Одоогоос дөрвөн жилийн өмнө 2022 оны хавар одоо бол Социал Демократ Залуучуудын холбоо гэж нэр нь өөрчлөгдөгдсөн тухайн үеийн НАМЗХ-ны 25 жилийн ой дөхөж байх үед ойд зориулсан ном бэлтгэх ажлаар Б.Пүрэвдагва гэдэг залуутай уулзаж ярилцаж байлаа.

Өдгөөгийн Ерөнхий сайд Н.Учрал тус холбооны Ерөнхийлөгч, Б.Пүрэвдагва дэд Ерөнхийлөгч нь, харин бас нэгэн цагт энэ холбооны Ерөнххийлөгч байсан Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан үе.
Бас төв талбайд ямар нэгэн жагсаал цуглаан болж нэлээн нижигнэсэн үе. Б.Пүрэвдагва өрөөнхийхөө хананы самбарт цуглаанд цугласан хүний тоо, тавьсан шаардлага, уур амьсгал, анхаарал татсан үгнүүдийг өдөр өдрөөр нь тэмдэглээд тавьчихаж. “Жагсаал руу очиж өөрөө харсан юм уу” гэсэн маягийн юм түншиж асуусан чинь
-Тэгэлгүй яахав дээ, би чинь нийгмийн ажил хийж байгаа хүн, хүмүүс юунд дургүйцэж, юунд бухимдаад байгаа юм бэ гэдгийг ойлгож, мэдрэх хэрэгтэй шүү дээ гэж хариулсан санагдана. Эсрэг талынх нь жагсаал байсан болохоор “Тагнуул хийж очсон юм уу” гэж шоглох маягтай асуусан хэрэг л дээ. Тэмдэглэсэн өнцөг, дүгнэлт нь өвөрмөц, чямбай гайхалтай, “Айхавтар залуу юм даа” гэж бодоод өнгөрсөн санагдана

Тухайн үед МАН-ын Бодлогын хорооны дарга, СДЗХ \НАМЗХ\-ны дэд Ерөнхийлөгч байсан, дараа нь холбооныхоо Ерөнхийлөгч болсон Б.Пүрэвдагва Нийслэлийн Засаг дарга болохоор яригдаж буй.
Энэ чимээ сонсогдож эхлэхэд л түүнийг Ерөнхийлөгч У Хүрэлсүхийн хүргэн байсан, Д Амарбаясгалангийн хүн гэхчилэн яригдаж эхэлсэн. Нэг талаасаа олон нийтэд төдийлөн танигдаагүй битүү, шинэ хүн гэгдэж, олны анхаарлыг ч их татсан байх. Хэтэрхий залуу хүн, туршлага дутна ч гэсэн шүүмж өрнөнө билээ.
Тийм болохоор өмнө хэвлэлд нийтлэгдэж байгаагүй ярилцлагын хэсгээс уншигчидтай хуваалцаж байна.
Ойн баярын ном учраас хувийн амьдрал, энгийн яриа хөөрөө оруулах шаардлагагүй, тэгээд ч зай талбай хязгаартай байсан учраас зөвхөн холбооных нь ажил хэргийн яриа л номонд хэвлэгдсэн. Эргээд ярилцлагын хэвлэгдээгүй хасагдсан хэсгээс харж байтал Ерөнхийлөгчийн хүргэн байсан гэх мэт одоо шуугиад байгаа асуултыг бас асууж л байсан юм байна.
Номонд орсон хийгээд тухайн цаг үеийн ажилтай холбоотой асуултуудыг хасаад хэвлэгдээгүй хэсгийг хүргэж байгаа юм шүү.

-Та НАМЗХ-д элсээд 12 жил болж байгаа юм байна. Хүний амьдралын бүхэл бүтэн нэг үе. Анх хэрхэн энэ холбоонд нэгдсэн талаараа сонирхуулна уу?
-Анх НАМЗХ-ны зохион байгуулж байсан эрдэм шинжилгээний хуралд оролцож, байр эзэлж байлаа. Тэнд нэг л гоё, гэрэл гэгээ, сайхан уур амьсгал мэдрэгдсэн. Залуу хүний хувьд энд л орохгүй бол нэг зүйлээс хоцрох гээд байгаа юм шиг. Оюутан хүүхэд ерөөсөө л энэ миний байх ёстой газар юм байна бодогдсон юм уу даа. Түүнээс хойш 12 жил өнгөрсөн байна. Ингээд л нэг мэдсэн чинь Удирдах зөвлөлд сонгогдож, Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллачихсан байна. Хамгийн анхны шатнаас л ажиллаж эхэлсэн дээ.
-Намын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллана гэдэг нэг талаасаа улстөрийн сонголт. Улс төрийн сонголт хийхэд тань юу нөлөөлөв?
-Ерөөсөө л үзэл санаа нь. Боловсолтой, эрүүл, эх оронч Монгол залуу гээд гурван зарчим бий шүү дээ. Тэр болгон нь миний хувийн үзэл бодолтой яв цав нийлж байсан. 2010 онд 20-той л залуу байгаа шүү дээ. Яг миний хүсэж байсан зүйл мөн байсан. Би тийм л Монгол залуу болохыг хүсч байсан, тэгээд л НАМЗХ-ыг сонгосон. НАМЗХ гурван үнэт зарчмыг шинээр орж байгаа гишүүд, залуучуудад тавьдаг.
Нэгдүгээрт, нөхөрлөл. Хүмүүстэй танилц, байр сууриа эзэл, сайхан нөхөрлө.

