• Эхлэл
  • Зохион байгуулалттай хуурамч мэдээлэл бэлтгэж, тараасан этгээдүүдийг шалгаж байна

Зохион байгуулалттай хуурамч мэдээлэл бэлтгэж, тараасан этгээдүүдийг шалгаж байна

2025/11/12

Хууль зүйн сайд Б.Энхбаяр хуурамч мэдээлэл тарааж түгээсэн хүмүүсийн шалгаж байгаа талаар мэдээлэл хийхдээ энэ талаар удахгүй цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэж хэлсэн. Энэ дагуу ЦЕГ тайлбар мэдээлэл хийлээ.

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах:

-Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдүүлэг ирүүлсэн. Мөрдөн байцаах албаны Хүний эрх халдашгүй байдлын гэмт хэргийг шалгах хэсэг тухайн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар иргэн Э нь телеграмм, вайбар  ашиглаж Херо ИС11, Юү бро, Брун бро гэх хаягтай хэрэглэгчидтэй тус тус харилцсан.

Улс төрийн албан тушаалтай хүмүүсийн зураг, бичлэг, дуу дүрсэнд эвлүүлэг хийн бэлтгэж, олон нийтэд зохион байгуулалттай тарааж, тэднийг нийгэмд харлуулах, буруу ташаа мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад тогтоогдсон.

Иргэн Э-д холбогдуулж Эрүүгийн хуулийн 13.14.1 Худал мэдээлэл олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татаж, мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Дээрх нэр бүхий этгээдүүд нь зориудаар худал мэдээлэл бэлтгэж, тарааж байгаа нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хохироож, мэдээллийн төөрөгдөлд оруулан, оюун санаа бодлыг талцуулах нийгэмд сөрөг хандлага бий болгох аюулт үйлдэл хийсэн байна.

Энэ үйлдэл нь Үндсэн хуулийн 19-р зүйлийн 19.3-т зааснаар Хүний эрх, эрх чөлөөг эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх чөлөөг хохироож, нийгмийн хувь журмыг гажуудуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэлээ.

Сэтгүүлчдийн зүгээс нэмэлт мэдээлэл хүссэн асуулт тавьсан ч цагдаагийн байгууллагынхан хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн мэдээллийг л өгөх боломжтой хэмээн татгалзлаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна