
Хотын даргын албан тушаалд яригдаж буй гэсэн мэдээллийн "эзэн" болоод байгаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан:
-Энэ долоо хоногийн даваа гаригаас олон нийтийн сүлжээгээр миний талаар ташаа мэдээллүүд гарсан. Үүнийг хараад өөрийн байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийсэн. Надад Хотын дарга болох ямар нэгэн санаа байхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Энэ тухай мэдээллийг нийгэмд түгээсэн хүмүүст хандаж буруу, ташаа мэдээлэл түгээхээ зогсоохыг сануулж байна.
Миний бие өнөөдрийн байдлаар Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа. Хариуцаж буй салбарт маань хийх ажил их байна. ХББОСЯ таван багц хуулийн шинэчлэлийг хийхээр ажлууд хэсгүүд ажиллаж байна. Тэгэхээр намайг Хотын дарга болгох яриа ор үндэсгүй гэж ойлгож болно.
2016 оноос хойш барилгын салбар хуульдаа ямар нэгэн томоохон өөрчлөлт, шинэчлэлийг хийгээгүй. Тиймээс ирэх хаврын чуулганаар шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаар бэлтгэсэн байгаа. Арван жилийн хугацаанд бусад салбарууд хэрхэн өөрчлөгдсөнийг та бүхэн харж байгаа. Барилгын салбар ч мөн адил өөрчлөгдсөн. Тэгэхээр үүнтэй холбоотой хуулийг өргөн барих нь чухал байгаа. Мөн Газрын тухай багц хуулийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу улсын хэмжээнд 150 мянган айл тэр дундаа Улаанбаатар хотод 80 мянган айлыг орон сууцжуулах Үндэсний хөтөлбөр зарлаад байгаа. Дээрх хуулиуд үүнтэй уялдаж явна. Мөн Монгол Улсад байхгүй орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийг өргөн барихаар бэлтгэж байна. Тус хуулийг өргөн барьснаар зорилтот бүлгийн орлогод нийцсэн орон сууцуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих бүрэн боломжтой болно гэв.


Сэтгэгдэл байхгүй байна