Хоёрдугаарт, хөгжил. Хувь хүний хувьд хөгжих олон боломжийг олгодог. Жишээ нь, би өнгөрсөн хугацаанд хэчнээн сургалт, семинарт сууснаа мэдэхгүй байна, маш олон. Улс төрийн үйл ажиллагаанд оролцсоноор маш олон зүйлийг шинээр сурч байдаг. Арга хэмжээг яаж зохион байгуулах, илтгэл яаж тавих, хүнтэй яаж харилцах зэрэг маш олон зүйлийг сурдаг.
Гуравдугаарт, боломж. Чи үнэхээр мэдлэг боловсролтой, тэр салбартаа манлайлж чадах юм бол НМАЗХ бодлогоор улс орны хэмжээнд салбартаа ажиллах боломж, бололцоог нь олгодог. Энэ бол албан тушаалын тухай ойлголт биш. Залуучуудад аливааг хийх боломжийг нь олгох нь юм. Тэгэхээр нөхөрлөл, хөгжил, боломж гэдэг гурван зүйл намайг НАМЗХ-г сонгох, цаашлаад улс төрийн сонголт хийхэд асар их нөлөөлсөн.
-НАМЗХ зарим залуучуудын хувьд нам дагах, өсч дэвжих карьерийн шат гэж хардаг. Яг бор зүрхээрээ орон нутгаас ч юм уу төлөөлөл болж байгаа залуучууд яг адилхан ахиж, дэвших боломж байдаг уу?
-Мэдээж нээлттэй. Орон нутагтаа үнэхээр манлайлал үүсгэж ажиллаж байгаа залуучуудаа шууд Удирдах зөвлөлдөө татаж авч ажиллуулдаг. Ийм боломжтой гэдгийг сүүлийн 25 жилийн хугацаа харуулсан. Манай орон нутгийн салбар хорооны дарга байсан залуу өнөөдөр Ерөнхий сайдаар ажиллаж байна шүү дээ. \Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байв\
-Нэг хэсэг НАМЗХ-г үе залгамжлагчдын байгууллага боллоо гэж их ярьсан шүү дээ. Сайдын хүүхэд сайд болдог ч гэдэг ч юм уу. НАМЗХ үе залгамжилсан хунтайж нарын гараар дамжиж байна ч гэгдсэн ?
-Хэн ч нэгдэж, өрсөлдөж болох өргөн боломжтой байгууллага гэдгийг өөрийнхөө жишээ дээр хэлэх нь зүйтэй байх. Зүгээр МУИС-ийн оюутан, эрдэм шинжилгээний хуралд оролцоод гүйж явсан би өнөөдөр намын гишүүн болоод төв аппаратад ажиллаж байна. Яг л бусдын адилаар шатлан дэвших замаар шат болгонд нь ажиллаад л явж байна. Хойч үедээ өв үлдээе, нийгэмд эерэг нөлөөг авч ирье гэдэг бол шал өөр ойлголт.

