
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Хуулийн төсөлд, “УИХ-ын дарга улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. УИХ-ын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно. УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. УИХ-ын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний УИХ-ын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй” хэмээн тусгасан юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20-нд өргөн мэдүүлсэн тус төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг пүрэв гаргийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд өнөөдөр санал хураалтыг явуулав.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг УИХ-ын 91 гишүүний 56 хувь нь дэмжлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр санал хураалт явуулаад, гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


Сэтгэгдэл байхгүй байна