
Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд хэд хэдэн чухал үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал, зургаадугаар сарын дүнгээр дэлхийн хөрөнгийн зах зээлийн гол гол индексүүд өссөн, Израил-Ливаны хооронд болж буй дайныг зогсоох эхлэл тавигдсан, Европ тивийг нөмөрсөн хэт халалт намжсан, АНУ, Мексик, Канадад үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-д тоглох багууд тодорсон зэргийг дурдаж болно. Ингээд энэ оны 28 дахь долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Газар хөдлөлтийн улмаас 2300 орчим хүн амиа алджээ
Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллийг үзвэл, Венесуэлд зургадугаар сарын 24-нд болсон хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 2295 болж өссөн бөгөөд барилгуудын нурангин дороос олон тооны цогцсыг гарган авсаар байгаа тул энэ тоо нэмэгдэх төлөвтэй байна. Түүнчлэн 11 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн ба зарим эмнэлгийн барилгууд нурсны улмаас тус улсын эрүүл мэндийн салбар хүнд байдалд орсон тухай ДЭМБ мэдэгдэв. Америкийн 900 гаруй цэргийн албан хаагч эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байна. Венесуэлийн түр ерөнхийлөгч Делси Родригес энэхүү газар хөдлөлтийг “тус улсын түүхэн дэх хамгийн их сүйтгэл учруулсан байгалийн гамшиг" хэмээн тодорхойлжээ.

Израил, Ливаны хооронд эвлэрэл тогтоожээ
Израил, Ливаны талууд сүүлийн 43 жилийн хугацаанд анх удаагаа албан ёсны дипломат хэлэлцээрт гарын үсэг зурснаар удаан хугацаанд энх тайвныг тогтоох эхлэлийг тавилаа. Хэлэлцээрийн дагуу Ливаны засгийн газар тус улсад байрлаж буй Хезболлах бүлэглэлийн зэвсгийг хураах үүргийг хүлээжээ. Мөн тус бүлэглэлийг бүрмөсөн татан буулгах хүртэлх хугацаанд Израилын цэргүүд Ливаны өмнөд нутгаас аажмаар гарах юм.
Өмнөд африкчууд хууль бус цагаачлалыг эсэргүүцэж байна
Цагаачдын эсрэг томоохон жагсаал болох үеэр Өмнөд Африкийн БНУ-ын цагдаа нар 900 гаруй хүнийг баривчилжээ. Мөн Йоханнесбург хотод гадаадын иргэдийн эзэмшлийн дэлгүүрүүд рүү жагсагчид дайрах үеэр нэг хүн буудуулж амиа алдсан байна. Энэхүү хэрэг явдал гадаадын иргэдийн эсрэг хэдэн сарын турш үргэлжилж буй жагсаал цуглааны явцад болсон бөгөөд жагсагчдын зүгээс хууль бус цагаачдыг тус улсаас хөөн гаргах “эцсийн хугацаа”-г тогтоож, эрх баригчдад шаардлагаа хүргүүлжээ. Олон хотод дэлгүүр, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа зогссон байна.

Дроны үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлнэ
Өмнөд Солонгос улс нисгэгчгүй онгоц үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, зөвхөн энэ онд гэхэд 11 мянга орчим тооны дрон үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Дроны болон дроны дайралтаас хамгаалах цэргийн анги салбаруудад 500 мянга орчим дрон ажиллах бөгөөд Умард Солонгостой залгаа хилийн дагуу хэдэн арван мянган системийг байрлуулна. Дронууд өдгөө байлдааны түгээмэл хэрэгсэл болсон гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд мэдэгдлээ.
Шинэ Каледонид сонгууль боллоо
Номхон далайд орших Шинэ Каледони арал дээр амьдардаг франц иргэдийн санал өгөх эрхийг өргөжүүлэх тухай шийдвэрийг эсэргүүцэн 2024 онд дэгдсэн үймээн самуунаас хойш анх удаагаа тус аралд сонгууль боллоо. Тусгаар тогтнолын төлөөх намууд Ассамблейн нийт 54 суудлаас 26 суудал, одоогийн дэглэмийг дэмжигч намууд 24 суудал авсан бол эвсэлд нэгдээгүй төвч үзэлтнүүдэд 4 суудал ногджээ.
Европод +41.7 хэм хүрч халжээ
Европ тивийг нөмөрсөн бүгчим халуун уур амьсгал намжсан хэдий ч зарим газарт урьд үзэгдээгүйгээр их халжээ. Польштой залгаа хилээс холгүй орших Германы Кошен хотод цельсийн +41.7 хэмд хүрч халсан бол Польшийн Слубице хотод агаарын хэм +40.5-д хүрсэн байна. Чехийн нийслэл Прага хотоос хойд зүгт орших Доксаны тосгонд +41.1 хэм хүрч халсныг бүртгэн авчээ.

Голлох индексүүд өсжээ
Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн дэгдэж, зарим үед хувьцааны ханш огцом хэлбэлзэж байсан хэдий ч дэлхийн хөрөнгийн зах зээлийн индексүүд энэ улиралд сүүлийн зургаан жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлттэй байлаа. S&P 500 индекс дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд 15 хувиар, NASDAQ Composite 21 хувиар, Европын STOXX 600 индекс 10 хувиар тус тус өссөн байна. Японы Nikkei 225 индекс 37 хувиар өссөн нь сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн Өмнөд Солонгосын KOSPI индекс 68 хувиар өссөн байна. Харин Apple, Meta, Nvidia зэрэг технологийн аварга том компаниудын хувьцааны ханш зургадугаар сард унажээ. Microsoft-ын хувьцаа 17 хувиар буурсан нь 2000 оны 12 дугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт байлаа.

Доллартой харьцах иений ханш 40 жилийн хугацаанд анх удаагаа 1:162 болсноор Японы санхүүгийн салбарын удирдлагын зүгээс валютын ханшийг тогтоон барихын тулд тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ ханш нэмэгдэж буйгаас үүдэлтэй инфляцийн дарамтыг хязгаарлах нь Японы хувьд хүнд хэцүү зорилт байх болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа юм.
Чөлөөт худалдааны гэрээг сунгахаас АНУ татгалзжээ
АНУ, Канад, Мексикийн хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг (USMCA) Трампын засаг захиргаа шинэчлэхээс татгалзсаны дараа уг хэлэлцээрийн цаашдын ирээдүй зарим талаар эргэлзээтэй болжээ. АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Грир хэлэхдээ, USMCA-ийн "дутагдалтай талууд"-ыг засахын тулд Канад, Мексиктэй хэлэлцээ хийнэ гэж мэдэгдлээ.

Фольксваген 100 мянган ажилчнаа цомхотгоно
Volkswagen компани дэлхий даяар 100 мянган ажилтан буюу ажиллах хүчнийхээ 6 орчим хувийг цомхотгож, Герман дахь дөрвөн үйлдвэрээ хаахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл цацагджээ. Автомашин үйлдвэрлэгч тус компани 2030 он гэхэд нийт 50 мянган ажлын байрыг цомхотгохоор төлөвлөснийг томоохон үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцэж байгаа бөгөөд компанийн удирдлагын зүгээс нэмэлт цомхотгол хийх талаар ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллагуудад мэдэгдээгүй байна. Цахилгаан автомашинд шилжих үйл явцад дасан зохицохыг Фольксваген хичээж буй энэ үед түүний Хятад дахь борлуулалт буурсаар байна. Европын Холбооны орнуудад үйлдвэрлэсэн автомашинд тогтоосон Трампын татвар, Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн нь компанийн ашигт сөргөөр нөлөөлжээ.
Энэ улиралд 1.1 тэрбум долларын ашигтай ажилласан тухайгаа Nike компани мэдэгдлээ. Энэ нь засгийн газраас олгосон 986 сая долларын татварын буцаалттай холбоотой юм. Пүүзний борлуулалт Америкт өссөн боловч Европ, Хятадад өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар буурсан байна. Нийт 11 тэрбум долларын борлуулалт хийсэн нь тус компанийн хувьд 2022 оноос хойших хамгийн доогуур үзүүлэлт бөгөөд хувьцааны ханш нь энэ онд 30 хувиар унажээ.
Ирэх долоо хоногт болох үйл явдлууд:
7 дугаар сарын 6 Далайн ламын мэндэлсэн өдөр
- Мөн энэ өдрийг Дэлхийн үнсэлтийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Ийнхүү тэмдэглэхийг Их Британи улсад анх санаачилсан бөгөөд хайр сэтгэл, энхрийллийг илэрхийлэх, үнсэлтийн эрүүл мэндэд үзүүлэх ач тусыг олон нийтэд таниулах зорилготой юм
7 дугаар сарын 6-12 Лондон хотноо мэргэжлийн теннисчдийн Уимблдоны тэмцээн явагдана
7 дугаар сарын 7-8 НАТО-гийн гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт Туркийн Анкара хотод болно
7 дугаар сарын 7 Энэ өдрийг дэлхий нийтээрээ уучлалын өдөр (Global Forgiveness Day) болгон тэмдэглэдэг. Ийнхүү тэмдэглэхийг 1994 онд Канадад анх санаачилсан бөгөөд гомдол, уур бухимдлаа тайлж, өөрийгөө болон бусдыг уучлах замаар сэтгэл зүйн эрүүл мэнд, эв эеийг бэхжүүлэхийг хүмүүст уриалдаг.
- ЮНЕСКО-гоос энэ өдрийг Дэлхийн суахили хэлний өдөр болгон зарлажээ. Африкийн Холбооны албан ёсны хэл болох уг хэлээр Зүүн ба Төв Африкийн 200 сая гаруй хүн ярьдаг байна.
7 дугаар сарын 8 Харшилтай тэмцэх дэлхийн өдөр
7 дугаар сарын 6-12 Хөл бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтууд явагдаж дуусах ба шөвгийн 8-ын тоглолтууд 10-ны өдөр эхэлнэ
7 дугаар сарын 11 Дэлхийн хүн амын өдөр
7 дугаар сарын 11-13 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцээд, жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг Дэлхийн адууны өдөр болгон тэмдэглэж байх тухай шийдвэрийг баталсан байна


Сэтгэгдэл байхгүй байна