-Таныг чинь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хүн гэдэг билүү?
-Үгүй, биш. Охинтой нь холбоотой байсан үе бий. Гэрлээгүй, хамт амьдарч байсан. Одоо бол тус тусын амьдралаа хөөж л яваа хүмүүс.
-Гэхдээ нарийн ярих юм бол худ, ураг, хүргэн, бэр гээд танай намд цус ойртолт их байдаг шүү дээ?
-Байна. Гол нь зарчмаа л бариад явах хэрэгтэй. Хэн байх нь хамаагүй, гол нь стандартдаа, зарчимдаа нийцэж байвал болно. Болохгүй бол халдаг, хасдаг шүү дээ.
-Багийнхаа талаар ярьж байгаад жаахан хазайчихлаа тийм ээ?
-Бидний зорилго үе, үеийн төлөөллийг хангадаг институийг бүтээх. Яг таны ярьж байгаагийн эсрэг талд. Яг наад шүүмжлэлийг чинь дарах, өөрчлөх бодлого л барьж, ажиллаж байна даа.
Жишээ нь, 1990-ээд оны үед мөнгөтэй болохын төлөө явдаг байлаа. 2010 оноос хойш арай илүү боловсрол, гадныхныг шүтсэн байдалтай байлаа. Одоо манай үеийнхний ихэнх нь гадаад дотоодод сургууль төгссөн байна. Илүү боловсролтой болсон байна. Олон зүйлийг харьцуулж үзэх боломжтой болсон байна. Харьцуулах юмтай болчихсон хүмүүс хэт барууныг шүтдэггүй. Мэдээж үндэсний үнэт зүйл дээр тулгуурласан олон улсад нийцсэн боловсролтой залуус гарч ирж байна гэж ойлгоход болно. Үндэсний ондоошил гэдэг зүйлээ харуулж, дундын үнэ цэнээ хар л гэж байгаа юм. Үндсэндээ хандлага өөрчлөгдөж байж нийгэм сайжирна. Ёс зүйтэй байж нийгэм сайжрах гээд байна шүү дээ. Ийм л үе байна.
-Яг одоо бол шинэ эргэлтийн үе дээрээ ирчихсэн байна гэж хараад байна?
-Тийм. Тийм ч учраас итгэл үнэмшил, урам зоригтой байна. Манай үеийнхэн зүгээр явцуу эрх ашгийн төлөө, өдөр шөнөгүй ажилла гэвэл үгүй гэж хэлж чадах дархлаатай болсон. Өөр өөрсдийнхөө салбарт ажил төрлөө хийгээд амьдрал ахуйгаа аваад явчих боломжтой үе гараад ирчихсэн гэж ойлгож байна. Тиймээс жижигхэн улстөрд барьцаалагдаад байх шаардлагагүй. Харин том зорилгын төлөө бол багаараа нэгдэж чадна.
-Ах нарын чинь зүгээс хавчих, дарамтлах хандлага гарах магадлалтай юу?
-Магадлал бол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ одоогийн намын удирдлагууд үүнийг өөрчлөхийн төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа. Улс төрийн эр зориг гаргаж байгаа. 30 жил явчихсан зүйлийг өөрчлөх амаргүй шүү дээ. Үндсэндээ энэ, тэрний франк гэдэг хандлага алга болж байна. Шатлан дэвших хэлбэрээр чадалтай, боловсролтой хүнд боломж олгоё гэж байна.
-Одоохондоо харагдахгүй байна л даа?
-Харагдана аа. Эхлээд дотроо сайн ярилцаж байж гадагшаа тэсрэх ёстой шүү дээ. Залууст өөрсдийгөө хөгжүүлэхгүй л бол хэн ч биш болох юм байна гэдэг хандлага битүү явж байгаа. Сая Засагт гадаадад төгссөн олон залуусыг шууд хариуцлагатай ажилд тавьж үзлээ шүү дээ. Энэ өөрөө боловсролтой болохгүй бол бидний орон зай илүү хавчигдмал болох нь гэдэг ойлголтыг өгч байна. “Цүнх бариад” нэмэргүй гэдгийг ойлгуулж байна.
-НАМЗХ бол МАН-ын залуу халааг бэлтгэдэг байгууллага гэгддэг. Эргээд харахад У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун Эрдэнэ, Д.Амарбаясгалан гээд танай холбооны удирдлагууд байсан хүмүүс өдгөөгийн УИХ, Засгийн газар гээд бүх эрх мэдлийн тэргүүнд гарч ирдэг юм байна. Үе, үеийн холбооны удирдлагуудтай та мэдээж ойр дотно харилцаатай л байсан байж таараа. Хэнийг нь онцгойлж хардаг вэ?
-НАМЗХ-ны түүх өөр, өөрийн үеэрээ онцлог, 25 жилийн түүхийг туршид өөрсдийн бодит түүхээ бүтээсэн байдаг. Хамгийн анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүх даргын багийнхэн энэ байгууллагыг үүсгэн бий болгож, залуучуудын байгууллага болон улстөрд оролцох оролцооны суурийг тавьж, үндэслэн байгуулсан. Г.Занданшатар даргын үед 21 аймаг, есөн дүүрэгт салбартай болгож, хөгжүүлсэн. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Ж.Мөнхбат нарын үед НАМЗХ шилжилт хийж, өнгө төрх үзэл санааны хувьд шинэчлэгдэж, орчин үетэйгээ хөл нийлүүлсэн гээд.
-Нууц биш бол аав, ээж чинь ямар мэргэжилтэй вэ?
-Манай аав эдийн засагч мэргэжилтэй. Тэтгэвэртээ гарчихсан. Ээж маань орос хэлний багш.
-Гадаадад сурах боломжийг яаж олж авав?
-Би 2015 онд тэнцээд Австралид суралцсан. Жирийн л айлын хүүхэд юм чинь сургалтын төлбөрөө төлөх ёстой, ахуйн хэрэглээгээ хангах ёстой. Ёстой ямар ч ажлыг голохгүй хийдэг байлаа шүү дээ.
-Харин, би таныг үе дамжсан баян, сэхээтэн хүн үү л гэж асуух гээд л…?
-Үгүй ээ. Бусдын л адил, жирийн л айлын хүүхэд. Би чинь хар багаасаа ажил хийж ирсэн. Нарантуул зах дээр тэрэг түрдэг байлаа. Хаа байсан Тариалан суманд замын гуанзанд очиж зөөгч хийдэг байлаа. Өөрийнхөөрөө л амьдралаа босгож яваа залуусын нэг. Цайны газар ажиллуулж, эхнийхээ машиныг авч байлаа. Энэ бол америк мөрөөдөл биш, өөрөө, өөрийнхөө хөдөлмөрөөр амьдралаа бүтээж босгож болдог монгол мөрөөдөл шүү дээ.

