
МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өнөөдөр /2025.11.19/ мэдээлэл хийлээ.
-Улс төрийн намын тухай хууль батлагдсантай холбоотойгоор улс төрийн намууд намын дүрэм, хөтөлбөр зорилго, зорилтуудаа нийцүүлэх үүргийг хүлээж байгаа. Энэ хүрээнд МАН-ын 31 дүгээр их хурлаар Улс төрийн намын тухай шинэ хуульд нийцүүлэн намын үндсэн дүрэмдээ 112 зүйлийн нэмэлт өөрчлөлт оруулсан. Жендэрийн тэгш байдлыг хамгаалах зорилгоор уг өөрчлөлтөд намын удирдлагын бүх түвшинд хүйсийн аль нэг төлөөлөл байхыг тусгаж өгсөн. Энэ хүрээнд намын бага хурлын 40 хувийг эмэгтэй гишүүд бүрдүүлснээрээ онцлогтой. Мөн намын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах үүднээс санхүүжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлж байх, намын төв байгууллагаас хяналт тавих, намын үйл ажиллагааны ёс зүй, сахилгын асуудлын талаар шинэ зохицуулгыг тусгасан. Ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, намын анхан шатны байгууллагуудын хариуцлага, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, удирдлага нэгжүүдийн харилцааг сайжруулах чиглэлийн зорилтуудыг оруулж өгсөн.
Улс төрийн намын тухай хуульд намууд хөтөлбөртөө орсон өөрчлөлтүүдийг нийцүүлэх шаардлагатай. Энэ хуулийн дагуу “Хичээн эрмэлзэх зүйл”-ийг шинэчилсэн найруулгадаа нийцүүлсэн. МАН-ын “Хичээн эрмэлзэх зүйл”-ийн эрхэм зорилгод тусгаар тогтнол, эх оронч үзэл санааг тусгайлан бүлэглэж оруулсан. Тусгаар тогтнолын үндэс болсон үндэсний язгуур соёл, хэл заншил, нүүдлийн соёл иргэншлийн өвийг хадгалан хамгаалах асуудал, улс орны тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд тусгаар тогтнолоо эдийн засгийн аюулгүй байдлаар бэхжүүлэх асуудлыг тусгаснаараа онцлогтой.
МАН-ын 31 дүгээр их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг,хорооноос төлөөлөгчид сонгогдож ирсэн. Сонгогдсон төлөөлөгчид аймаг, дүүрэг, сум, хорооныхоо намын гишүүдийн санал бодлыг нээлттэй хэлэлцүүлсэн. Хурлын 2255 төлөөлөгчийн саналуудыг намын үндсэн дүрэмд оруулж, намын бага хурлыг 597 гишүүнтэй байгуулсан. Анхдугаар бага хурлаас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллах шийдвэрийг гаргаж, Удирдах зөвлөлийг 39 гишүүнтэй байгуулсан. Миний бие МАН-ын даргад өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.
Х.Булгантуяа гишүүний тухайд, Намын удирдах зөвлөлд сонгогдсон учир нь МАН-ын дэргэдэх Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг. Намын дэргэдэх холбооны ерөнхийлөгч болон дарга нар шууд МАН-ын Удирдах зөвлөлд багтдаг. Намын даргын хувьд бүх холбоодын хурлыг шинээр зохион байгуулж, бүтэц бүрэлдэхүүн шинэ багыг өөрөө бүрдүүлнэ.


Сэтгэгдэл байхгүй байна