Нийслэлийн ундны усны талаар Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын удирдлага, инженерүүд өнөөдөр Тогтвортой хөгжлийн төлөө клубын сэтгүүлчидтэй уулзлаа.
Өнөөдөр манай улсад хот, суурин газрын орон сууцанд амьдардаг хүн хоногт 180 литр, гэр хорооллынхон 8 литр ус хэрэглэж байна. Гэр хороололд нэг литр ус 2 төгрөгийн үнэтэй. Гэтэл нэг литр усыг төвлөрсөн усан хангамжаас дамжуулан түгээхэд 18 төгрөгийн зардал гардаг байна.
“Уг нь ус бол өөрөө байгалийн эрдэс болохоор үнэгүй юм. Үнэгүй гээд бид усыг хамаагүй хэрэглэж, зохисгүй ашиглаж болохгүй. Усны үнэ цэн нөөцдөө, хэрэглээндээ байдаг бөгөөд усны төлбөрүүд нь түүнийг төвлөрүүлж, дамжуулж түгээхэд гарч буй тээврийн, шүүлтүүрийн, цахилгааны, дамжуулалтын, шугам сүлжээний урсгал засвар зэрг дээр дурдсан зардлууд юм” гэдгийг УСУГ-ын Инженерчлэлийн хэлтсийн дарга Н.Одхүү учирлалаа.
Цэвэр ус: УСУГ-аас мэдээлж буйгаар нийслэл Улаанбаатар хотын орон сууцанд оршин суугчид хлороор шүүсэн, хамгийн зөөлөн цэвэр ус хэрэглэдэг байна. Хамгийн гол нь төвлөрсөн усан хангамжаас цэвэр ус дамжуулах, түгээх шугамын тогтоосон бүс болон зурвас газруудыг хамгаалах нь чухал байгааг УСУГ-ын мэргэжилтэн Н.Солонго хэлж байлаа. УСУГ цэвэр усны 586 км шугамын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг байна.
Ус хангамжийн эх үүсвэрийн бүс болон зурвас газарт газар эзэмших, байшин барилга барих, хог хаях зөрчил хамгийн их гардаг байна.
Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийг гүний худгаас 500 метр, хязгаарлалтын бүсийг 800 метрт тогтоодог аж.
Нийслэлд цэвэр ус дамжуулах шугамыг шинэчилж эхэлж буйг Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 7 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслөөр жишээ татаж байв. 2017-2023 онд хэрэгжиж буй тус төслийн хүрээнд 15.1 км шугамыг тусгай материалаар доторлоод байна. Энэ нь газар ухахгүйгээр ус дамжуулах шугамыг доторлож байна.
Бохир ус: Нийслэлд бохир усны шугамын урт 282 км, ахуйн бохир усыг цэвэрлэх 7, үйлдвэрийн бохир ус цэвэрлэх 1 байгууламж, өргөх насос станц15, зөөврийн бохир ус хүлээн авах 4 цэг тус бүр ажиллаж байна. УСУГ Төв цэвэрлэх байгууламжид 1998-2019 оны хугацаанд тоног төхөөрөмжийг үе шаттай шинэчилж ирсэн ч үндсэн технологийг шинэчилж хийгээгүй байна.
Ингэснээр хүлээн авч буй усны бохирдол 2011 оноос хойш 2 дахин өссөнийг УСУГ-ын Инженерчлэлийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү танилцууллаа. Дээрх үзүүлэлт цэвэрлэх байгууламжийн проектын хүчин чадлаас 5 дахин өндөр байгаа учир цэвэрлэсэн ус стандартын шаардлагад нийцэхгүй байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ:МОНЦАМЭ АГЕНТЛАГ
Сэтгэгдэл байхгүй байна