
Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн танхим 2025 оны хоёрдугаар сард стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж байв. Харин тэрбээр хоёр сарын дараа буюу 2025 оны дөрөвдүгээр сард стратегийн орд газрыг эзэмшиж байгаа хувийн хэвшлийнхэнтэй хийж буй хэлэлцээр ямар шатанд байгаа, мөн бусад стратегийн ордын талаар мэдээлэл хийснээс хойш чимээгүй болсон гэж хэлж болно.
Тухайн үед Ж.Батзандан мэдээлэл өгөхдөө "Засгийн газраас стратегийн ордуудын 34 хувийг төр авах хэлэлцээр мөн хайгуулын лицензээ аваагүй стратегийн ордуудын хэдэн хувийг төрд авах вэ гэдэг шийдвэр хэлэлцээрийг хариуцах Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон юм. БЭТ нь баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийнэ. Түүний хэлсэнчлэн одоогийн байдлаар 6 компани стратегийн ордын эзэмшлийн хувиа төрд өгөх саналаа ирүүлээд байгаа аж. Мөн тэрбээр, шударга 5-ын эхлүүлсэн тэмцэл өнөөдөр ч үргэлжилсээр байгаа" гэдгийг яриандаа тодотгож байсан юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт 2025 оны зургадугаар сард мэдээлэл хийх үеэрээ “Засгийн газрын БЭТ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан давхардсан бүтцүүдийг нэгдмэл болгож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ажлын хэсэг Үндэсний баялгийнхаа өгөөжийг нэмэгдүүлэх, стратегийн орд газар эзэмшиж байгаа компаниудтай гэрээ хэлцэл хийж, 34 хувь эзэмших эсвэл түүнийг орлуулж байгалийн нөөц ашигласны нөхөн төлбөр нэмэгдүүлж авах байдлаар хурдлуулна” гэж мэдэгдсэн байдаг.


Сэтгэгдэл байхгүй байна