• Эхлэл
  • Монголын эзэнт гүрний үеийн олдворуудыг Хөвсгөлөөс нээж илрүүлжээ

Монголын эзэнт гүрний үеийн олдворуудыг Хөвсгөлөөс нээж илрүүлжээ

2026/05/28

ШУА-ийн Археологийн хүрээлэн болон АНУ-ын Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг энэ сарын 12-ноос эхлэн 14 хоногийн хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Гол мод хэмээх дурсгалт газарт Монголын эзэнт гүрний үеийн долоон булш оршуулгын дурсгалыг малтан судалжээ.

Уг дурсгалт газрыг 2025 оны намар Хөвсгөл аймгийн ССАЖЗ-ын газрын Соёлын өвийн хэлтсийн дарга, ШУА-ийн их сургуулийн магистрант Х.Баасансүрэн, Арбулаг сумын нэгдүгээр багийн малчин, Соёлын өвийн гэрээт харуул Ж.Алтанбаатар нар анх нээсэн байна.

Малтан судалсан долоон дурсгалын зургааг нь эрт үед тонож сүйтгэсэн бөгөөд зөвхөн нэг дурсгалыг анхны байдлаар хөндөлгүй хадгалан үлдсэн аж. Энэхүү хөндөөгүй дурсгал нь өндөр настай эмэгтэй хүний оршуулга байсан бөгөөд төмөр тоноглолтой эмээл, дөрөө, хазаар болон бусад адууны тоног хэрэгсэл, сумч хутга, цагариг ээмэг, хонины шагайт чөмөг зэргийг дагалдуулан тавьсан байжээ. Харин дөрөвдүгээр дурсгалаас цэвдэгтэй хөрсөнд 700 гаруй жил хадгалсан шаазан ваартай өрөм, хоёрдугаар дурсгалаас өвөрмөц чих бариултай бүтэн шавар ваар, өрөөсөн төмөр дөрөө, тавдугаар дурсгалаас хос төмөр дөрөө, сумын зэвүүд, оломны арал, саадгийн дэгээ зэрэг гарсан нь Монголын эзэнт гүрний түүх, нийгэм-соёлыг тодруулан судлахад чухал ач холбогдолтой олдвор, хэрэглэгдэхүүн юм. Ялангуяа шаазан ваартай өрөм нь 700 орчим жил цэвдэгт хадгалагдаж үлдсэн онцгой чухал олдворт тооцож байна.

Судалгааны багт ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Мичиганы их сургуулийн багш, доктор Браян Миллер, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Түвшинжаргал, Р.Баярмаа, сэргээн засварлагч Р.Эрдэнэцэцэг, ШУА-ийн их сургуулийн магистрант Ц.Ганзориг, С.Гялбаа, Х.Баасансүрэн болон бусад туслах ажилтан багтлаа.

 

 

 

 

 

 

 


 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна