Сайн зүйлийг сайн гэж хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг бол нэг төрлийн эмгэг шүү.
Оюутолгойн эрдэс баялаг, эрсдлийг үнэлээд зээлийг өгсөн олон улсын 15 банк зээл өгсөн. Тэр бол байдаг л эргэлтийн хөрөнгийн санхүүжилт, нийт дүн нь дөрвөн тэрбум ам.доллар, хүү нь 8 хувь. Харин толгой компани “Рио Тинто”-оос охин компани Оюутолгой төсөлдөө өгсөн зээл буюу Хувь нийлүүлэгчийн зээлийн өнөөдрийн үлдэгдэл 10.4 хувьтай болчихоод байсан. Эрэмбээрээ хамгийн түрүүнд буцааж төлөх зээл нь 15 банкны зээл шүү дээ. Гэтэл “Рио Тинто” бүх эрсдлийг хаагаад хамгийн сүүлд төлөх байсан зээлийг “хамгийн баталгаагүй зээл” гэж үзээд эхэнд нь авчихсан. Өнөөх “10 тэрбум ам.долларын зээл аваад 6 тэрбумыг нь /5 тэрбум нь хүүнд/ төлөөд байхад өнөөдөр 11 тэрбум ам.долларын өртэй байна, өөр газраас зээлсэн бол... “ гээд О.Батнайрамдал гишүүнийг “уйлуулаад” байсан зээл чинь энэ шүү дээ. Үүний хүүг 50 хувь буурууллаа. Сайн үйл явдал, амжилт биш юм уу?
Менежментийн төлбөр гэгч гурван давхар төлбөрөөс 2-ыг нь тэглэсэн
Ингээд хоёр хэлэлцээрийн үр дүнд нийт дүнгээрээ 30 их наяд төгрөгөөр хэмжигдэх зардлыг буурууллаа. Эхнийх нь менежментийн төлбөр гэж гурван давхар төлбөр төлдөг байлаа. 1. Үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардал 6% гэж гэрээнд заасан байдаг. Гэрээнээс гадна үүн дээр төслийн санхүүжилтийн хүү, шимтгэлээс дахиад 6% ногдуулж, мөн давхар Рио Тинто-ийн үйлчилгээний төлбөр гэж жилд 27-30 сая ам.доллар, нийтдээ 10% хүрдэг байсан. Үүнийг олон улсын зөвлөх үйлчилгээний “Анкура” компанийг хөлсөлж авснаар “Менежментийн үйлчилгээний тайланд медиан 3%, арифметик дунджаар 4.4 % байх боломжтой гэдэг зөвлөгөө өгсөн. Ингээд хэлэлцээрийн дүнд гэрээнд заачихсан үндсэн менежментийн төлбөр 6% байсныг 3.95% болгосон. Нэмэлт 6% болон Рио Тинтогийн үйлчилгээний төлбөр гэж авдаг байсан 27-30 сая ам.долларын төлбөрийг тэглээд, бүрэн зогсоосон. Ийнхүү 2.2 тэрбум ам.долларын зардлыг хэмнэж, мөнгөн дүнгээрээ зээлийн хүүг яг 50% бууруулж чадсан.
Суурь хүү SOFR ба ногдол ашгийн талаар тодруулахад:
Ногдол ашгийн хувьд 2026 оноос эхлээд хэдийг авах вэ, өнгөрсөн хугацаанд алдсан ашигт ажиллагаанаас хэдийг нь цаашид ирэх мөнгөн урсгалаасаа төлөх вэ гэхчлэн олон асуултын хариуг хэлэлцээрийн хүрээнд УИХ-ын намрын чуулган эхлээс өмнө шийднэ гэв. Суурь хүү буюу SOFR нь АНУ-ын бодлогын хүүгээс хамаардаг. Ковидын үеэр 3.9% буулгаснаас болж инфляц нь өсөж, түүнээс шалтгаалан бодлогын хүүгээ өсгөөд байтал дараа дараагийн улс төрийн нөхцөл байдлаас болж өнөөг хүртэл бууруулахгүй байгааг бид харж байна. Ойрх Дорнодын нөхцөл байдал намжвал бодлогын хүү нь буурах боломжтой гэж үзэж байгаа аж.
Онтре-ийн гэрээ “Орано майнинг”-ийн загвар руу дөхнө
Онтре-тэй хэлэлцээр хийх ажлын хэсгийг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням сайд ахалж ажиллаж буй. Хэлэлцээрийн дүнд энэ талаар Монголын Засгийн газар ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй гэж бараг л “тангараглаад” байна. Энэ төслийг явуулахыг хүсвэл заавал хэлэлцээр хийх ёстой. Хэлэлцээрийн нөхцөл ямар байхыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т зааснаар байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хэсэг Монголын ард иргэдэд хүртээнэ гэдэг зарчмыг баримтална. Үүний дагуу (50+1)-ээс дээш хувьтай өгөөжийг авчрах хэлэлцээ хийж УИХ-д болон олон нийтэд нээлттэй танилцуулсны дараа батлуулах хуультай. Нуух, хуйвалдах, амлалт авах, өгөх ямар ч шаардлагагүй, боломжгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэв. “Рио Тинто” болон “Онтре” хоёр хоорондоо 80:20 зарчмаар хоорондоо тохиролцсон гэдэг. Монгол Улсын газар нутаг дээр баялгийг монголчуудаас зөвшөөрөл авахгүйгээр хуваахыг Монгол Улсын Засгийн газар зөвшөөрөхгүй. Үүнийгээ дээрх хоёр талд хэлчихсэн. Шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байх болно. Шинэ гэрээний нөхцлийг АМНАТ-д суурилсан хувилбараар ч, хувь эзэмших байдлаар ч тооцож үзнэ. Одоогоор Монгол Улсад жишиг болсон гэрээ нь УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан чиглэлийн дагуу, БНФУ-ын “Орано майнинг”-тай хийсэн гэрээ байна. Энэ бол Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу АМНАТ-өөр орлуулсан гэрээ бөгөөд хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож буй.
Цаашид юу хийх вэ? Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулна. Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” хоёр дээрх зарчмын тохиролцоонд хүрсний дагуу хуучнаар “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой”-г мэдэлдээ авсан “Чингис хаан үндэсний баялгийн сан” ХХК-ийн удирдлагуудтай гэрээгээ өөрчлөхөөр хэлэлцээрийн ширээний ард суух юм. Түүнийг Засгийн газар, УИХ танилцаж шийднэ.
Нийтлэлч У.Оргилмаа


Сэтгэгдэл байхгүй байна