-Одоо хувьдаа бизнестэй юу?
-Аан, Пүүзний бизнес явж байгаа, байгаа. Гэхдээ би өөрөө нам, нийгмийн ажилдаа илүү анхаарал хандуулаад байгаа юм.
-Австралид DJ хийдэг байсан гэл үү? Бас янз цуглуулдаг бололтой.
-Залуудаа юм, юм сонирхоно, сонирхоно. Одоо ч найз нөхдийн төрсөн өдрөөр ч юм уу DJ хийдэг. Тэгэхдээ энд хувийн сонирхол ярих дэмий байх аа.
-Өрөөний чинь байр байдлаас ч таны сонирхол маш өргөн харагдаж байна. Зөвхөн таны сонирхол гэхээсээ гадна та өөрийнхий үеийнхний сонирхлыг төлөөлөх бодит дүр гэдэг талаас нь харах гээд л ?
-Аль болох олон төрлийн хүмүүстэй уулзахыг хүсэж байна. Тэгж байж тал талын мэдрэмжийг мэдэрч нэгдсэн бодлоготой ажиллах боломжтой болно шүү дээ.
-Үе, үеийнхний ялгаатанд хэр их мэдрэгдэж байна?
-Асар их шүү дээ.
-Тэрийг яаж дүүргэх ёстой юм бэ?
-Том бодлогын хувьд ярихад МАН 30 дугаар их хурлаа саяхан хийсэн. Өмнө нь хурлаа хийнгүүт хэн дарга болох бол, сонгуульд яаж бэлдэх бол, тэмцэх бол гэж хардаг байсан. Гэтэл 30 дугаар их хурлаар дандаа бодлого ярилаа. Социал димократ үзэлтэй гэдгээ тодотголоо. Шинэ сэргэлийн зургаан бодлогоо баталлаа. Энэ нь өөрөө тэгш боломж, эрхийг л олгох асуудал.
-Таны мөрөөдөл…?
-Миний мөрөөдөл Үндсэн хуулиндаа тунхагласан. хүмүүнлэг, ардчилсан нийгмийг бүтээх. Нэгэнт цаг заваа зарцуулж байгаа хүний хувьд үр дүн гаргачих юмсан гэж чин зориг байна. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг шүү дээ. Энэ үеийнхэн ийм зүйл хийсэн шүү гэж дүү нар, хүүхэд маань ярих зүйлийг бүтээхсэн гэж хүсдэг.
-20 жилийн өмнө нь ч гэсэн ах нар ингэж мөрөөдөж байсан л байх?
-Тийм л байх. Гэхдээ цаг үе нь өөр байсан, одоо бол цаг үе нь болсон гэж бодож байна. Би дээр хэлсэн хэлсэн, ёсзүйгүй, амиа бодсон хүмүүс улс төрийн ертөнцөд алхах хугацаа үлдээгүй л гэж харж байна.
-Таны айдас ….
-Яг одоо намайг нийслэлд намайг гараад ирлээ \Тухайн үед НИТХ-ийн төлөөлөгчөөр сонгогдоод байсан\. Залуу хүн дэмжлээ гээд юу ч өөрчилдөггүй, хийдэггүй юм байна гэж хэлүүлэхвий гэж санаа зовж ажилладаг.
2022 оны IVсар
А.Алтантуяа


Сэтгэгдэл байхгүй байна