон гадаадтай хамтарсан 78,8 мянган компани идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн 248.0 мянган малчин өрх, 250,0 гаран мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байна.

Үндсэндээ тэтгэврийн бодлогын загвар гаргахын тулд хүн амыг бизнес эрхлэгчид /эзэд, хувьцаа эзэмшигчид/, малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид, төрийн алба хаагчид, хувийн хэвшилд хөлсөөр ажиллагсад гэж 4 том бүлэгт хуваан үзэж болох юм. Эдгээр бүлэг бүрт тохирсон тэтгэврийн бодлогын загвар гаргаж урт хугацааны өөрчлөлтийн нөлөөг тооцоолсны үндсэн дээр тогтолцоогоо бүтээх нь жинхэнэ бодитой, үр дүнтэй шинэчлэл болно.

Нэг үеэ бодвол төрд хүн амын хөдөлмөр эрхлэлт, өмчийн бүртгэл, цалин орлого, хадгаламж тэр бүү хэл худалдан авалт/ибаримт/ гээд бүхий л мэдээллийг багтаасан цахим мэдээллийн сан бэлхнээ байна. Энэ дата дээр үндэслэн одоогийн суурь мэдээлэл болон ирээдүйн 30 жилд хүн  ам зүйн бүлэг, тэдгээрийн бизнес, хөрөнгө орлого, хадгаламж, амьдралын байдал, ирээдүйн өөрчлөлтийг хиймэл оюун ухаанаар шинжлэх, загварчлах тийм хэцүү биш. Бэрхшээл нь төр засгийн түвшинд ажлын арга барил, сэтгэлгээ хоцрогдоод байна.

Малчдын 20 хувь нь даатгалд хамрагддаг, тиймээс ирээдүйд үүсэх эрсдэлээс хамгаалахын тулд тэдний шимтгэлийн 50 хувийг төрөөс даана гэж хуульчлахын оронд малчдын дата дээр шинжилгээ хийвэл нэг хэсэг нь орлого багатайгаас, нөгөө хэсэг нь хангалттай малтай тэтгэвэрт санаа зовохгүй байна гэх мэтээр яагаад даатгуулахгүй байгаа шалтгаан маш тодорхой болно. Ийм маягаар хүн амынхаа бүтэц, хөрөнгө орлого, ирээдүйн өөрчлөлт, шийдвэр гаргаж байгаа хандлага зэргийг судалж тохирсон тогтолцоо бий болгох нь хамгийн зөв юм.

Эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрэнгүүт орлогогүй болдог, тиймээс тэтгэврээр амьдарна гэсэн хэвшмэл сэтгэлгээ асуудлыг шийдэхэд төөрөгдөл үүсгэж байна. Өмнөх нийгэмд зөвхөн цалингаар амьдардаг байсан бол одоо хөрөнгийн өгөөж, ногдол ашиг, хадгаламжийн хүү гээд орлогын эх үүсвэр маш олон төрөлтэй болсон. Бизнесмэн, малчид тэтгэврийн насанд хүрлээ гээд мал хөрөнгө, орлого, хувьцаа, хадгаламж нь алга болно гэж үү, өгөөжөө өгсөөр л байдаг шүү дээ. Энүүгээр тэтгэвэр хэрэггүй гэж байгаа хэрэг огтхон ч биш, харин нэг загварын биш, нийгмийн бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн уян хатан тогтолцоо санал болгооч гээд байгаа юм.

Улсын ажлаас өөр сонголтгүй, хувийн бизнес, хувийн өмч хориотой байсан Социализмын цаг дуусаад 33 жил болж байхад тэр л сууриар харсан тогтолцоогоо дахин 30 жил зүтгүүлэхээр хууль оруулж байгаа нь “нийгэмдээ таарахгүй гажсан тогтолцоог зориуд байлгах “гажиг” сонирхол байна уу гэж хардмаар.

Өөр өөрийн онцлогтой нийгмийнхээ бүтцэд тохирсон загварчлал хийхгүйгээр зөвхөн одоо байгаа  хуулиндаа ганц хоёр заалт нэмэх байдлаар мөчидхан хандаж байгаа нь нэг талаас улс төрийн явцуу сонирхол, нөгөө талаас тэтгэврийн тогтолцооны өөрчлөлтийг хийхдээ хүнээ бодохоос өмнө даатгалын сангаа яаж амьд авч үлдэх вэ гэсэн өнцгөөр улс төрчид хандсаар байгаагийнх.

Бас нэг зайлшгүй засах ёстой зохицуулалт нь Нийгмийн халамжийн тухай хуульд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох” гэж зорилгоо тодорхойлсон хэрнээ даатгал төлж тэтгэврийн эрх үүсээгүй тэтгэврийн насанд хүрсэн иргэнд халамж шаардлагатай эсэхээс үл хамааран халамжийн тэтгэвэр олгож байгаа. Өнөөдрийн хуулиар ч, шинэчилсэн хуулийн төслөөр ч даатгалаараа тэтгэвэр тогтоолгоогүй л бол тэрбумтан бизнесмэн байсан ч, мянгат малчин байсан ч халамжийн тэтгэвэр төрөөс олгох хуультай хэвээр үлдэх нь.

Тиймээс нэгдүгээрт Нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоогоо цоо шинээр загварчилж, уг загвартаа тохирсон бодлого, тогтолцоог хуульчлах, хоёрдугаарт уг тогтолцоондоо заавал даатгуулах суурь даатгал, суурь тэтгэвэр, сонголтоор даатгуулах олон төрөлт хувийн даатгал, ажил олгогч байгууллагын тэтгэврийн сан гэх мэт өргөн сонголттой, даатгал тэтгэвэр нь төрөөс өгч байгаа халамж биш, сонгодог утгаараа даатгалын үйлчилгээ байх, сангийн хөрөнгө арвиждаг байх, сангууд өрсөлддөг байх, даатгуулагч өөрөө сонгож үйлчлүүлдэг байх, өвлөгддөг байх гэх мэт үндсэн үйлчилгээнүүдийг зөв суурин дээр бий болгож хөгжүүлэх шаардлагатай юм.

Мөн хуулинд хэрэглэж байгаа нэр томьёо, улс төрчдийн тайлбар нийгэмд асар их нөлөөтэйг анхаарах цаг болж. Уул нь гуч дөчин жил даатгал төлөөд гэрээнийхээ дагуу нөхөн олговроо авч байгаа үйлчилгээг “өндөр насны тэтгэвэр” гэж томьёолох нь 55-60 насанд хүрсэн л бол хөдөлмөрлөх чадваргүй, тэтгэврийн хүн гэсэн сөрөг ойлголтыг нийгэмд төдийгүй тухайн хувь хүнд суулгаж цаг бус хөгшрөлт, ялгаварлан гадуурхалт, идэвхигүй амьдралын хэвшил, улмаар амьдралын чанар, хувь хүний нийгмийн статус, хүний хөгжил, наслалтад ч маш муугаар нөлөөлж байна.

Эцэст нь хэлэхэд Тэтгэврийн тогтолцоогоо шинээр загварчилья, хуучирсан загварт шинэчлэгдсэн нийгмийг бүхэлд нь чихэх гэж оролцож нийгмээ чирэхээ зогсооё, Хууль тогтоогчид оо!!!

“Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-ын тэргүүн, эдийн засагч Н.Туяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин